8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзэнд яллах дүгнэлт үйлджээ

2016-05-29 13:32:00

Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Цээлийн задгай гэх газар амьдардаг хүү хашааныхаа гадна ганцаараа тоглож байхад нь хажуугийнх нь айлын дундад ази үүлдрийн нохой хашаа даван орж ирж дайран хүзүү, мөр, гэдэснийх нь зүүн хэсэг, гуяыг нь хазаж, ноцтой гэмтэл учруулж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм.Хүүг ноцож урсан нохой нь тус хороонд оршин суух 44 настай Э-гийнх байсан бөгөөд тухайн өдөр тэрбээр гэртээ байгаагүй, нохой нь уяагүй, сул чөлөөтэй байсан гэдэг. Тиймээс тухайн нохойны эзэн Э нь эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон билээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар нохойн эзэн Э-д яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь ирэх долоо хоногт шүүх рүү шилжүүлэхээр болжээ.

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгавал хариуцлага хүлээлгэх заалт бий. 201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Мөн 201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл