8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг юу болов!

2015-11-30 11:36:00

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны уугуул ирвэс хамгаалагч, биологич  Т. Лхагвасүмбэрэл харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийг эргэн сануулахад талийгаач “Машинаа гараждаа тавьчихаад ороод ирье” хэмээн нийслэлд байдаг гэрээсээ гараад сураггүй алга болсон. Улмаар залууг зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж амиа алдсан байдалтай олсон юм. Ирвэс хамгаалагч, биологич  Т.Лхагвасүмбэрэлын хэргийг албаныхан шалгаж байгаа. 

Ирвэс хамгаалагч, биологич  Т.Лхагвасүмбэрэл гэж хэн бэ?

Талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь 1988 онд төрсөн, 27-хон настай. Тэрбээр  Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэж улмаар МУИС-ийн Биологийн ангид элсэн оржээ. 2010 онд их сургуулиа төгсөж “Ирвэс” хамгаалах санд ажилд орсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.

Тэрбээр нас барахаасаа өмнөө өөрийн зорилгоо нэгэн хэвлэлд "Тостын нурууг улсын тусгай хамгаа­лалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж  үлдэ­хийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна" хэмээн ярьж байжээ. 

"Хүүг минь хөнөөсөн гэдэгт бат итгэлтэй байгаа"

Түүнийг ар гэрийнхэн нь гадны нөлөөтэй нас барсан гэсэн хардлага байгаа бол цагдаагийн байгууллагаас амиа хорлосон байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт хийгээд буй билээ. Энэ талаар талийгаачийн аав Ж.Төмөрсүх “Би хүүг минь хөнөөсөн гэдэгт бат итгэлтэй байгаа. Харин хэн, яах гэж, ямар учраас хөнөөснийг шалгаж тогтоодог байгууллага нь олж илрүүлэх байх. Хулгайн хууль бус анчид, үнэт чулууны эрэл хайгуулчид, уул уурхайн компаниуд, тэр байтугай орон нутгийн удирдлага, хууль хүчний байгууллагуудыг ч би энэ хэрэгт холбоотой байж болно гэж хардаж байгаа. Тийм сэжим таамаг бүрийг үлдээлгүй шалгаасай. Өдий хүртэл олдохгүй байгааг бодоход саад тотгор учирч байна л гэсэн үг. Түүнээс биш манай цагдаа, хүчнийхэн хэрэг илрүүлэхээ хүрвэл маш шуурхай, хурдан шүү дээ.

Өмнө нь удаа дараа халдлагад өртөөд байна гээд байхад юу ч хийгээгүй. Сэжиг бүхий ийм ийм бүлэглэл байна, ингэж дарамтлаад байна. Тэр ч бүү хэл, хутгалуулчихаад байхад ч цагдаагийн байгууллага хөдлөөгүй, цаад этгээдийг нь олохын төлөө ажиллаагүй.

Манай хүү өмнө нь гурван удаа халдлага, дарамтанд орж байсан. Дөрөв дэх удаагийнх нь түүний аминд хүрлээ” хэмээн ярьжээ.

УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Саус гоби коэл транс” компани  2042 он хүртэл ашиглалт явуулах эрхтэй

Ийнхүү талийгаачийг Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд лицензтэй компаниудын дарамтаас болж, бусдын гарт амиа алдсан хэмээн сэжиглэж байгаа аж. Учир нь Тосон бумбын ууланд байдаг ховор ан амьтан болон ирвэс хамгаалах, судлах ажлыг талийгаач  хийдэг байжээ. Нутгийн иргэд Ирвэс хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд хуулийн байгууллагад лицензийг цуцлах талаар хөөцөлдөж 22 зөвшөөрлөөс 18 болгосон байна.

Уг зөвшөөрөлтэй компаниудын дунд УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Саус гоби коэл транс” компани байдаг аж.

Уг компани нь өнгөрсөн 2012 оны 05 сарын -18-нд Ашигт малтмалын газраас Тосон бумбын ууланд ашиглалт явуулах тусгай зөвшөөрөл авчээ.  Ингэхдээ 2042 он хүртэл ашиглалт явуулах эрхтэй аж. Нутгийн иргэд Ирвэс хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд хуулийн байгууллагад лицензийг цуцлах талаар хөөцөлдсны эцэст 22 зөвшөөрлөөс 18 болгосон байна. 

 

УИХ-ын өргөдлийн байнгын хороо хайхрамжгүй хандсан уу?

Дээрхи газрыг төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулахаар 2012 оноос хойш тасралтгүй хөөцөлдсөн боловч уг асуудал УИХ, Засгийн газарт ирээд л шийдэгдэхгүй байсаар өдий хүрчээ.Өнгөрсөн сард нутгийн удирдлагууд өргөдлийн байнгых хорооны дарга О.Баасанхүүтэй уулзахаар ирсэн боловч чуулгантай завгүй гэсэн шалтгаанаар уулзаагүй аж. Харин өөрийгөө төлөөлүүлж, өөр хүнийг тэдэнтэй уулзуулжээ.Ийн уг асуудал шийдвэрлэх шатандаа шийдэгдэж чадахгүй байгаа аж. 

Амиа алдахын өмнө халдлагад өртөж байжээ

Амиа алдахын өмнө талийгаач залуу гурван удаа халдлагад өртөж гэмтэж байсан ар гэрийнхэн нь дуулгаад байгаа. Тодруулбал гурав дахь удаагаа 2015 оны 4 сарын 30-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Хүрэн даваа гэдэг газар судалгааны ажилтай  мотоцикльтой ажлаар явж байхад нүүрэндээ маск халхавч өмссөн үл таних хоёр хүн замын хажуу хадны араас гэнэт гарч ирээд шууд нэг нь цохиж, нөгөө нь хэвлийн тус газар нь гурван удаа хутгалан  хүнд гэмтэл учируулан амь насанд нь ноцтойгоор  аюул занал учруулсан.

Хутгалуулаад 3 цаг орчим 30  км яваад байдаг отог дээрээ очиж  хүн  эмнэлэг, Өмнөговийн Гурвантэс сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн аж.

Улмаар хот руу яаралтай онгоцоор очиж, Цэргийн госпитальд дотуур цус алдалттай очиж хагалгаанд орж, бие нь арайхийж сайжирсан аж. Улмаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаад мэдэгдсэн боловч талийгаач  хот руу явчихсан байсан учир  хэргийн газарт очсон цагдаа нар ул мөр байгаагүй гэдэг дүгнэлт гаргасан аж.

Мөн 2015 оны эхээр Улаанбаатар хотод ирж ажиллаж байхдаа 2015 оны нэгдүгээр сарын 5- ны орой 7 цагийн орчимд  ажлаасаа гараад  гэр лүүгээ харьж явах замдаа 5-р сургуулийн баруун урд орчимд   хар машинтай  үл таних  хүмүүс бууж ирээд “Хөөе сайн уу”  гээд харах завдалгүй шууд  хүчээр барин  машинд суулгаж оруулахад жолоочийн араар хар хаалт хаагддаг тоноглогдсон машин  байсан гэдэг. Ингээд  30 орчим км зайтай үл мэдэгдэх газар аваачиж дарамталсан байдаг.

Тэдгээр хүмүүс “Чи хөдөө байхдаа их олон юм ярьдаг  бацаан гэл үү, Хөдөө ч, Улаанбаатарт чи тэгж чадахгүй шүү. Хуулийнхан бидний талд” гэх мэтээр хэл үгээр дарамт, сүрдүүлэг үзүүлж заналхийлж байжээ.

 “Ирвэс хамгаалах сан”-гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандсан ч хохирол байхгүй хэмээн хэргийг хаасан аж. Монгол Улсын иргэн гурван удаа халдлагад өртөж байхад төр яагаад хайхраагүй юм бэ. Хэрвээ цагдаагийн байгууллага халдлага гарсан тухайн үед нь уг хэргийг анхааралд авч ажилласан бол өдгөө талийгаач ийм байдалд хүрэх байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Хэрэгт улстөрчид олон улсын эрдэмтэд анхаарал хандуулж байна

Уг харамсалтай хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нар анхаарал хандуулаад байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  ЦЕГ-ын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай хэргийн үнэн мөнийг олохыг хүссэн байна. Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлын үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүссэн байна. Тодруулбал олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлийн 29 судлаач, ажилтнууд манай улсын эрх баригчдад гарын үсэг бүхий захидал илгээж, талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж цаашид Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргийг залгуулахыг хүссэн байна. Уг захидалд гарын үсэг зурсан профессор, эрдэмтдийн дунд Невада, Пенсильвани, Нью Мехико, Рютгерсийн их сургууль, Дрекселийн нэрэмжит шинжлэх ухаан байгалийн академи, Баруун Виржиниа, Уэйн Стэйтийн Коллеж зэрэг нэр хүндтэй их сургууль, байгаль судлалын академийн ажилтан алба хаагчид гарын үсгээ зуржээ. Талийгаачийн ажиллаж байсан "Ирвэс хамгаалах сан"-гийнхан уг хэргийн үнэ мөнийг олохын тулд хувийн мөрдөгч хөлсөлхөөр шийдсэн аж. 

Хэргийн мэдээллийг 10 сая төгрөгөөр худалдаж авна

Тэгвэл уг хэргийн талаархи мэдээллийг "Гацуурт"-ын Л.Чинбат анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудасаараа дамжуулан "Талийгаач залуугийн амиа алдсан талаарх мэдээллийг өөрийн зүгээс 10 сая төгрөгөөр худалдан авна" хэмээн бичжээ. Талийгаач ирэх  нэгдүгээр  сард Англи улсад сурахаар төлөвлөж байжээ.

Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл