Хүн төрөлхтний эв нэгдэл, хүч чадлын билэгдэл Олимпын наадам хоног хоногоор ойртсоор байна. Олимп хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй болгож, хүний хүчин чадал, нөөц бололцоо хязгааргүй гэдгийг харуулдаг, нэг ёсондоо эх дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ. Олимпын наадам дөхөж буй энэ үед уншигч таньд нэгэн мэдээлэл дуулгахад Өнөөдөр олон улсын олимпийн өдөр тохиож байна. 1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй аж. Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Харин манай улсын хувьд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн бөгөөд өнөөдөр МҮОХ-ны гадна талбайд олимпт зориулсан “Бөртэ Чоно” хөшөөний нээлтийг хийлээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн баталгаа болсон их наадамдаа Дэлхийн шилдэг тамирчид энэ цаг мөчид шаргуу бэлдэж байгаа биз ээ. Харин одоо та бүхэндээ үдэш бүхний энэ цаг мөчид хүргэдэн Монголын нэг өдөр тоймоо хүргэх гэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Ч.Туяа: Үерийн эрсдэлийн үнэлгээг удахгүй гарна
Сүүлийн үед нийт нутгаар их хэмжээний усархаг бороо орж томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт үер буусан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэдэн дүүрэгт үер буугаад байна вэ?
-Сүүлийн хоёр өдөр нийт нутгаар тухайлбал, баруун болон төвийн аймгийн нутгийн хэсгээр үргэлжлэн их хэмжээний усархаг бороо орсон. Ойрын өдрүүдэд ч бороо үргэлжлэн орно гэдгийг Ус цаг, уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна. Ялангуяа энэ сарын 21-ний өдөр нийслэл хотод үдээс өмнө их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хэсэгт амьдарч байгаа айл, өрхүүд үерт автсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид болон харьяа дүүргийн онцгой байдлын хэсгийн албан хаагчид шуурхай ажиллаж үер буусан хэсгийн усыг соруулах ажил хийж байна. Гурван дүүрэгт үер буусан.
-Орон нутгаас үер, усны дуудлага хэр ирж байна вэ?
-Орон нутгаас яг одоогоор үерийн аюултай түвшинд хүрсэн дуудлага ирээгүй байна. Гэхдээ томоохон гол, нууруудын усны түвшинд эрс нэмэгдэж зарим нь үерийн аюултай түвшинд хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн.
-Үерт автсан айлуудын байдалтай газар дээр нь очиж танилцаад ирсэн гэж байна. Нийт хэчнээн айл үер автаад байна вэ?
-Сүхбаатар дүүргийн XIII хорооны айл өрхүүд үерт автлаа гэсэн дуудлага ирсэн даруй дуудлагын дагуу очиход тус дүүргийн Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байсан. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид шуурхай ажиллаж айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангах ажил хийж гүйцэтгэж байна. Ойролцоогоор тэр гудамжны 17 хашаа үерт автаж айлын гэр лүү ус орсон байдал байсан. Нэг хашаанд хамгийн багадаа 4 айл амьдардаг. Нийтдээ бараг 70 орчим айл үерт авсан байдалтай байна энэ дүүрэгт.Үерт автсан айлуудын ихэнх нь үерийн аман дээр зөвшөөрөлгүй буусан байна. Зарим нь газар олдохгүй учир аргагүй эрхэнд үерийн аман дээр хашаа хатгасан гэж ярьж байсан. Мөн Баянзүрх дүүргийн VIII, XVII, XXI хороо хэсэг айл үерт автлаа гэсэн дуудлага ирсэн. Тухайн хэсэгт нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НҮГ-1, 2, 3 , тухайн байршлыг хамаарах хороодын удирдлагууд 11 нэгж техник тоног төхөөрөмж, 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран ус соруулж зайлуулах, далан босгох, зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил хийсэн. Өнөөдрийн байдлаар гурван дүүрэгт үер буусан. Харин үерт авmсан айлуудын нарийн тоог одоогоор нэгтгэж гаргаагүй байна.
Ойролцоогоор тэр гудамжны 17 хашаа үерт автаж айлын гэр лүү ус орсон байдал байсан. Нэг хашаанд хамгийн багадаа 4 айл амьдардаг. Нийтдээ бараг 70 орчим айл үерт авсан байдалтай байна энэ дүүрэгт.
-Ус соруулах техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байна вэ?
-Ус соруулах техник, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцээ дутмаг байна. Нэг зэрэг гурван дүүрэгт үер буусан энэ үед техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ яалт ч үгүй дутагдаж байна. Тэглээ гээд зүгээр суухгүй нийслэлийн Онцгой байдлын газар болон тухайн харьяа дүүргийн онцгой байдлыг хэсгүүдтэй хамтран байгаа нөөц бололцоондоо тулгуурлаж ажиллаж байна.
-Үерийн улмаас зарим нэг хатуу хучилттай зам эвдэрч, цөмөрсөн гэсэн мэдээлэл гарсан байна. Эрсдэлийн үнэлгээг тогтоож гаргасан уу?
-Ямар нэгэн байгалийн гамшигт үзэгдэл болоход эрсдэлийн үнэлгээг заавал хийдэг. Одоогоор эрсдэлийн үнэлгээг хийгээд эхэлчихсэн. Энэ нь зөвхөн манай Онцгой байдлын ерөнхий газар дангаараа хийгээд шийдэх асуудал биш л дээ. Системтэйгээр Дэлхийн зөнтэй хамтран тогтоож гаргадаг. Тийм болохоор эрсдэлийн үнэлгээг удахгүй нэгтгэж танилцуулна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн бүртгэл маргааш дуусна
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх хугацаа маргааш буюу энэ сарын 24-ний өдөр дуусах юм байна. Хуульд “Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ” гэж заажээ. Харин дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх аж.
Хүсэлтийг байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх юм байна.
Унаж сэлгүүцэх зорилгоор автомашин хулгайлах нь ихэсчээ
Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Он гараад эхний таван сарын байдлаар нийслэлд 8429 хэрэг бүртгэгдсэн байгаа нь улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж байгаа юм байна. Эдгээрээс 3045 буюу 36.1 хувийг бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг эзэлж буй аж. Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон холбогдох гэмт хэрэгтнийг илрүүллээ. Автомашин хулгайлах гэмт хэргийг шалгах явцад эд ангийг зарахаас гадна унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна” гэв. Хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл Япон улсад үйлдвэрлэсэн 76, Солонгос үйлдвэрлэсэн 41, Герман улсад үйлдвэрлэсэн 2 автомашин бүртгэгдсэн байна.Үүнээс үзэвэл япон машин хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байгааг онцоллоо. Харин шалтгаан нөхцөлийг судалбал дийлэнх нь буюу 55.5 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хулгайлсан байхад 29.1 хувь нь хулгайлсан автомашинаа тонож эд ангийг борлуулах сэдэлтэй нь тогтоогджээ.
Аэробикчид Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Инчеон хотноо Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн манай гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан байна. Багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтжээ.
Галаас таван хүүхдийн амийг аварчээ
Энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгааг хараад тус хорооны иргэн Ш.Түвшинжаргал галыг унтраажээ. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ. Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч аж. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өмнө галыг унтрааж амжсан байна.
Өдөрлөгийн үеэр иргэдэд нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын дөрөв дэх ням гарагт "Хуульчдын өдөр"-ийг тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй уялдуулан Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын өдөр"-ийг угтан маргааш 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдийн талбай"-д өдөрлөг зохион байгуулах юм байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх аж. Улмаар шинээр батлагдсан хуулиудын эмхэтгэл, ном, гарын авлага зэргийг иргэдэд өгөх юм байна.
Голд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ
Сүүлийн үед усанд осолдож амь насаа алдах тохиодол нэмэгдэх боллоо. Хамгийн сүүлд гэхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг модон гүүрийн баруун талд Хэрлэн голд нэг иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч 41 настай эрэгтэй, II багийн оршин суугч байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Урин дулаан цагт иргэд амарч зугаалж яваад санамсар болгоомжгүй байдлаасаа болж голд хөл алдан живэх, тогтоол усанд осолдох хэрэг гарсаар байна. Мөн сүүлийн хэдэн өдөр нийт нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас ихэнх гол, мөрний усны түвшин нэмэгдэж зарим нь үерийн аюултай байдал хүрээд байгаа энэ цаг үед ард иргэдийн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.