8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баян-Өлгий аймагт ноцтой осол болж, дэд сайдуудын нэр эцсийн байдлаар тодорсон өдөр

2016-08-02 19:00:00

Жаргалтай өдрөө амьдралыг ерөөсөөр 
Зүдрэлтэй өдрөө амьдралыг хараасаар
Зүхэж зарим нь тангараг тасарсаар
Зүтгэж зарим нь найзалж зэрэгцсээр...


хэмээн яруу найрагч Р.Чойномын шүлэг санаанд бууна. Тиймээ, бид үнэхээр л жаргалтай үедээ амьдралыг аз жаргалаар төсөөлж, зовсон үедээ там мэт харж хараах нь энүүхэнд шүү дээ. Гэвч эрээнтэй бараантай амьдрал ээлжилж, хүмүүний амьдрал хүсэл нь хяслаар хязгаарлагддаг нь жам юм даа. Сайнтай муутай, саартай, сааралтай “Монголын нэг өдөр” ийнхүү шувтарч байна. Ойрын хэд хоног хэт их халалт үргэлжлэх төлөвтэй байгаа учраас алдрай бяцхан үрсээ наршихаас  сэргийлээрэй. Долоо хоногийн сүүлээр аадар бороо орох, хүчтэй шуурга шуурах талаар ОБЕГ-аас анхааруулж байна лээ шүү. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн онцлох мэдээлэлүүдээ хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Дэд сайд нарын нэрс эцсийн байдлаар тодорхой боллоо

МАН-ын Удирдах зөвлөл дэд сайд нарын асуудлыг хэлэлцэж дууслаа. Уг хуралдаанаар дэд сайд нарын нэрс эцсийн байдлаар тодорхой боллоо. Дэд сайд нарыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, хэлэлцэж томилох юм байна.

- Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр

- Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Гантулга

- Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

- Хуульзүйн дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр

- Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа

- Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

50 тонн цемент ачсан машин осолдож,7 хүн амиа алдлаа 

Өчигдөр  орон нутгийн цагаар 17.00 цаг орчмын үед Баян-Өлгий аймагт 50 тонн цемент ачсан ачааны машин осолдсон хэрэг гарчээ. Наадмын үеэр Баян-Өлгий аймагт орсон их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 300 гаруй айл усанд автсан билээ. Тус иргэд шинээр байшин барих шаардлагатай 50 тонн цементийг ачиж явсан Камаз маркийн ачааны автомашин онхолдсон байна.Машин уруу замаар доошлохдоо жолоодлогоо алдаж, замд байсан айлын байшинг мөргөжээ.  Ослын улмаас долоон хүний  цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн нэр нь тодорхойгүй 6 настай охин хүнд гэмтсэн байсныг эмнэлэгт яаралтай хүргэжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 55 албан хаагч, 5 автомашин сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 албан хаагч, 5 хүнд даацын техник, нийт 122 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Риод очсон тамирчдад “Толгойгоо усанд бүү дүрээрэй” гэсэн сануулга өгчээ

Рио де Жанейро хотноо олимп болох гэж байгаа энэ өдрүүдэд усны бохирдлын түвшин санаа зовоож байна. Ассошитэд пресс агентлагийн захиалгаар Рио де Жанейро хотын усанд нь жил дөрвөн сарын судалгаа хийжээ. Энэхүү судалгааны дүн нь хүний болгоомжгүй үйлдлээс болж усны вирус, бактерийн хэмжээ өндөр түвшинд буюу 90 хувийн бохирдолтой гэсэн дүгнэлт гарсан байна. Олимп үзэх мөн үүнээс гадна томоохон наран шарлагын газруудад ирж байгаа жуулчдын нүүрний арьсанд хортойгоор нөлөөлнө гэжээ. Тиймээс Риогийн тамирчдыг хариуцсан мэргэжилтэн ганц л юмыг анхааруулж байгаа юм байна. Энэ нь “Толгойгоо усанд бүү дүрээрэй” гэсэн сануулга аж.

АН-ын фракцууд хэнийг даргаараа сонгох вэ

АН дотроос намын дарга цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх чансаатай чадалтай эрхэм хэн байх бол. АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулахаар товлоод байгаа. Харин  ҮЗХ энэ сарын 5 буюу энэ баасан гаригт хуралдахаар болсон байна. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм. Одоогоор намын даргад хэн хүч үзэх, бүлэг фракц хэнийг дэмжих  талаар аль хэдийн ярилцаад эхэлжээ. Тав дахь өдөр болох ҮЗХ-аар намын даргаа тодруулж, 12 сард болох  Их хурлаараа намын даргаа батламжлах учиртай. Намын дарга болсон эрхэм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн хүч үзнэ. Одоогоор тус намаас Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, МоАН Лу.Болд, МҮДН-ынхан Д.Эрдэнэбатыг, Алтангадас фракц Я.Санжмятавыг, Шонхорчууд С.Эрдэнийг сойх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл байна. С.Эрдэнийг намын дарга болгох тухай мэдээлэл өмнөх ҮЗХ дээр ч мөн яригдсан асуудал. Өнгөрсөн долдугаар сард болсон АН-ын ҮЗХ-ын хурлын үеэр нэгэн сонирхол татахаар зураг олон нийтэд дэлгэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

12 хонийг устгаж, 284 хонийг тусгаарлалаа

Өнгөрөгч долоодугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарч, халдварын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Халдварын голомтод нутагт байгаа малчдад отор нүүдэл хийхгүй байхыг сануулах, хорио цээрийн дэглэм сайтар тогтоох, мал вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, өвчтэй малыг устгах ажлыг зөв зохион байгуулах, халдварын голомтод байгаа мал, амьтаныг богино хугацаанд вакцинжуулалт хийхийг албаныхан үүрэгдсэн байна.

Цагаандэлгэр сумын хувьд 224 малыг тусгаарлан вакцинжуулаад байгаа бол Баянжаргалан сумын Цэцэг өвчнөөр өвчилсөн 12 хонийг устгаж, 284 хонийг тусгаарлаад байгаа гэжээ.

Роигийн олимпод орох манай баг тамирчдын цүнх замдаа урагджээ

Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимп Рио де Жанейро хотноо энэ сарын 5-нд эхэлнэ. Манай тамирчид Рио де Жанейро хотноо очиж,  олимпийн хотхонд байрлаж, "Voltta Redonda" спортын төвд бэлтгэлээ хийж байна. Тамирчид бэлтгэлээ хийж байх үеэр Роигийн олимпод орох манай баг тамирчдын цүнх замдаа урагджээ гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Манай тамирчдын ачаа буюу хувцас хийсэн цүнх нь урагдсан очжээ. Твиттер хуудаснаа "гэмтсэн цүнх"-ний талаар жирэгцгээж байна. Тодруулбал жиргээчид Эрүүл мэнд Спортын сайд асан С.Ламбаа руу хандаж, нэлээд шүүмжилж байна. Харин С.Ламбаа уг асуудлыг өөрөөсөө түлхэж, "Харамсалтай л байна. БТСХТ-ийн дарга н.Жаргалсайханы хариуцсан ажлын үр дүн энэ дээ. Олимпийн дараа тооцоо бодно биз дээ" хэмээн хариу барьж жиргэсэн байна. 

Өнөөдрөөс машины дугуйг түгжихгүй

Нийслэл хотын замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор  “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг баталсан.  Энэхүү тогтоолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “хүчин төгөлдөр бус” болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрөөс эхлэн дугуй түгжих үйлчилгээг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Дугуй түгжих нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэж байна. Дэлхийн хотуудад дугуй түгжих үйлчилгээг явуулахдаа хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас холдуулж, тусгай зогсоолд хүргэсний дараа дугуйг нь түгжиж, захиргааны арга хэмжээ авдаг. Харин нийслэл хотод дугуй нь түгжигдсэн тээврийн хэрэгслийг жолооч, цагдаа нар замаас гаргах боломжгүй байна. Наймдугаар сарын дундаас эхлээд хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэж үзсэн” гэсэн байна. 

Монголын тамирчдын салхийг жүдочид хагална

Бразилын Рио де Жанейро хотод ирэх баасан гаригт эхлэх олимпийн наадамд хүч чадлаа сорих Монголын тамирчдын салхийг жүдочид хагална. Риогийн олимпийн жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, тухайн жингийнхээ олимпийн медальтнуудыг тодруулна. Манай жүдочдоос эрэгтэй 60 кг-д ОБЕГ-ын харьяа “Аврагч” клубын тамирчин Ц.Цогтбаатар, эмэгтэй 48 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нар татамид гарч зодоглох болно.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо 24 цагаар ажиллана
 

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллахыг  холбогдох газуудад Нийслэлийн засаг дарга захирамжаар даалгалаа. Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган  сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар,болон бусад холбогдох газруудад үүрэг болгосон байна. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл