Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Өнгөрсөн сард хувьцаа зарж байна гэсэн мэдээлэл гарч зарим иргэд хувьцаагаа зарна хэмээн урт цагааны үүдэнд оочерлон 10 хоносон талаар мэдээлэл гарсан билээ. Харин цагдаагийн байгууллага иргэдийн 1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олж, шалгаж эхэлсэн билээ. Цагдаагийн байгууллага түүнийг зохион байгуулалтай худал мэдээлэл тараасан хэмээн шалгаж эхлээд байгаа. Тодруулбал, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь “Залуучуудын холбооноос явж байна” хэмээн “1072 хувьцааг худалдаж авна” гэж цуурхлыг тараасан байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Одоогийн байдлаар түүний ямар зорилготой цуу яриа тараасныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ийм цуурхлаас болж иргэдийн амгалан тайван байдал алдагдаж нийслэлийн зарим хэсэгт шөнө явахад бэрхшээлтэй болж байсан юм. Мөн Эрдэнэс Тавантолгой ХХК-аас хувьцааг гараас гар дамжин худалдаалах боломжгүй гэдгийг ч мэдээллээд байсан. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар удаан хүлээсэн хувьцаагаа амь оруулах боломж нээгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжсэн байна. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлаар хэлэлцэх юм байна. Ингэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй. Хувьцааг худалдаж авах асуудлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Засгийн газэр энэ асуудлыг өөрсдөө зохион байгуулах ёстой. Хөрөнгийн биржийн төлбөр тооцоо хадгаламжийн төв, Иргэний бүртгэлийн газарт очиход тухайн иргэний хувьцаатай байна уу, үгүй юу гэдгээ шалгуулах боломжтой. Хувьцаагаа зарах боломжтой 1,6 сая хүн байна хэмээн тооцоолж байгаа. Тэдний яг хэд нь зарахыг бид хэлж мэдэхгүй. Маягт бөглөсөнөөс хойш долоо хоногийн дараа данс руу нь мөнгө ороод эхэлнэ. Харин үлдсэн 750 ширхэг хувьцаа дараагийн асуудал. Төмөр замыг барих, нүүрсний зах зээлийн үнэ буурах зэргээс хамаарах асуудал” гэсэн хариултыг өгсөн байна. Засгийн газар шийдвэр гаргасан учраас 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр зарах боломжтой боллоо.
Харин та хувьцаатай эсэхээ энд дарж шалгаарай.