8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэнэ

2015-12-03 14:57:00

Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Цаашдаа Хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар нар оролцлоо.
Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар “Дэлхийн олон улс, хотуудад зохион байгуулагдсан зөвлөлдөх санал асуулгыг нийслэлийн удирдлагууд санаачлан явуулах гэж байгаад талархаж байна. Зөвхөн хотын бүтээн байгуулалт гэлтгүй Монгол Улсын хэмжээний томоохон төсөлд ард түмний саналыг зөвлөлдөх санал асуулга явуулж тусгах нь Зөвлөлдөх Ардчиллын суурь зарчмыг баримталж буй хэрэг болох юм” гэж тодотгон хэллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Нийслэл 2013, 2014 оныхоо төсвийг иргэдийн оролцоотой баталсан. Харин энэ удаад урт хугацааны томоохон төслүүдээ хэрхэн хэрэгжүүлэх талаар иргэдээсээ асуух гэж байна. Зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс авсан саналыг дагуу төслүүдийн хэрэгжүүлэх, эрэмбийг тогтоохоор төлөвлөж байгаа юм. Цаашид зөвлөлдөх санал асуулгыг жил бүр тогтмол явуулж, иргэдийн оролцоог аливаа шийдвэрт бүрэн тусгаж ажиллана. Улаанбаатар хотыг дарга нар бус иргэд удирддаг болох зарчимд шилжиж байгаа гэж хэлж болно” гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгыг АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан бөгөөд Станфордын их сургуулийн олон нийтийн санаа бодлыг шинэлэг, илүү үр дүнтэй аргаар судалж, үр дүнг нь танилцуулах санал асуулгын шинэ аргачлал юм.  Улаанбаатар хотод болох “Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд  танилцуулж, санал авна.Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500 иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон  400 хүн 2015 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд “Төрийн ордон”-д болох “Зөвлөлдөх санал асуулга” хэлэлцүүлэгт оролцож, тодорхой асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэх  юм.
Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулсан бөгөөд тус хорооны гишүүд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.
Зөвлөлдөх санал асуулгаар дараахь төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авна.

  • Улаанбаатар метро
  • Туул усан сан цогцолбор
  • Туулын хурдны зам
  • Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
  • Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
  • Эко парк байгуулах
  • Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
  • Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
  • Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
  • “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
  • Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
  • Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
  • Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment