Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан ЭМСЯ, ЭХЭМҮТ, МХЕГ тус тусын зөвлөмж зөвөлгөөнүүдийг наадамчин олонд зориулан гаргасан байна.
Наадмын өмнөх өдрүүдэд нийт орон даяар цаг агаар хэт халуун болох төлөв ажиглагдаж байгаа бол наадмын өдрүүдэд үргэлжилсэн их усан бороо орох төлөвтэй байгааг УЦУОШТ-өөс мэдээлсэн. Цаг агаарын ийм эрс тэс уур амьсгалын дараагаар их хэмжээний үер буух магадлал өндөртэй байдаг тул амралт зугаалгаар явах гэж байгаа иргэд голын захад буудаллахгүй байх анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Харин хотын төвийн дүүргүүдээр баяр наадмаа тэмдэлэн өнгөрүүлэх гэж буй иргэд дараах анхааруулга, зөвлөмжтэй танилцана уу.
ХУУШУУР ИДСЭНИЙХЭЭ ДАРАА ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, АЙРАГ, СОГТУУРУУЛАХ УНДАА БҮҮ ХЭРЭГЛЭ
1. Хоол хүнсээ баталгаат газраас худалдаж авах
2. Хуушуур, хорхог, боодог идсэний дараа хийжүүлсэн ундаа, айраг, согтууруулах ундаа уухгүй байх /ходоод гэдэс, нойр булчирхай өвдөх эрсдэлтэй/
3. Салат зууш хэрэглэхдээ шинээр бэлтгэж хэрэглэх
4. Хэт халууцсаны дараа хүүхдэд хүйтэн ундаа, зайрмаг идүүлэхгүй байх
5. Аюулгүй хоол хүнсний таван зарчмыг баримтлах
УС, ХЯРАМ, ХАР ЦАЙ, ЦИЙДЭМ ИХ УУХ
1. Наранд удаан явахгүй байх, сүүдэртэй газар суух
2. Ус, хярам, хар цай, цийдэмийг аль болох их уух
3. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
4. Нүдний шил, нарны малгай тогтмол хэрэглэх
5. Өндөр настан, даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух, гэрээс гарахгүй байх
ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ 2,4 ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙ НЭГ УДААГИЙН САВ, ХАЛБАГА ХЭРЭГЛЭЭРЭЙ
• Ажилчид ажлын хувцсаар бүрэн хангагдаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхийг харах
• Хуушуурын мах гарал үүслийн гэрчилгээтэй, шинжилгээнд хамрагдсан түүхий эд болохыг асууж мэдэх боложмтой
• Хоол хүнсийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгээс авах ба бусад газарт явж зарж байгаа хүнсээс татгалзах
• Хүнсэнд 2, 4 тэмдэглэгээтэй нэг удаагийн сав, халбага хэрэглэж буй эсэхийг нягтлах
• Айраг, ундны усыг 1, 5 тэмдэглэгээтэй саванд хадгалж буй эсэхийг нягтлах
Хэрэв зөвшөөрөлгүй газарт хуушуур, шорлог, хүнсний үйлчилгээ эрхэлж байгаатай таарвал мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэж газар дээр нь хурааж устгалд оруулах боломжтой.