Учрал

Ням-Осор

Учрал

Монгол ардын нам

Н.Учрал: УИХ-ын гишүүд дэгээ баримталмаар байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийснээр эхлэв. Тус хуулийг өмнөх парламентын үед баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр хуульчилсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэхэд зарим нэг өөрчлөлт тусгах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн тул өнгөрсөн сарын сүүлчээр хуулийн төслийг өргөн барьсан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүдийг хуралд оролцохдоо дэгээ баримтлахыг санууллаа. Тэрбээр “Өнөөдөр бид Хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 2017 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс хууль тогтоомжийн хууль хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд 2015 оны тавдугаар сард УИХ-ын дэгийн тухай хуулинд өөрчлөлт орсон. Ингээд дэгийн тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа бол үзэл баримтлалтай холбоотой л асуулт, асууж үг хэлнэ. УИХ-ын гишүүн бид дэгээ баримталмаар байгаа юм. Хууль хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хуулийн талаар анхны хэлэлцүүлгийнх нь үеэр саналаа хэлээд явж болно шүү дээ. Гэтэл өнөөдөр хууль хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад үзэл баримтлалыг яриад явж байна. Дэгийн хуулиа барихгүй байгаа нь тоогүй байна. Мөн О.Баасанхүү гишүүнийг би хуульч хүн гэж боддог. Хуульч хүн байж хэрэгжээд эхэлчихсэн хуулийг “Үүнийг болиулчихалдаа. Дахин битгий авч орж ирээд бай” гэж яриад байх юм. Уг нь хууль санаачлахад хүрэлцэхгүй байгаа төсөв мөнгөний зардлыг хөнгөвчлөх гээд хууль эрх зүйн хүрээнд нь нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирж байгаа юм шүү дээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжээд эхэлчихсэн хууль, хүссэн, хүсээгүй ч энэ хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дэгийн тухай хуульд нь өөрчлөлт оруулаад зохицуулалт нь хийгдээд явж байгаа. Хэрвээ зарчмын зөрүүтэй санал байгаа бол анхны хэлэлцүүлгийнх нь үеэр саналуудаа хураалгаад явах боломжтой. Хуууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт саналаа ирүүлж болно” гэлээ.

УИХ-ын гишүүн зарим гишүүд түүнтэй адил саналтай байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.