Аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Үндэсний соёл амралтын хүрээлэн байгууллаа. Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг тус аймгийн төвд сүндэрлэн боссон энэ бүтээн байгуулалт зургадугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор үүд хаалгаа нээжээ.
Өмнийн цэнхэр говь үлэг гүрвэлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд алдартай. Гэвч нутгийн ард иргэд соёлын үнэт өв болсон эдгээр үлэг гүрвэлийн моделийг музейд очихоос нааш харах боломжгүй. Олон зуун жилийн настай соёлын өвийг хадгалан, хамгаалах хуулийн дагуу эх өлгийд нь үлдээх нь дэндүү эрсдэлтэй.
Иймд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас иргэдийнхээ танин мэдэхүйн боловсрол, нутаг усаараа бахархан бахдах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх Соёлын амралтын хүрээлэнг 10 га талбайд байгуулжээ.