2004-2008 онд Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдож, тухайн үеийн МАХН-ын удирдсан Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажилласан хүн бол Ц.Мөнх-Оргил. Энэ сонгуульд тэрбээр Сүхбаатар дүүргийн 60 дугаар тойрогт нэр дэвшиж, өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ аван албан ёсоор өрсөлдөж эхэллээ.
Уг нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь түүнд ихээхэн эрсдэлтэй байсан. Яагаад гэвэл одоогоос найман жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний шөнө Улаанбаатар хотын төв хэсэгт болсон үймээн самууны хэрэгт тэр зохих ёсоор хариуцлага хүлээх учиртай хүн. Хууль зүйн сайд, Онц байдлын штабыг удирдсаны хувьд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь олон сайхан залуучуудын аминд хүрсэн эмгэнэлт явдлаар илэрхий болсон. Гэвч тэр хумсын чинээ ч хариуцлага хүлээгээгүй.
Уг нь хариуцлага тооцдог механизмтай оронд бол түүн шиг алдаа гаргасан, түүндээ хуулийн хариуцлага хүлээгээгүй хүн аль хэдийнэ улстөрөөс явах учиртай юм. Хуулийн хариуцлага хүлээдэггүй юм гэхэд ёс суртахууны хувьд цагаатгаж боломгүй том алдаа гаргасныхаа төлөө өөрөө өөртөө ч болтугай хариуцлага тооцох учиртай.
Түүний албан ёсны намтарт Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй гэж бичээстэй бий. Төрийн түшээ байх шаардлагыг хангасан өндөр мэдлэг боловсролтой нь энэхүү намтраас нь харагдах хэдий ч мянган сайхан өндөр боловсролтой байгаад ард түмнээ гэсэн сэтгэлгүй бол оронд нь зовлон үзсэн чавганц сонгогдсон нь дээр биш гэж үү...
Долдугаар сарын 1-ний тэр аймшиг үймээн самууныг хүмүүс одоо мартаж эхэлжээ. Үймээнийг өдөөсөн бус зүгээр л сониучирхаж явсан иргэдийг цэрэг,цагдаагийн хүчээр буудан хөнөөж, машинаар хөөж баривчлан, цагдан хорьж, эрүүдэн шүүсэн тэр аймшигт өдрүүдийг ардчилсан Монгол Улсын иргэд мартах учиргүй. Гэм зэмгүй залуучуудыг байлдааны галт зэвсгээр буудаж хөнөөсөн, эрэмдэг зэрэмдэг болгосон.... Хууль зүйн сайд, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргил тэр үед Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Цагдаа нар буудсан гэсэн нотлох баримт байхгүй. Буудаагүй гэсэн нотлох баримт ч байхгүй. Сумны шархнаас болж гурван хүн нас барсан тухай мэдээлэл байгаа. Жагсагчдын дунд хүмүүс байлдааны гар буу авч явсан сураг бий” хэмээн ярьсан нь яах аргагүй бүх үнэнийг мэдэж байсан гэсэн үг биш гэж үү. Гагцхүү үнэнийг нуун, ард түмнийг төөрөгдүүлсэн л болохоос. Албан тушаалаараа хуйвалдсан хүмүүс тухайн үед ч, дараа нь ч бие биенээ хамгаалаад бүгд хариуцлага хүлээгээгүй. Харин цагдаагийн дөрвөн хурандааг төр ялласан. Олон жилийн дараа ч дурсан санахад дотор жихүүцэм, хэзээ ч дахин бүү давтагдаасай гэж залбирах тийм муухай хар сүүдэртэй хэрэгт хариуцлага хүлээх хүмүүсийн нэг яах аргагүй тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил байсан юм. Гэвч тэр хариуцлага хүлээхгүйгээр барахгүй дахин улстөрд ирж, УИХ-д өрсөлдөж байна. Гарч ирээд хуульч мэргэжилтэй гээд Хууль зүйн сайд хийгээд дахин явахгүй гэх баталгаа үгүй. Хэрвээ тэгвэл түүнд итгэх итгэл жирийн ард иргэдэд байна гэж үү. Шударга улстөрч шиг хариуцлага хүлээгээд, үнэнийг дэлгээгүйнх нь хувьд түүнд итгэх аргагүй юм. Хэрвээ албан тушаалтнууд бие биедээ хариуцлага тооцож чадахгүй бол сонгогчид хариуцлага тооцох бүрэн боломжтой, тийм эрхтэй билээ.
М.Амартүвшин