Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим нэр дэвшигчийг 2016 оны сонгуульд бүртгэхээс татгалзсан билээ. Н.Энхбаярын хувьд МАХН-аас УИХ-ын сонгуульд 75 дугаар тойрогт нэр дэвшихээр эртнээс төлөвлөсөн ч гэсэн ийнхүү бүтэлгүйтэж байна. Гэхдээ тэрбээр нэр дэвших боломжгүй ч гэсэн түүний эхнэр оронд дэвшихээр болсон байна. Н.Энхбаяр намын зарим нөхдийн хамт Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн ч хоосонгүй. Тодруулбал, Н.Энхбаярын оронд түүний эхнэр О.Цолмон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болсон сурагтай. Сүүлийн үед ах дүү, нэг айлын баз хүргэнүүд сүүлдээ эхнэр нөхрүүд хүртэл улс төрд нэр дэвшиж, УИХ-ын сэнтийд суух гэж улайрч эхэллээ.
Хэрэв экс хатагтай УИХ-ын сонгуульд нэр дэвших нь албан ёсоор тодорхой болвол АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас “Бишрэлт трейд” группийн захирал Б.Ундармаа, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-аас Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нартай өрсөлдөх юм байна. Н.Энхбаяр бол монголын улс төрийн нэг гол хүн. Өнөөгийн сөрөг хүчин МАН эрх барьж байх үед тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод амжсан. Гэхдээ түүнийг өнөөдөр хийж бүтээсэн гэдгээсээ илдүүтэй “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэр томъёо өнөөдрийг хүртэл овог мэт дагалдаж ирсэн. Тэрбээр нэг үе шоронд хоригдож, эх нутгаасаа хүртэл явж эмчилгээ хийлгэж байсан ч улс төр тэр дундаа шадар сайд хүртэл болохоор зүтгэсэн. МУ-ын улс төрд байж болох бүхий л албан тушаалыг хашсан тэрбээр өөрөө чадахгүй ч гэсэн эхнэрээ дэвшүүлэхээр болсон сурагтай. Өнгөрсөн нэгдүгээр сард Н.Энхбаяр даргын өнгөрсөн 2014 онд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд уг нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан гэх бичлэг цацагдаж нэлээд дуулиан дэгдээсэн. Тус бичлэгт .Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээсэн нь олон хүний гайхширлыг төрүүлээд авсан. Харин тэрбээр хэлсэн шигээ хор найруулахаар ийнхүү улс төрд орохоор шийдсэн үү.
Н.Энхбаярын гэргий О.Цолмон гэж хэн бэ?
Түүний эцгийн талын гурван үеийн намтар түүхийг Монголчууд андахгүй болсон байх. Цолмонгийн эцэг Онон, Ононгийн аав Цэнд, Цэндийн аав Гомбожав гэдэг хүн байсан гэдгийг хэвлэлүүд хангалттай цацсан. Мэдлэг мэргэжлийн тухайд Онон эмч, Цэнд улстөрч, Гомбожавыг мэргэн гүн хэмээн нэрийддэг байж.
Өдгөө О.Цолмон хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж байгаа ч нөхрийнхөө намын асуудалд “хошуу дүрдэг” гэх. Хэдийгээр улстөрөөс ангид байхыг хүсдэг гэх боловч түүний өсөж өндийсөн орчин, одоо байгаа нөхцөл нь хэзээ ч улстөрөөс ангижруулахгүй байгаа бололтой. Гэхдээ тэр Н.Энхбаяраас ч өмнө УИХ-д нэр дэвшиж байсан түүх бий. Харин Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайд болсны дараа Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр долоохон хоног ажиллаж байсан нэгэн гэдгийг Монголчууд мартаагүй. Хэн хаана нэр дэвшихийг харах л үлдсэн байна.