Энэ оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорч, нэр дэвшигчид өчигдөр батламжаа гардаж авсан билээ. Энэ жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс нэлээд өвөрмөц гэж хэлж болно. Өмнө нь улс төрийн түүхэнд болж байгаагүй сонгууль болохоор боллоо. Тодруулбал, дуучин, бөх, бизнесмен, хуульч гэх мэт бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс нэр дэвшиж байгаа нь монгол төрийн босго намнадсан, улс төр ажиллаж байсан хүмүүс хэрхэн яаж ажилласаныг үнэлж, дүгнэж сонгуульд өрсөлдөхөөр болоод байна.
Бие даагчид улс төр рүү зүтгэж байгаа хүмүүс эх орныхоо сайн сайхны төлөө биш, өөрийнхөө эрх ашгийн төлөө гүйж байгаа гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна. Жирийн нэгэн хүний нүдээр харахад энэ улс төрд хэн дуртай ороод байдаг газар биш байлтай. Гэтэл манайд хүн бүхэн УИХ-ын гишүүн болох гэж гүйгээд байгаа нь цаанаа олон зүйлийн хардлагыг төрүүлж байна. Аль нэг намаас юм уу эсвэл нам УИХ-д сонгуульд оролцох боломжгүй болтол шууд бие дааж нэр дэвшдэг “моод” манайд улсад бий болсон.
Энэ удаагийн сонгуульд бие дааж оролцохоор 69 хүн бүртгүүлж, батламжаа гардаж авсан. Түүхэндээ байгаагүй олон хүн бие даагч нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн таван удаагийн сонгуулиар хамгийн ихдээ 45, цөөхөндөө 15 хүн дэвшиж байсан байна. Тухайлбал, 2004 онд 15 бие дааж нэр дэвшиж Д.Одхүү, Р.Амаржаргал, Я.Санжмятав нар гарсан. Тухайн үед эдгээр хүмүүс нэр дэвших боломж олоогүй учраас бие дааж нэр дэвшсэн аж. Харин 2012 онд 26 хүн бие дааж нэр дэвшснээс Х.Болорчулуун, С.Ганбаатар , Ц.Даваасүрэн нар сонгогдсон. Гэвч эдгээр бие даагч дөрвөн жилийн хугацаанд төдийлөн үр дүнтэй ажлаагүй. Тухайлбал, С.Ганбаатар Дархан-Уул аймгаас бараг л нэгээр гарч ирсэн. Гэвч сонгогдож гарсан газартаа гарт баригдаж, нүдэнд харагдах нэг ч ажил хийгээгүй гэдгийг нутгийн ард түмэн дуу нэгтэй хэлдэг юм аа. Харин бие дааж гарсан нөхөд өөрсдийгөө бид дөрвөн жилийн хугацаанд ганцааралдаа гээд нам дагасан. Өмнөх сонгуулиар бие дааж гарч ирсэн гишүүд энэ сонгуулиар намаас нэр дэвшиж байгаа билээ. Энэ байдлаас харахад бие дааж гарсан хүмүүс ямар үр дүнгүй гэдгийг харж болох юм.
Энэ сонгуулиар нэр дэвшиж байгаа бие даагчид гэсэн УИХ-д гарсан ч бас л ганцаарддаа гэдэг шалтгаанаар аль нэг намыг дагах магадалтай юм аа.
УИХ бол хууль тогтоох үүрэгтэй байгууллага. Баталсан хууль тогтоомжоо амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэх ёстой. Түүнээс биш сонгосон тойрогтоо хаан, хатан шиг заларч, энд тэндхийн элдэв ёслолд тууз хайчлан, хундага өргөж ерөөл дэвшүүлэх нь УИХ-ын гишүүдийн хийдэг ажил биш юм. Нөгөөтэйгээр улс төр бизнесийн болон урлаг соёлын одуудын байдаг газар бүр ч биш. Мөн хэн дуртай орж суугаад зурагтаар ард түмэн ажил хийж байгаа хүний дүр үзүүлдэг газар биш гэдгийг мэдэх хэрэгтэй юм.
УИХ-ын түүхэнд "Энэ миний байх газар биш байна" гэж хэлээд УИХ-ын гишүүнээс өөрийн саналаар татгалзаж байсан яруу найрагч Б.Лхагвасүрэн , хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хоёр байдаг юм байна. Хүнд байх ёстой газар, хийх үүрэгтэй ажил байдаг гэдгийг хүн бүхэн өөрсдөө мэдэж байгаа . Энэ хоёр хүн шиг улс төрийн миний байх газар биш ээ гээд өөрийн сайн дураар гарч, өөрийнхөө хийж чаддаг ажлаа хийгээд явсан энэ нийгэмд өгөөжтэй байх. Түүнээс биш Үндсэн хууль"-д заасан эрхээ эдэлж УИХ-д бие даан нэр дэвшиж, улс орноо хөгжүүлнэ гээд худлаа цээжээ дэлдээд яалтай билээ. Бид чинь бараг л 25 жил ийм сонголт дунд явсан шүү дээ. Иймээс УИХ-д нэр дэвшиж байна хүн бүхэн "Энэ миний байх газар мөн үү, биш үү?” гэдгийг бодож үзэх хэрэгтэй юмаа.