Бороотой өдрийн мэнд. 2016 оны УИХ-ын сонгуулийн суртачилгаа эхлээд дундаа орсон байна. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болсон үйлд явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.
Борооноос болж Сэлбэ голын эрэг нурж байна
Агаарын температур, аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой учир гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг холбогдох байгууллагаас анхааруулаад байна.
Тухайлбал, Улаанбаатар хотод Сэлбэ голын эрэг дагуу тавьсан машинууд урсах аюултай байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр мэдээлсээр байна. Усархаг бороо орсны улмаас голын эрэг, үерийн далан, гуу жалга дагуух хөрс суларч ойр орчимд нь байх айл өрх, иргэд, эд зүйлс урсах аюултай байгааг анхаарна уу.
Гүржийн жүдочид манай улсад ирлээ
Дэлхийд жүдо бөхөөр зиндаархдаг Гүрж улсын Риогийн олимпод оролцох жүдочид энэ сарын 19-нд манай улсад иржээ. Тэд өчигдрөөс эхлэн Монголын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж эхэлсэн байна.
Багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили, 66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили, 73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили, 81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили, 90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани, -100 кг-д "Их дуулга" тэмцээний аварга Бека Гвинашвили, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили нар багтаж байна.
Өөрийн санаачилсан хуулиа мэддэггүй Л.Эрдэнэчимэг дахин хууль тогтоогч болж чадах уу
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ёсзүйгүй үйлдлээс болж олон нийтийн шүүмжлэл газар авч, цаашдаа түүний улс төрийн сонгуульд ч нөлөөлж мэдэхээр боллоо.
Ганц Л.Эрдэнэчимэгээр зогсохгүй энэхүү ёс зүйгүй бичлэгт нэр холбогдсон дуулианы гол эзэн Г.Уянга, бичлэгийн олон нийтэд дэлгэсэн сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нарын нэр хүнд ч мөн унасан. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр нэр холбогдсон хүмүүс бүгд өөрсдийн тайлбараа хийсэн бөгөөд нэгэн ч шударга байж УИХ-ын сонгуулиас өөрийн хүсэлтээр нэрээ татаагүй. Харин энэ хууль бус бичлэг хийсэн, түгээн дэлгэрүүлсэнийхээ төлөө нэг нэгнээ дарж авах гэсэн арга үүнийг л бид төрд гарч байж засаж чадна хэмээн өөрсдийгөө уснаас хуурай авч гарахаар санаархсан ч бүтсэнгүй. Г.Уянга алдагдсан бичлэгийн талаар хэлэхдээ “ Энэ бичлэг Л.Эрдэнэчимэг бид хоёрыг холдуулж чадахгүй. Эрчүүд ямар арчаагүй юм бэ. Арчаагүй нийгэмээс болж байна. Миний гар утас хулгайд алдагдсан. Энэ бичлэгнээс болж бид хоёрыг муудалцсан хэмээн яригдаж байна. Харин ч бид улам батжиж, хамтрах хэрэгтэй” хэмээн нөгөө л нэг улс төрөө ярив. Түүний үгнээс ард түмнээсээ уучлалт гуйсан ганц ч үг гарсангүй. Сонгогчдоо таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж хэлж, ажил болгоныг мушгин гуйвуулдаг хүнийг эх оронч биш харин популист хэмээн нэрлэдэг. Үүнээс харахад тэд жинхэнэ популистууд болж таарав. Дуулиант бичлэг цацагдсаны маргааш Л.Эрдэнэчимэг яаран сандран хэвлэлийн бага хурал хийсэн нь өөрийгөө бүрч шаварт хутгаж орхив. Тодруулбал, хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө санаачилсан тамхины тухай хуулийг төдийлөн сайн мэдэхгүй байгааг иргэд ажиглав.
Учир нь Тамхины тухай хуульд албан байгууллагад тамхи татвал хувь хүн 50 мянган төгрөгөөр торгуулна, харин албан тушаалтан тамхи татвал хөдөлмөрийн доод хэмжээгээр торгоно гэж заасан байдаг шүү дээ. Тодруулж хэлэхэд, Төрийн ордон дотор тамхи татсан төрийн өндөр албан тушаалтан. Тэрбээр хувь хүн биш гэдгийг энд тодотгож хэлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240 мянган төгрөгөөр торгуулиа төлөх ёстой. Мөн үүнээс гадна тамхины хяналтын тухай хуулийн 13.1.2 дугаар зүйл заалтад хуулийн 6.7.9-д заасан буюу ажлын байран дээрээ тамхи татсан бол иргэнийг 50000 төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг билээ.
Энэ мэт өөрийн санаачилсан хуулиа бүрэн гүйцэт мэдэхгүй ”Төрийн ордонд тамхи татсан учраас, 50 мянган төгрөгийн торгуулиа төлсөн, ард түмнээсээ уучлалт гуйж байна” хэмээн олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр хээв нэг ярьж суув. Ард түмнийг хаана тамхи татах, хэдээр торгуулахыг хүртэл хатуу заасан уг хуулийг санаачилсан эрхэм төрийн түшээ өөрөө санаачилсан хуулиа мэдэхгүй тууж явна гэхээр даанч харамсалтай. Төрийн ордондоо тамхи татаж, архи ууна түүгээр ч үл барам өөрийнхөө санаачилсан хуулийг мэдэхгүй байна гэдэг хэр зохистой вэ. Найман нэрийн дэлгүүр болон, ТҮЦ-д хамгийн их борлуулалтай байдаг зүйл тамхины худалдаа байдаг. Өдөр хоногийн хоолоо олох гэж ядаж худалдаа эрхлэгчдийг тамхи зарлаа хэмээн торгож сүйд болдог. Үнэн хэрэгтээ ард түмэн ядарсан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрөө задарсан байна......
Монголын соробанчид хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болов
Соробаны олон улсын олимпиад Японы Цүкүба хотод болж өнгөрлөө. Уг олимпиадад манай улсаас “Монгол соробан” төвийн 15 сурагч анх удаа амжилттай оролцоод ирсэн байсан. Тэд хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон байна. 18 дугаар сургуулийн сурагч, долоон настай Ц.Цэцбилгүүн, 97 дугаар сургуулийн сурагч, 11 настай Б.Баярбаясгалан нар мөнгө, нэгдүгээр сургуулийн сурагч Ө.Хатанзаяа хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Нэг ам.доллар 1950 төгрөгтэй тэнцлээ
Тавдугаар сарын сүүлчээс эхлэн ам.долларын ханш бага, багаар суларсаар өнгөрсөн 7 хоногт нэг ам.доллар 1960 төгрөгтэй тэнцэж байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1950 төгрөгт хүрчээ. Тодруулбал, валютын “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1953 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1958-1962 төгрөгөөр зарж байна. Ам.долларын ханш өнгөрсөн гуравдугаар сард 2050 төгрөг хүрсэнтэй харьцуулбал 100 төгрөгөөр буурчээ.
Үерт автсан айлуудад тусламж үзүүлж байна
Өчигдрөөс эхлэн нийт нутгаар их хэмжээний бороо орж зарим аймаг, сумдад нөхцөл байдал хүндэрч, томооохон голууд үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд хэд хэдэн газарт үер буужээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд үерт автсан айлуудад НОБГ-ын албан хаагчид дуудлагын дагуу яаралтай тусламж үзүүлсэн байна. Мөн өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймгийн Улаанхус сум, Ховд гол үерлэж айл өрх, малтайгаа усанд боогдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, гурван айл өрхийн 13 иргэн, 30 гаруй бод малыг гол гаталган нүүлгэн шилжүүлсэн байна. Тиймээс иргэд та бүхнийг орон нутгийн замд гарахдаа гэнэтийн осол аюулаас сэрэмжлүүлэх, баталгаатай зам гүүрээр гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Малын халдварт өвчин ихэсчээ
Сүүлийн үед мал амьтны гаралтай өвчин гарах нь ихэссэн байна. Тодруулбал, таван аймагт галзуу өвчнөөр мал хорогдож, мөн боом, хонины цэцэг өвчлөлтэй тохиолдлууд бүртгэджээ. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Өвөрхангай аймгийн Хархорин, Хөвсгөл аймгийн Галт, Цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангай аймгийн Жаргалант суманд малын галзуу өвчний тохиолдол илэрч бүртгэгдсэн байна. Мөн Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд боом өвчний тохиолдол бүртгэгдсэн бол Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрчээ.
“Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Мөн өчигдрөөс хойш үргэлжлэн орсон борооны улмаар орон нутагт болон нийслэлийн зарим дүүрэгт үер буусан тул иргэд та бүхнийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.