Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь. Эрхэм уншигч та бүхний энэ оройн амар амгалан айлтгая. Өнөөдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Хүлээн авна уу.
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд тамгаа гардаж авлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын тамгыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж өгсөн юм.
“ДЕТИ АЗИ” наадамд манай тамирчид амжилттай оролцож байна
ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхэлсэн олон улсын ҮI дахь удаагийн “Дети Ази” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд үргэлжилж байна. Өнөөдөр хөвгүүдийн 38, 50, 63, 85 кг, охидын 34, 44, 57 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Охидын 44 кг-ын жинд Б.Эрдэнэсувд алт, 57 кг-ын жинд Н.Анударь мөнгө, 34 кг-ын жинд Г.Оюундарь хүрэл медаль хүртжээ. Хөвгүүдийн 50 кг-ын жинд О.Сүлдхүү нэгдүгээр тойрогт якутын бөх Нюргун Макаровыг 3:2 онооны харьцаагаар ялж 85 кг-ын жинд Н.Чинзориг нэгдүгээр тойрогт Николай Борисовт цэвэр ялагджээ. Маргааш хөвгүүдийн 42, 54, 69 кг, охидын 37, 48, 62, 67 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Ерөнхийлөгч бөхчүүдэд цол олгох тухай зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим бөхчүүдэд цол олгох тухай зарлиг гаргажээ. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгосугай” гэжээ.
Х.Энхжаргал АТГ-ын даргаар томилогдлоо
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж дууслаа. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хураалт явуулахад чуулганд оролцсон 67 гишүүний 88.1 хувь АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилохыг дэмжсэн байна. Ийнхүү АТГ-ын шинэ даргаар Х.Энхжаргал томилогдсоноор өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Урианхай сурын харваанд Ж.Энхбат түрүүлжээ
Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнл ХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа өнөөдөр эхэлнэ. Буриад сурын харваанд нийт 220 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Баяр наадмын хүүхдийн сурын харваа маргааш болно. Хүүхдийн сурын харваанд 2-17 насны 110 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ.
Н.Ариунболд: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг хураана
ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Н.Ариунболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Үндэсний бөхийн салбар комисс хэд хэдэн удаа хуралдаж, хоёр асуудлыг эцэслэн шийдлээ. Эхний асуудал бол сэргээшийн асуудал. Салбар комиссын зүгээс сэргээшийн асуудалтай эвлэрэхгүй. Ямар нэгэн байдлаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол барилдаж авсан цолыг хураана. Энэ асуудал дээр эргэлзэх зүйл байхгүй. Мөн Энэ жил гурван тэгш ой таарч байгаа учраас 1024 бөх барилдаж нийт 10 даваа гарна. Энэ жил гурван тэгш ой таарч байгаа учраас 1,024 бөх барилдаж, 10 даваа гарна. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлээр дээрх асуудлыг зохицуулдаг. 1024 бөх барилдсан жил улсын арслангаас доош цолтой бөх ес давж арслан, 10 давж аварга цол хүртэнэ. Харин арслан цолтон 10 давж түрүүлсэн бол аварга, аварга цолтон түрүүлсэн бол даян аварга, даян аварга түрүүлсэн бол дархан аварга цол хүртэнэ. Арслангаас дээш цолтон түрүүлбэл цол дахиулан олгоно гэсэн зүйл байхгүй гэдгийг онцолсон юм.
Наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, сүлжээ дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр
07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд, III хороололд байрлах “Номин” салбар 07 дугаар сарын 11,12-нд амарна.Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд
07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна, 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса-2” дэлгүүр
07 дугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд
07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр
07 дугаар сарын 10 болон баярын өдрүүдэд ажиллахгүй.
“Нарантуул” худалдааны төв
07 дугаар сарын 10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–19-ний өдрүүдэд амарч 07 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв
07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-17-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1, 2 худалдааны төвүүд
07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв
07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-17-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах
07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд
07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Сум, дүүргийн сонгууль аравдугаар сарын 19-нд болно
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. өнөөдрйин чуулганаар хэлэлцэх асуудлыг хуваарьт багтсан Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тогтоолд уг сонгуулийг ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр заасан байна. Чуулганы хуралдааны үеэр хэд хэдэн гишүүн Сонгуулийн тухай хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар дээрх байр сууриа илэрхийлсэн байна.
Хүний амь хөнөөж, газарт булсан этгээдүүдийг ялаллаа
Одоогоос хоёр жилийн өмнө 45 настай эмэгтэй Б-г Баянгол дүүргийн нэгэн дулааны худагт хамт амьдардаг байсан Г, Ц, Ц нарын гурван эрэгтэй амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2014 онд гарсан билээ. Тухайн үед гэмт этгээдүүд архидан согтуурсан байсан бөгөөд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж танхайн сэдэлтээр бүлэглэн зодож гавал тархинд нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хөнөөсөн. Улмаар уг хэргийг нуун далдлах зорилгоор шуудайнд хийж, ойролцоох өөр нэг дулааны худагт хийж, дээрээс нь шороо агсаж, булсан. Тэгвэл дээрх хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 01-ний өдөр хянан хэлэлцлээ. Ингээд шүүх хуралдаанаас шүүгдэгч Г, Ц нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 20 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин шүүгдэгч Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Шүүгдэгч Ц-г шүүхээс "онц аюултай гэмт хэрэгтэн"-ээр тооцож ийнхүү шийдвэрлэсэн байна.
Наадмын босгон дээр төрсөн Гавъяатууд
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын аж үйлдвэр, соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, барилга, батлан хамгаалах, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар өнөөдөр гардуулан өгсөн билээ.
Монгол Улсын Ардын багш цолоор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн зөвлөх багш, доктор, профессор, Монгол Улсын Хүний гавъяат эмч Хайдавын Гэлэгжамцыг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Туул мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн багш Батаагийн Туул, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Дашжамцын Баттулга, Хөвсгөл аймгийн Хөвсгөл аяны жолоо ХХК-ийн захирал Гэндэнсүрэнгийн Сүхбаатар нарыг,
Монгол Улсын гавъяат багш цолоор 29-р сургуулийн ахмад согог зүйч багш Дэжидийн Долгорсүрэн, Ганзам цогцолбор сургуулийн захирал Намралын Батбаяр, Хууль сахиулах сургуулийн бие хамгаалах урлагийн тэнхимийн зөвлөх багш Санжхүүгийн Хаянгарваа, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өндөр настан, ахмад багш Ядамын Дүгэр, СХД-ийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Бадамын Цолмон нарыг. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.
Адуучин залуу шарга морио "Жавхлант шарга" хэмээн нэрлэж шинэхэн гишүүнд бэлэглэжээ
Сонгуулийн сурталчилгаагаа шарга морь унан эхлүүлж, улмаар ялалт байгуулсан МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол дээр 99 морьтон дагуулж, Төрийн ордны сүлдэт баганаас морио уясан нь содон байсан. Тэгвэл уг морийг нэгэн адуучин залуу С.Жавхлангийн сонгуулийн ажилд амжилт хүсэж өгсөн байна. Сонгууль дуссаны дараахан С.Жавхлан уг морийг ижил сүрэгт нь нийлүүлэхээр эзэнд нь өгөхөд морины эзэн С.Анхбаяр шарга моринд "Жавхлант шарга" хэмээн нэр хайрлаж шинэхэн гишүүн С.Жавхланд бэлэг болгон барьжээ.
“Монголын нэг өдөр” тойм хүлээн авч уншсан танд баярлалаа.
Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
Та бүхэн сайхан наадаарай.