Олон улсын төрийн өмчийн активын удирдлагын форумыг Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд “Санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах” сэдвийн дор зохион байгуулж байна.
Монголбанк санхүүгийн салбарын чанаргүй активыг хоёрдогч зах зээлд борлуулах, зөв зохистой удирдах, урт хугацаанд уг үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх бүтцийг бий болгох асуудалд онцгой анхаарал хандуулан ажилладаг. Форумд Азийн хөгжлийн банк, БНХАУ, Тайланд, БНСУ-ын хөрөнгийн удирдлагын корпораци, БНСУ-ын хадгаламжийн даатгалын корпорацийн төлөөлөл болон Сангийн яам, Монголбанкны удирдлага, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкуудын төлөөлөл оролцон активын удирдлагын үйл ажиллагааг манай орны санхүүгийн салбарын бүтэц, онцлог, хууль эрх зүйн орчин зэрэг хүчин зүйлүүдтэй нийцүүлэн хэрхэн оновчтой нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна.