Монголчуудын дөрвөн жилд нэг удаа ардчилсан эрхээ эдэлдэг сонгуульд санал өгөхөд хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Энэ удаагийн сонгуулиар Монгол улс хөгжих үү, өрөнд улам бүр баригдах уу гэдгийг шийдвэрлэх чухал сонголт хийгдэх учиртай. Нэг ёсондоо ухрах уу, урагшлах уу гэдэг сонголтоо хийх гэж байна. Тиймээс иргэдийн оролцоо хамгийн чухал бөгөөд бүгд өөрсдийн итгэсэн нам, хүнийхээ төлөө хэнээс ч хараат бусаар саналаа өгөх эрхтэй юм. “Энэ сонгуулийн үнэ цэнэ магадгүй эх орон, тусгаар тогтнолын үнэтэй байж мэднэ шүү” хэмээн УИХ-д удаа дараа сонгогдож байсан хашир туршлагатай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн байна лээ. Тулхтай, туршлагатай улс төрч яагаад ингэж хэлэв. Өнөөдрийн бидний өгөх гэж буй сонгууль магадгүй эх орон, тусгаар тогтнолын үнэтэй байж мэднэ шүү хэмээн сэрэмжлүүлж байна. Ийм учраас иргэд та бүхний ганц ч гэсэн сонголт эх орон, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж байгаа хамгийн зөв сонголт байх учиртай. Та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Харин одоо та бүхэндээ үдэш бүхний энэ цагт хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймгуудад хамгийн олон сонгогч шилжүүлэг хийлгэсэн
СЕХ-ноос 2016 оны улстөрийн сонгуулийн санал хураалт маргааш явагдах гэж буйтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. СЕХ-ноос мэдээлснээр аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгааг талаар хурлын үеэр онцолсон юм. Улсын хэмжээнд нийтдээ 1.912.901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Улмаар сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн нийт хэсэгт ашиглагдах 2687 бүртгэлийн техник хэрэгсэл, 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг хамтарсан ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулж санал авах байруудад хүргүүлсэн аж. Сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын 430 гаруй ажиглагч сонгуулийг ажиглах юм байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрх авсан байна. Түүнчлэн энэ үеэр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан шинжүүлэг хийлгэсэн иргэдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сонгогчийн шилжүүлэг хийх хүсэлтийг нийтдээ 21.199 иргэн гаргасан. Үүнээс энэ сарын 18-ны дотор санал өгөх газартаа хандан бүртгүүлсэн 18.309 иргэний санал өгөх эрх нээгдсэн. Сонгогчийн шилжүүлгийг ерөнхий байдлаар нь ажиглахад Архангай, Баянхонгор, Увс, Хөвсгөл аймгуудад хамгийн олон сонгогч шилжүүлэг хийлгэсэн байна.
Уг мэдээллийн үеэр холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуусан асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр эхэлсэн. Улсын хэмжээнд хэдий тооны сонгогч зөөврийн хайрцагаар санал өгөх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаа өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Ямар хүнээс зөөврийн хайрцагаар санал авах вэ гэдгийг хуулинд тодорхой тусгасан. Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэд тав хоногийн өмнө хүсэлтээ хүргүүлсэн байх ёстой. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд зөөврийн битүүжилсэн хайрцагаар 3978 иргэн саналаа өгөхөөр хүсэлтээ гаргасан байна. Аймгийн Сонгуулийн хороод сумдаас энэ талын тоогоо авч, нэгтгэнэ. Одоогоор СЕХ нийт тоог нэгтгэхээр ажиллаж байна. Тиймээс үдээс хойш гэхэд нэгтгэсэн дүн мэдээ гарчихна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
МУ ямар бодлого, үнэт зүйлийг баримталж ажиллахыг тодорхойлох учраас зөв сонголтоо хийгээрэй
Дөрвөн жилд нэг удаа хийдэг улс төрийн сонголтоо хийхэд хэдхэн цаг үлдээд байна. Иргэн таны сонголт ирэх жилүүдэд Монгол Улс бүхэлдээ ямар бодлого, үнэт зүйлийг баримталж ажиллахыг тодорхойлох учраас зөв сонголтоо хийгээрэй.
Өнгөрсөн жилүүдэд хямрал байж болох хэмжээнээсээ хэтэрчард иргэд хоосон хонож буй энэ цаг хугацаанд улс төрийн түүхэн сонголтоо хийх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд бидний итгэл хүлээлгэсэн төрийн түшээд сандал суудалаа наймаалцаж, гадаадад хууль бус оффшор данс хүртэл нээж нэлээд дуулиан шуугиан дагууллаа. Харин бодит амьдрал дээрээ иргэдийн амьдрал, худалдан авах чадвар хэрхэн муудсаныг гэр хороололын эхний дэлгүүр рүү ороход л энэ дүр зургийг харж болно. Хүн ам ихтэй Чингэлтэй дүүргийн Хайлааст, 7 буудал зэрэг орчмын газарт гэхэд бидний худалдаж авдаг “Атар” талхыг хоёр хуваагаад зарж байх жишээтэй. Мөн Наранцэцэгийн тосыг граммлаж зарах энүүхэнд болоод байна. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэсэн тэдний сайхан амлалт өнөөдөр яаж биелэсэнийг бид өөрсдийн амьдралаасаа харж болно. Өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулалт өрнөж, нийслэл хот маань хэрхэн өнгө зүс орсоныг иргэд харж сайшаалтай хандаж байгаа. Гэхдээ бүтээн байгуулалтандаа анхаарч, иргэдээ ор тас мартдаг манайх шиг улс хаана ч байхгүй.Иргэн баян болон улс баян гэдэг үг ч байдаг. Иргэдийн амьдрал ядуурлын туйл дээр ирсэн байхад ямар ч хөгжил өндөр байшин, зам яриад нэмэргүй. Бодит амьдрал төрийн түшээдийн амьдарч үзээгүй гэр хороололд байна. Захын нэг айл гэхэд гэрийнхээ хажуу талын дэлгүүрт өчнөөн өртэй. Тухайн дэлгүүр ч зээл өгөхгүй гэхээр худалдан авалт байхгүй, зогсох гээд байдаг талаар иргэд өнгөрсөн хоногуудад төрийн түшээдэд дуулгалаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
30 мянга гаруй иргэн гол ус гаталж сонгуульд саналаа өгнө
Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгуудын 83 сумын 201 газраар 30450 гаруй иргэн голын ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан мэдээтэй байна.
Иймд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэд гол ус гаталж сонгуульд оролцох, тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос саналын хайрцагаар санал авах үед аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгийн Онцгой байдлын газруудад тусгайлан үүрэг хүргүүллээ.
Тус үүргийн дагуу орон нутгийн Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна.
Б.Гангаамаа Карстенз Пирамид ууланд авирна
Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийхээр, эх орноосоо морджээ. Тэрбээр энэ удаа Индонез улсад оршдог дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Puncak Jaya буюу Карстенз Пирамид / 4884 м / уулыг зорьжээ. Тэрбээр энэ авиралтынхаа тухай "Би өмнө нь ч хэлж байсан. Энэ уул миний авирсан бусад уулнуудаас тэс өөр хадан уул юм. Мөн энэ ууланд өмнө нь Монгол хүн хөл тавьж байгаагүй гэдгээрээ онцлог" хэмээн бичжээ.
Хоёр автобус хүнээ булаацалдан улаан гэрлээр дайрснаас осол гарчээ
Хорооллын эцсийн Оргил худалдааны төвийн урд замд нийтийн тээврийн автобус дугуйтай хүнийг мөргөсөн хэрэг гарчээ. Хэргийн газар байсан иргэдийн ярьж байгаагаар хоёр автобус хүнээ булаацалдан улаан гэрлээр дайрснаас осол гаргасан гэв. Мөргүүлсэн дугуйтай хүнийг түргэн тусламжийн машин авч явсан бөгөөд цагдаагийн байгуулага тухайн хэргийг шалгаж байна.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ
Маргааш дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болох өдөр. Тодруулбал зурагдугаар сарын 29-ний өдөр. Энэ өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон. Түүнчлэн сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хуулиар хоригложээ.
Сэрэмжлүүлэг мэдээ
Хөдөө гадаа аялах иргэдийн анхааралд
Энэ жил зуншлага сайхан болж ногоо ургамал ихээр дэлгэрч байна. Үүнтэй зэрэгцэн ялаа, шумуул гэх мэт элдэв шавьж хорхой урьд өмнөх жилүүдээс ихээр гарах болжээ. Түүн дотроо хөдөө гадаа зугаалах үедээ хачигт халдвараас сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.2016 он гарсаар Булган аймагт хачигт хазуулсан 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс ес нь Бугат сумаас бүртгэгдсэн бөгөөд хачигт хазуулсан хүмүүсээс хоёр нь нас барж, хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Ийм учраас хөдөө гадаа явж, аялахаар зэхэж байгаа хүмүүст анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
77 настай эмэгтэй нийслэлд хүргэгдэж ирэх замдаа нас баржээ
Төв аймгийн Борнуур сумын “Тайсийн хөтөл” гэх газар Урьхан зоогийн газраас хойш Дархан явах замд “Toyota Nadia” загварын автомашин замын хажуугийн жалга уруу онхолдсон ноцтой осол уржигдар гарчээ. Ослын улмаас жолооч 26 настай С болон 19 настай М хэмээх зорчигч нас барж, 18-26 насны гурван зорчигч гэмтжээ. Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хөтөлд “Toyota Prius-20” автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урсгал сөрж “Toyota Camry” автомашинтай мөргөлдсөн байна.
“Toyota Prius-20” автомашинд зорчиж явсан 77 настай эмэгтэй нийслэлд хүргэгдэж ирэх замдаа нас баржээ. Зуны улирал эхэлж, иргэдийн хөдөө гадаа явах нь ихэсдэг учраас анхаарал болгоомжтой явахыг замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжлээ
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.
Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө. Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэв.
Таны маргаашийн ажилд амжилт хүсье. таны сонголт мэргэн байх болтгуай.