Цэнхэр үст Э.Цэрэн Баянгол дүүрэгт буюу “С.Эрдэнийн тойрог”-т нэр дэвшиж байгаа дуучин М.Нарантуяад хандаж, асуулт тавьжээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Улс төрчдийн хийж буй пи ар аламуудыг би анзаараад л байна. Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшсэн нь олны анхаарал татаж бас ч үгүй ганц бие олон бүсгүйчүүд дэмжиж байгаа гэлцэх. УИХ-д биe даан нэр дэвших хүмүүс 100-500 сая төгрөгтэй байж гэмээнэ өрсөлдөхөөр байна. Харин Нарагийн хийж буй пи арыг нь хараад, олон майхан тавьсан байдал зэргийг ажиглахад хэн ард нь санхүүжүүлээд байнаа гэх асуулт өөрийн эрхгүй төрөх. Тодорхой ажил тогтмол орлогогүй байсан хүн гэж ойлгосон. Эсвэл би эндүүрч байна уу? С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын саналыг хуваахаар сөрөг нам нь тавьсан болов уу ч гэж хардах. Нарагаас санхүүжилтийн асуултыг асуучихвал яадаг бол?” гэсэн асуулт асуусан байна. Харин дуучин Нара уг асуултад хариулт өгсөн байна. Тэрбээр “Таны энэхүү асуултыг бас олон ч хүн асууж эргэлзэж, мэдэхийг хүсч байгаа болов уу. Мөнгөгүй, нэр хүнд рүүгээ ихээр халдуулдаг, дэмжлэггүй боловч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй их эмэгтэй хүн иргэнийхээ эрхээ хаа хүртэл эдэлж, хаана очиж зогсохыг олон хүн ажиглаж байгаа болов уу. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаанд 80.0 мянган төгрөгөөр хоёр өдрийн турш, дөрвөн асар түрээсэлсэн. Энэ зардал болон, богино зайнд эргэлт хийх шатахууны зардал болон багийнхний хоол ундны зардал нийт 1,500,000 төгрөг зарцуулагдсан. Хамгийн гол нь багт ажилласан хүмүүс бүгд сайн дурын хүмүүс байсан бөгөөд аав ээж ах дүү хамаатан садан бүр худ ургууд хүртэл тусалсанаас гадна сэтгэлээрээ дэмжиж олон оюутан залуус уг үйл ажиллагаанд ажилласан юмаа. Бидний эх оронд бүх зүйл мөнгөөр хэмжигдэхдээ тулаагүй, хүний хүч чадлын үнэ цэнэ зоосонд бууж өгөөгүй хэвээр гэдгийг мэдрэх хичнээн сайхан... Эцэст нь хэлэхэд зарим хүмүүсийн далай мэт цацаад байдаг мөнгө бол тэдний хувийн биш харин таны миний та бидний хөдөлмөрийн хөлс байдаг гэдгийг бодоход илүүдэхгүй болов уу” гэж хариулсан байна.
Нара: Гарын үсэг цуглуулахад нийт 1,500,000 төгрөг зарцуулсан
2016-06-02 13:54:00