8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авч, ЭЕШ-ын хариу гарсан өдөр

2016-07-01 18:32:00

Эрхэм уншигч та бүхэндээ шинэ сарын эхний өдрийн мэндийг хүргэе.  Өнөөдөр нийгэм,  улс төрийн тогоонд болж өрнөсөн үйлд явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу

Нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг СЕХ-ны удирдлагууд дөнгөж сая гардуулан өглөө. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд болсон юм. Ийнхүү түр үнэмлэх олгосны дараа СЕХ Ерөнхийлөгчид гишүүдийн нэрсийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарласнаар гишүүд тангарагаа өргөлөө.

ЭЕШ-ын хариу 12.00 цагт гарна

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариуг Боловсролын үнэлгээний төвөөс сайтдаа байрлуулахаар бэлтгэл ажил хийж эхэлсэн байна. Шалгалтын  хариу өнөөдөр 12.00 цаг гэхэд албан ёсоор гарч, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байрших аж. Мөн шалгуулагчид интернэтэд орох боломжгүй бол дүн, оноогоо гар утсаараа мессеж илгээж харах боломжтой. ЭЕШ-ын онлайнд бүртгэлтэй утасны дугаараасаа 133233 дугаарт регистерийн дугаараа явуулж харах аж. ЭЕШ-ын дүн мэдээгээ гар утсаар авах зааврыг http://sms.eec.mn/home/zaavar эндээс харна уу. Гэхдээ 12.00 цагаас албан ёсны дүн тавигдана.

В.Дамдинсүрэн: 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу 5000 км алхаж байна

.-Хүн зорилго, хүсэл тэмүүлэлттэй байвал нэг л өдөр түүндээ хүрнэ-

Өөрийнхөө хорин жилийн мөрөөдлийг биелүүлэхээр зорьж өнөөдөр 9 аймгийн 40 гаруй сумаар явган аялж нийт ард түмэнд идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс гэдгийг харуулж яваа энэ хүнийг Ванчигнямын Дамдинсүрэн гэдэг. Тэрбээр Монголын орны хилийн цэгүүдийг явган алхаж тойрохоор зорилго тавин ийнхүү аялалаа эхлүүлээд аль хэдийн зургаан сар болсон байна. Түүний аялал нь нийт 8252 км газар явган алхахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 9 аймгийн 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу аялаад Завхан аймагт ирсэн байхад утсаар холбогдож ийнхүү хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Сайн байна уу, та сайн явж байна уу. Яг одоо аль аймгийн хилийн зурвас дээр байна вэ? 

-Сайн. Сайн байна уу. Юуны өмнө монголынхоо бүх ард иргэдэд энэ өдрийн мэдийг хүргэе. Би аялалаа энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн Богдоос эхлүүлсэн.  Өнөөдрийн байдлаар Завханы Хилийн 0277 дугаар анги дээр ирээд байна.  Монгол орны хилийг нар зөв явганаар тойрч нийт  14 аймгийн 72 сумын нутгаар дамжин хилийн зурвасын дагуу аялахаар төлөвлөсөн.

 “Би нэг л өдөр Монгол Улсынхаа хилийн зурвасын дагуу явган аялал хийнэ” гэж байнга хэлдэг байсан. Би энэ үгийг 20 жил хэлсэн. 

-Одоогоор нийт хэчнээн аймаг дамжиж аялаад байна вэ?

-Өнөөдөртэйгөө нийлээд 174 хоногт 9 аймгийн 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу аялсан байна. Нийтдээ 5 мянган км алхаад байна. Анх аялалд гарч байхдаа өдөрт 20-30 км явна гэж норм тогтоож байсан. Зарим өдөр энэ нормоо хоёр дахин биелүүлж 50, 60, 90 км явсан өдөр байна. Ингэхдээ дандаа явган алхасан. Аялалын хугацаанд нийт 14 аймгийн 72 сумын хилийн зурвасыг дагаж 8252 км замын туулж ирэх 12 дугаар сард Улаанбаатарт ирэх зорилго тавьсан

- Яагаад заавал Монгол орны хилийн зурвасыг дамжиж аялахаар болов?

-Би хилийн цэргийн бэлтгэл хурандаа цолтой хүн. Насаараа хилийн цэрэгт алба хааж байгаад 2014 онд тэтгэвэрт гарсан. Тиймээс монгол орны хилийн зурвасыг тойрч явган аялая гэж шийдсэн. Миний энэхүү аялал хэд хэдэн зорилготой. Нэгдүгээрт энэ миний 20 жилийн мөрөөдөл. Энэ мөрөөдлөө биелүүлэх гэж. Хүсэл зорилго, хүсэлт тэмүүлэлтэй байвал нэг өдөр биелэлээ олдог юм гэдгийг харуулахыг хүссэн. Хоёрдугаарт монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулах зорилготойгоор аялалаа  эхлүүлсэн.  Зүгээр нэг аялах биш аяллынхаа туршид эрүүл мэндийн талаарх зөвлөмж мэдээллийг тухайн орон нутгийн ард иргэдэд өгч, дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын талаар олон нийтэд сурталчилах ажлыг давхар хийж байна. Тиймээс ихээхэн онцлогтой аялал юм. Эх орноороо бахархах, эх орноо хайрлах, байгалийн сайхантай таницлах, хүн байгалийн холбоо харилцааг ирээдүй хойч үеийнхээ залуус сурталчилан таниулах, хүмүүжил, төлөвшилд нь нөлөөлөх, бий болгох зорилготой. Мөн хилчин хүн энэ зэргийн бие бялдарын болон сэтгэл санааны хаттай байх ёстой гэдгийг харуулахыг зорьсон. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлгөөний эрүүл амьдралын үндэс гэдгийг сурталчилах. Учир нь хөдөлгөөний дутагдлаас үүдэн дэлхий нийтээрээ хөдөлгөөний дутагдалд орчихсон, жингийн илүүдэлтэй, амьдралын ямар ч идэвхгүй байна. Манай улсын эрчүүд 30, эмэгтэй 34 хувь нь хөдөлгөөний дутагдалтай, жингийн илүүдэл гэсэн хамгийн сүүлийн үеийн мэдээ гарсан байна лээ. Үүнээс үүдэн өвчлөл ихэсч ялангуяа залуужиж байгаа нь манай улсын ирээдүй, үндэсний аюулгүй байдал сөрөг нөлөөтэй. Өнөөдөр та жингийн илүүдэлтэй байна гэдгээ мэддэг хэрнээ юу хийхээ мэдэхгүй байгаа бол зүгээр л идэвхтэй хөдөлгөөнтэй бай. Ялангуяа алхах нь эрүүл амьдралын маш энгийн бөгөөд үр дүнтэй арга. Тиймээс иргэдийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалж энэхүү аялалаа эхлүүлсэн.  

 -Өнөөдөртэйгөө нийлээд 174 хоногт 9 аймгийн 40 гаруй сумын хилийн зурвасын дагуу аялсан байна. Нийтдээ 5000 км алхаад байна.

 -20 жилийн мөрөөдлөө биелүүлэх, иргэдэд идэвхтэй хөдөлгөөн суртачилахаар маш хүнд аялалд гарсан байна. Бараг бүтэн жил явган аялан гэхэд гэр бүлийхэн хэр хүлээж авсан вэ?

-Би хэзээнээс найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэндээ “Би нэг л өдөр Монгол Улсынхаа хилийн зурвасын дагуу явган аялал хийнэ” гэж байнга хэлдэг байсан. Би энэ үгийг 20 жил хэлсэн. Тухайн үед хүмүүс зарим нь тоохгүй, зарим нь намайг цаашлуулаад тэр мөрөөдөл чинь хэзээ биелэх юм бэ гэдэг байсан. Миний энэ мөрөөдөл ийнхүү 20 жилийн дараа энэ онд биелэлээ олж байгаад баяртай байна. Үүнийхээ хажуугаар иргэдэд эрүүл, идэвхтэй хөдөлгөөн ямар ач тустай гэдгийг суртачилж байгаа нь хамгийн чухал. Энэ аялал бараг бүтэн жилийн хугацаанд явган явна гэсэн үг  л дээ.  Бүтэн жил гэдэг урт хугацаа. Аялалд анх гарах болоход гэр бүлийнхэн минь их дэмжсэн. Намайг дэмжиж байгаа хүнд баярлаж явдаг юм шүү гэдгээ хэлмээр байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Ирэх 7 хоногт УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилно

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын анхдугаар чуулганыг энэ сарын 5-ны өдөр хуралдуулах зарлиг гаргасан юм.  Үүнээс гадна наадмаас өмнө буюу ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох асуудлыг шийдвэрлэхийг олонх болсон улстөрийн хүчинд үүрэг болгосон байна. 

 А.Сүхбат: Би өөрөө наадамд зодоглохгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа А.Сүхбатын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр энэ талаар "Төв аймгийн 29 дүгээр тойргийнхоо ард иргэдэд баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг ажил болгоно гэж амлаж байна. Хийх ажил олон байна. Эдийн засгийн хямрал, их өрийн асуудал гээд цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр  бий. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Энэ жилийн  наадамдаа бэлтгэж таван хүүхдийн бэлтгэл хийлгэж байна.  Хүүхдүүдээ бэлтгэлээ сайн хангахад нь тусалж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ" гэв. 

Монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэнг уран зургаар өгүүллээ

Зураач Б.Отгонтүвдэнгийн “Монгол түүхийн хөлгөн судар” төслийн цогц үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооны танхимд нээлтээ хийжээ. Энэхүү үзэсгэлэн Их Монгол Улсын түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн томоохон хэмжээний 30 уран зургаас бүрдсэн байна.  Тухайлбал, түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэн, баатар эрсийн сүр хүчийг өгүүлэх “Эцгийн захиас”, “Монгол наадгай”, “Дэв тэнгэр”, “Тачаал”, “Бага нас” зэрэг уран бүтээлийг дэлгэж, олон нийтэд сонирхуулсан байна. Улмаар уг үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад дэлгэхээр төлөвлөж байгаа аж.

Өнөөдөр дэлхийн тэврэлтийн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн тэврэлтийн өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл долдугаар сарын 1-ны өдрийг Дэлхийн тэврэлтийн өдөр болгон олон улс тэмдэглэж иржээ. Энэ өдөр хүм үүс бие биенээ халуун дотноор тэврэн мэндчилдэг аж. Тэгвэл манай улс дэлхийн тэврэлтийн өдрийг анх 2013 онд тэмдэглэж байжээ.    Монголын түүхэнд хараар бичигдсэн өдрүүдийн нэг болох  долдугаар  сарын 1-нийг   халуун дулаан тэврэлтээр угтах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан байна. Тиймээс та яг одоо хажуудаа байгаа хайртай дотны хэн нэгнийг чин сэтгэлээсээ тэвэрч халуун дулаан бүхнийг мэдрээрэй. Дашрамд дуулгахад, энэ хорвоогийн хамгийн зөөлөн, дулаахан бол ээжийн тэврэлт юм шүү. 

“Чингис хаан" Гран при 3 өдөр үргэлжилнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт багтдаг “Чингис хаан” гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаан болох аж. Хоёрдахь  өдөр нь эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ийн жинд аваргууд тодрох юм байна. Харин тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 90,  -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ийн жингийн барилдаан тус тус явагдах аж. Энэхүү тэмцээн дөрөв дэх жилдээ болж байгаа юм байна.

Наадмын тасалбарыг нэг хүнд дөрвөөс дээш худалдахгүй

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойнууд тохиож буй энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулж, зургаан насны 200 морь энэ жилийн Үндэсний их баяр наадмаар уралдуулахаар болжээ. Үүнээс гадна Үндэсний их баяр наадам АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болж байгаагаас энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон гаднын зочид төлөөлөгчид үзэж сонирхон гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа аж. Түүнчлэн цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто машины зогсоолыг долоон давхар бүхий 500 машины зогсоол ашиглалтан оруулж шийдэх гэж байгаа бөгөөд "Дүнжингарав”, "Japan town” хотхоны гадна талбайг ч мөн зогсоол болгон ашиглахаар төлөвлөсөн байна. Энэ жилйн баяр наадмын тасалбарыг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлнэ. Мөн нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна. Саравчгүй суудлын тасалбар 16 мянга, саравчтай суудлын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарах юм байна. Харин жуулчдад 25 ам.доллараар худалдаална. Тасалбарыг Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний тасалбар борлуулах цэгээр худалдаална.  

“Монголын нэг өдөр”  тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ирэх долоо хоногт энэ цагтаа эргэн уулзая.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment