8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн гэр хороолол дунд 0,5 км хатуу хучилттай замыг шинээр барив

2016-06-05 14:08:00

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагт байрлах Хаан банкны салбараас хойш гэр хороолол дунд 0,5 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж, албан ёсоор нээлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Б.Түвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, дүүргийн иргэд оролцов.  

Энэхүү замыг  “Анандын зам” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд 04 сарын 28-нд ажлаа эхлүүлж, 06 сарын 03-нд албан ёсоор хүлээлгэн өглөө. Тус зам нь 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойшоо 500 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн хоёр талаар 1.5 метрийн өргөн явган хүний замтай юм. Мөн замын зүүн талаар авто замын 26 ширхэг гэрэлтүүлгийг хийжээ. Энэхүү замыг байгуулахад иргэний үүргээ ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө өөрсдийн эзэмшлийн обьект, хашаагаа чөлөөлсөн 15 иргэн, 1 аж ахуйн нэгжид дүүргийн Засаг дарга талархал гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Яармаг орчимд дахин шинээр барих 4,5 км замтай энэхүү замыг холбочихвол Яармагийн шинэ орон сууцны хорооллыг тойрсон гол замын зангилаа болох юм. Гэтэл зарим айл газраа чөлөөлөөгүйгээс болж 4,5 км замын ажил эхлэхгүй байна. Айлууд үнэ тохирохгүй, тохирсон нэгэн нь заавал гар дээрээ бэлэн мөнгөө авч байж газраа чөлөөлнө гээд байгаа юм. Гэвч хууль, журмаараа бол газраа чөлөөлчихөөд мөнгөө авах ёстой. Энэ мэтчилэн асуудал тулгарч байгаа учраас шинэ зам тавих ажил удааширч байна. Иргэд үнэ тохироод газраа чөлөөлбөл замын ажлаа төвөггүйхэн эхэлнэ. Яармаг орчимд зам болон бусад дэд бүтцийн асуудлыг үндсэндээ шийдчихээд байна. Энэхүү замыг зүгээр ч нэг тавьчиж байгаа юм биш, хот байгуулалттай уялдуулж, гэр хорооллын хашааны газар дээр барих таун хаус, цогцолбор хорооллуудын сүлжээ зам болж байгаа юм шүү” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл