Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрт Монголын нэг өдөр тоймоо хүргэх гэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Ч.Хүрэлбаатарын туслахууд хууль бус мөнгө тарааснаас үүдэн нялх нярай эндлээ
Хэдхэн хоногийн өмнө монголчууд чухал улс төрийн сонголтоо хийсэн билээ. Энэ сонгууль нэлээд онцлогтой болсон бөгөөд, нотой ноцтой бичлэгүүд ч нэлээд цацагдлаа. Мөн үүнээс гадна сонгуулийн өдөр нэр дэвшигчид болон түүний туслахууд мөнгө тараасан гэсэн гомдол нэлээд хэд гарч цагдаагийн байгууллага шалгаж байгаа. УИХ-ын 11 дүгээр тойрог Говь-Алтай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Амгаланбаатарын шадар туслах Эрдэнэбилэг бусдад мөнгө тарааж байгаад баригдсан. Хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд шилжүүлээд байсан. Мөн Баянхонгор аймагт нэр дэвшигч Д.Ганбатын туслах Цэндсүрэн мөнгө тараасан үйлдлээрээ хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзсэн учраас шүүхэд шилжүүлээд байсан. Мөн үүнээс гадна мөнгө тараасан гэдгээс өөр буюу Сонгуулийн сурталчилгаа дууссан үед нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, О.Цолмон нар бие даасан нэвтрүүлэгт оролцсон нь мөн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзээд байсан. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар гүтгэсэн гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдээлэл санал хураалтыг өдөр гарч байсан. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сонгуулийн өдөр иргэдэд мөнгө тарааснаас үүдэн нэгэн золгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, тухайн өдөр Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сумын төвөөс алслагдсан иргэдийг машинаар зөөж санал өгүүлсэн байна. Энэ үйл явдлаас болж, хорвоод мэндлээд 20 гаруй хонож байсан бяцхан нярай амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Увс аймгийн Түргэн суманд оршин суух С.Отгонтуяа өнгөрсөн сарын 03-нд хүүтэй болжээ. Тухайн өдөр гэртээ хүүхэдтэйгээ унтаж байсан С.Отгонтуяаг нөхөртэйгээ явж саналаа өг, 100 мянган төгрөг өгнө хэмээн Ч.Хүрэлбаатарын шадар туслах хэлсэн байна. Нялх хүүхэдтэй учраас жийп машинтай авч явуулна хэмээн хэлсэн аж. Гэвч үнэн хэрэгтээ нярай хүүхэдтэй шинэ төрсөн нярайг цөөхөн хүнтэй жийп автомашинд суулгаагүй бөгөөд хүн ихтэй микро автобусанд суулган 260 гаруй км замыг туулж санал өгүүлсэн байна. Хүн ихтэй микро автобусанд явсан нярай амьсгалын дутагдалд орж, Увс аймгийн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн ч сонгуулийн маргааш буюу 7 сарын 01-ны өдөр нас баржээ. Өмнө нь УИХ-ын 15 тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор иргэн бүрт 100 мянга төгрөг тараасан баримт дэлгэгдэж байсан. Тэд иргэдийн саналыг авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдаж, мөнгө тараах ажлыг нь гүйцэтгэсэн долоон хүн шүүхээс ял авсан. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт 85 дугаар зарлиг гаргаж, УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 07 сарын 05-ны өдөр буюу маргааш хуралдуулахаар зарлиг гаргасан билээ. Энэ удаагийн анхдугаар чуулган нэлээд яаралтай хуралдаж байгаа бөгөөд тун удахгүй наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт манай улсад зохион байгуулагдаж гэж байна. Тийм учраас шинэ Засгийн газар цаг алдалгүй томилгоогоо хийж, хариуцлагатай ажиллах учиртай. АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаар 4500 орчим төлөөлөгч мөн 50 гаруй улсын төрийн тэргүүн ирэх учраас манай улсаас маш өндөр хэмжээний зохион байгуулалт шаардана. Маргааш анхдугаар чуулган хуралдаж шинээр УИХ-ын гишүүд болж байгаа хүмүүс тангараг өргөнө. Үүнээс гаднаУИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд болон, сайдуудыг томилох ёстой. Одоогийн байдлаар МАН-ын удирдах зөвлөлөөр УИХ-ын гишүүн Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн ИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлээд байна.
Үүнээс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайд, яамдуудын сайдууд хэн байх вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Харин энэ удаагийн шинэ парламентыг удирдах УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, Н.Энхболд нарын нэр яригдаж байна. Н.Энхболдыг энэ албан тушаалд илүүтэй нийцнэ гэж дүгнэж байгаа аж. Харин Шадар сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлэх сурагтай. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Түүнийг аливаа асуудалд намын нөхдөө тэргүүлэн оролцож, сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүргэж чаддаг учраас шадар сайд аль эсвэл аль нэг яамны сайдаар очно гэсэн таамаглал ч мөн байна. Мөн өнгөрсөн тавдугаар сарын 27-нд МАН-ын Бага хурлын V хуралдаан болж байхад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гишүүн нэрээ татаж байсан билээ. Түүний хувьд Булган аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч эмэгтэйчүүддээ зайн тавьж өгч С.Баяр даргатай хамт МАН-ын төв штабд сонгууль удирдана хэмээн нэр татаж байсан. Боловсрол эрдэм мэдлэгтэй Ё.Отгонбаярын хувьд БСШУ-ы сайдад яригдаж байгаа аж. Одоогийн байдлаар дараахь хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болоод байгаа аж.
Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг танилцуулбал,
УИХ-ын дэд даргад Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол
Шадар сайдад Ц.Нямдорж, С.Бямбацогт
Уул, уурхай эрчим хүчний сайдад Г.Тэмүүлэн, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Ганди, Б.Мөнхбаатар, Д.Оюунхорол,
БСШУ-ы сайдад Л.Оюун-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол,
Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, П.Цогтбаатар
Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил
Хүнс хөдөө ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Гантулга, н.Баямөнх
Сангийн сайдад Ч.Улаан, Б.Чойжилсүрэн
Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Я.Содбаатар нарын аль нэг нь томилогдож магадгүй гэсэн мэдээлэл гарч байна.
Швейцарийн холбооны улсын иргэний цогцсыг олжээ
Завхан аймгийн Идэр сумаас Идэрийн голоор усан аялал хийхээр тавдугаар сарын 24-ний өдөр гарсан Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/-н цогцсыг олжээ. Түүнийг эрэн хайхад Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрынхан оролцсон юм. Хамгийн сүүлд Сэлэнгэ мөрөнд аялж явахыг нь зургадугаар сарын 10-ны өдөр нэгэн иргэн харсан гэснээс хойш сураггүй болсон байсан юм. Сар гаруйн хугацаанд Орос-Монголын хил хүртэл эрж хайгаад олоогүй учир зургадугаар сарын 30-ны өдөр эрлийг зогсоохоор шийдээд байжээ. Гэтэл долдугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан” гэдэг газарт байдаг гүүрнээс 350 км зайд Сэлэнгэ мөрний салаанаас бургасанд тээглэгдэн тогтсон нэгэн цогцос байгааг Цагдаагийн хэсгийн төлөөлөгч илрүүлжээ. Тэрхүү цогцос нь алга болоод эрэн сурвалжилж байсан Швейцарь иргэний цогцос “Тарган сарлаг” аялал жуулчлалын компанийн захирал нотолсон учир эрлийн ажиллагааг зогсоосон байна.
З.Энхболд: Хууль зөрчиж, 18 мянган царцаа санал өглөө
Өнөөдөр Ардчилсан Намын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. Ардчилсан Намын дарга З.Энхболд "Хар машинаас гарсан нийт санал өгсөн хүний тоо нэрсийн хавтгайтай мөргөх ёстой. Манайхан ХУД-ийн 55 дугаар хэсгийн хороонд шалгалт хийлээ. Гарын үсэг зураагүй 234 нэр гарсан.Тэгэхээр 234 санал өгсөн сонгогч алга байна. Нэг тойрог дээр л ийм хэрэг гарлаа. Тиймээс чуулган хуралдуулах нь хууль бус гэж үзэж байна. Мөн саналын хуудас дууссан зарим аймагт саналын хуудсыг хувилан санал авсан байна. Тэгэхээр тэр саналуудыг хүчингүй болгох хэрэгтэй. 18 мянган царцаа санал өглөө. Тэр нь хууль цагдаагийн байгууллагаар тогтоосон байхад хууль зөрчиж болохгүй хэмээн хэллээ. Мөн "Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг зөрччихөөд УИХ-ын гишүүн болно гэдэг утгагүй. МАН-ын гишүүд ээ. Бид шударга сонгуулийг хүсч байна. Энэ зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд хоёр долоо хоног шаардлагатай болов уу гэж бодож байна. Хууль бус УИХ-ыг эхлүүлэхгүйн тулд шалгах хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаач ээ төрийн байгууллагынхаан" хэмээн хэллээ.
"Эрдэнэзуу” хийдээс бурхан хулгайлсан этгээдүүдэд ял оноолоо
Одоогоос хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдээс музейгээс долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарч байсан билээ. Бурхан хулгайлсан этгээдүүдэд Хархорин сумын сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Т, Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Мөн 10 жил нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монголын балетчид Олон улсын тэмцээний хүрэл цомын эзэд боллоо
УДБЭТ-ын балетын гоцлол жүжигчид БНСУ-д болсон Олон улсын А зэрэглэлийн балетын тэмцээнд амжилттай оролцож эх орондоо газардлаа. Дэлхийн 20 гаруй орны бүжигчид авьяасаа сорьсон тус тэмцээнээс УДБЭТ-ын бүжигчид тусгай байрын шагнал болон хүрэл цом, дипломын шагнал хүртжээ.
ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал, залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртсэж ийнхүү эх орондоо ирлээ.
Орон нутгийн замд ноцтой осол гарч, таван иргэн амиа алджээ
Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, таван иргэн амиа алджээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн замд Төмөр замын 52 дугаар зөрлөгийн ойролцоо “Toyota Camry”, “Suzuki” автомашинууд мөргөлдөж, улмаар таван зорчигч газар дээрээ амиа алдсан байна.Урин дулаан цаг ирсэн учраас хөдөө гадаа зорих иргэдийн тоо ихсэж байгаа учраас орон нутгийн замд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.