Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхаж байх үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдорметын “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” хэмээх асуулт тавьсан байна. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээх мэдээлэл гарсан. Н.Энхбаяр даргын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа учраас, сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээх шийдвэрийг хуулийн байгууллага гаргаад байсан. Энэ хариуг сонссон Н.Энхбаяр дарга намын хэсэг нөхдийн хамт өлсгөлөн зарлах тухай мэдээлэл ч мөн өнгөрсөн баасан гаригт гарсан.
УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар “Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа. Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна" гэж хариулжээ.