Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Испанийн Мадрид хот руу мордлоо. Тэд “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт болох Гран-при тэмцээнд оролцохоор явж байгаа нь энэ юм байна. Уг тэмцээн чөлөөтийнхний хувьд олимпийн өмнө оролцож буй сүүлийн тэмцээн, сорил юм. Тэмцээн маргааш эхлэх бөгөөд хоёр өдөр үргэжлэх аж. Тэмцээнд манай улсаас 57 кг: Э.Бэхбаяр, 65 кг: Г.Мандахнаран, 74 кг: П.Өнөрбат, 86 кг: О.Үйтүмэн, 96 кг: Д.Хүдэрбулга нар оролцож байгаа юм байна. Багийн дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан нар ажиллахаар болсон байна. Дашрамд дуулгахад, уг тэмцээний дараа таван өдрийн олон улсын хамтарсан бэлтгэлтэй. Испанийн Гран-прид манай бөхчүүд сүүлд 2013 онд оролцож, эмэгтэй 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.