Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монгол түмний маань тоосонд нь даруулж хийморио сэргээдэг хурдан соёолон насны морьдын уралдаан болдог уламжлалтай. Энэ жил газар газраас ирсэн 293 соёолон төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөлөө. Дөнгөж сая соёолон насны морьд барианд орлоо. 22 км-ээс эргэсэн хурдан соёолонгийн түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн бор соёолон түрүүлж, төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөлөө. Аман хүзүүнд Архангай аймгийн уяач, Ө.Пүрэвбаатарын загал үрээ, гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр соёолон , дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын Д.Ганзоригийн хонгор халзан үрээ , айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Л.Батмөнхийн халзан соёолон тус тус хурдаллаа.