8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулах санд 5 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ

2015-12-02 15:01:00

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцлоо. 

Агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацаанд хийн болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэлгэрүүлэх, гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах зорилт бий гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд тэмдэглээд энэ хүртлэх хугацаанд Засгийн газраас жил бүр утаатай тэмцэх ажлыг хийж ирсэн. Арванхоёрдугаар сарын 1 буюу өчигдрөөс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифийг 50 хувь хөнгөлөх ажлыг эхлүүллээ гэдгийг онцоллоо.

Оройн 21 цагаас өглөөний 06 цагт хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгааны төлбөр буурах нөхцөл бүрдсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан одоо мөрдөгдөж байгаа шөнийн тариф 77,10 төг/кВт.цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38,55 төг/кВт.цаг болж байгаа юм.

“Агаарын бохирдлыг бууруулах сан”-д 2016 онд 5 орчим тэрбум төгрөг төсөвлөжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг,

-Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу сайжруулсан түлшний үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан.  

“Дэрст тохой”, “Хар туг”, “Баялаг эрдэнэ цом”, “Хөх чоно групп” гэсэн сайжруулсан түлшний дөрвөн аж ахуйн нэгж ажиллаж байна. Эдгээр үйлдвэр жилд 145 мянган.тн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилийн хамгийн утаа ихтэй сар болох нэг, хоёрдугаар сард 10-12 мянган айлыг сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөж байна. Үүнд 30-40 мянган тн түлш хэрэгтэй бөгөөд 2,8 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо байна гэлээ.

Нэг тн түүхий нүүрс 150 орчим мянган төгрөг байхад шахмал буюу сайжруулсан нэг тн түлш 200 орчим мянга буюу тн тутамд 40-50 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Технологио сайжруулж, үнийн зөрүүгээ багасгаач гэсэн чиглэлийг бид үйлдвэрүүдэд өгч байна. 10-20 мянган төгрөгийн зөрүү авахад ашигтай ажиллаж, түлшээ борлуулах боломжтой гэж тэд үзэж байгаа. Үүнээс гадна нам даралтын зуухтай, хотын захын 15 орчим цэцэрлэгийг эрчим хүчний эх үүсвэртэй болгож, цахилгааны үнийн зөрүүг олгох, үүнд 300-500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

Мөн хөдөө аймгуудаас эрчим хүчний тарифын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах хүсэлтээ ирүүлж байна. Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн төвийг урамшуулалд хамруулах боломжийг судалж байгаа гэж сайд ярилаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ гэр хорооллын өрхүүд рүү дулааны шугам татах, зарим сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны шугамд холбоно. Улаанбаатар  хотын агаарын бохирдлын мониторинг хийх суурин хоёр харуулыг нэмж бий болгоно. Ийм харуул одоогоор 10 байгаа. Ингэснээр агаарын бохирдлын эсрэг хийж байгаа ажлууддаа мониторинг хийх боломж бүрдэнэ. Мөн цахилгаан түгээх сүлжээний чанар, чадлыг сайжруулахаар ажиллаж байна гэлээ.

Улс болон хотын төсвийн хөрөнгөөр хийх эдгээр ажлаа үр дүнтэй зохион байгуулах, ингэхдээ агаарын бохирдол, утаа ихтэй хороо, дүүрэгт эхэлж дэмжлэг үзүүлэх, санал тавьсан аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл