8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголчуудын сууж явсан автобус шатаж, Н.Энхбаярын асуудал дуулиан дэгдээсэн өдөр

2016-08-05 19:00:00

Сүүлийн хэд хоног хэт их халж байсан бол өнөөдөр өглөө бороо шивэрч чийглэг өглөө биднийг угтлаа. Энэ амралтын өдрүүдэд ихэнхи нутгуудаар аадар бороо орох талаар Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлж байна. Сүүлийн өдрүүд бороо орно гэж байгаа учраас уншигч таньд бороотой холбоотой мэдээлэл хүргэе. “Зарим хүмүүс бороон дуслыг сэтгэлээсээ мэдэрдэг байхад зарим нь харин зүгээр л шалба нороод өнгөрөх юм” хэмээх хөгжмийн регги урсгалын домогт уран бүтээлч Боб Марлигийн ишлэл хэлсэн байдаг. Тэгвэл  таньд бороотой холбоотой сонирхолтойм мэдээлэл хүргэх гэж байна. 
•    Бороо бол дэлхий дээрх гол нуур, далайн тэнгисийн усны нөөцийн ууршсан хэлбэр бөгөөд секунд тутамд дэлхийн гадаргын 16 сая тн усны нөөц тэнгэрт ууршдаг байна. Борооны үүл нь дунджаар 1200 м өндөрт бүрэлдэх нь бий боловч 10.000 м өндөр үүлнээс бороо орж байсан тохиолдол бий гэнэ.
 
•    Ихэнхи уран зурагт зураачид борооны дуслыг ихэвчлэн нулимстай адилтгаж дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ борооны дусал нь дэлхийн бөмбөрцөг шиг бөндгөр, бөнжигнөсөн хэлбэртэй гэнэ. Харин хэмжээний хувьд 0.508 мм урт ба диаметр нь 0.7874 мм хэмжээтэй байдаг ажээ.
•    
•    Дэлхий дээр 100 сая гаруй хүн борооноос харшилтай байдаг ба энэ нь борооны ус арьсан дээр нь дуссан тохиолдолд улайж загатнан, товруу үүсгэхийн сацуу бороонд удаа байвал үхэлд ч хүргэж болдог эмгэг юм байна. 
Хэт халалт зогсож бороо орно гэж байгаа учраас та бүхэндээ борооны талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Харин одоо та бүхэндээ үдэш бүхний энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Н.Энхбаяр:Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй

АТГ-аас иргэн Н.энхбаярт зургаан удаа зарлан дуудах хуудас өгч байсан ч нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан. Харин өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын албан хаагчид өрөөнд нь саатуулж байцаалт авч байна хэмээн нэлээд дуулиан дэгдээлээ. Түүнийг эмчид үзүүлсэний дараагаар баривчлана гэсэн мэдээлэл нэлээд гарлаа. Харин АТГ-ынхан байцаалт аваад өнгөрлөө. Байцаалт өгсөний дараагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд  мэдээлэл хийв.

 Тэрбээр "Намайг баривчлах гэж ирсэн. Өмгөөлөгч гэж тагнуул хүн авчирч миний эрхийг зөрчиж, бичиг цаасаа өөрсдийн дур сонирхлоороо бөглөчихөөд явах гэж ирсэн.  Хэвлэл мэдээллийнхэн цугларсан учраас энэ удаад өнгөрөөсөн. “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд хоорондоо ярьж байсан. Баривчлах машинаа оруулах гээд байхгүй юу. Аягүй бол шөнө дөлөөр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн байхгүй үед ирж баривчлах байх. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй. Монголчууд минь эрх чөлөөнийхөө төлөө тэмц" хэмээн хэллээ. 

Монголчуудын автобус шатаж, дэлбэрчээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Эрээн рүү явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатаж, дэлбэрсэн хэрэг гарчээ. Автобусанд 37 монгол иргэн явж байсан аж. Азаар хүн бэртэж гэмтэж, түлэгдсэн гэх мэдээлэл ирээгүй байгаа гэнэ.Харин иргэдийн авч явсан ачаа бараа, паспорт зэрэг эд зүйлс нь шатаж дуусчээ.  Монгол иргэд гутал хувцас юу ч үгүй бөөнөөрөө нэг буудалд байрлаж байгаа юм байна. Бүх хүн бууж амжсаны дараа автобус дэлбэрчээ.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ жолоо баривал 7-30 хоног баривчилна

1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө.  Харин есдүгээр сарын 1-нээс хойш  тус хуулийн шинэчилсэн найруулгаар замын хөдөлгөөний журмыг зохицуулна. Шинэчилсэн найруулгад ямар ямар заалтууд багтсаныг танилцуулж байна.

27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлснийдоод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/  торгож,  7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж амиа алдлаа

Сүүлийн үед эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж балчир үрс түлэгдэж улмаар амь насаа алдах явдал олон гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн боловч өчигдөр нас барсан хэрэг гарчээ. Тус  хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Шүүхээс УИХ-ын гишүүн Д.Муратын хууль зөрчсөнийг тогтоожээ

УИХ-ын 6 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Д.Мурат нь сонгогчдод  бэлэн мөнгө,бензин шатахуун, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын  өрхүүдэд эрэгтэй хүний тоорцог малгай, эмэгтэй хүний алчуур болон бусад эд бараа тарааж, сонгуулийн сурталчилгааны явцад өрсөлдөгчөө гутаан доромжилж, хуурамч мэдээлэл тараасан  гэсэн мэдээлэл сонгуулийн үеэр гарч байсан. Түүний энэ хууль бус үйлдэлүүдийг өрсөлдөгч болох МАН-аас нэр дэвшигч  А.Тлейхан Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.4, 70.5.16, 70.5.13-ыг ноцтой зөрчсөн гэж үзээд аймгийн хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байс ан. 


Мөн үүнээс гадна Баян-Өлгий аймгийн “Эрчим” ХХК-ны захирлаар ажилладаг  тэрээр 1 кв.м. талбайн дулааны үнийг хөрш зэргэлдээ Ховд, Увс аймгаас 2-4 дахин өндөр тогтоож, халаалтын зардлыг 2.4 дахин өсгөж төсвийн мөнгөөр баяжсан зэрэг ноцтой мэдээлэл гарч байсан. Харин сүүлийн үед  Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат гишүүний эрхийг түдгэлзүүлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна. 


Тодруулбал, Баян-Өлгий аймгийн анхан шатны шүүхээс түүнийг сонгуулын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан ч гэсэн давж заалдах шатны  шүүхээр энэ асуудал үнэн эсэх нь тодорхой болох биз ээ. 

Баян -Өлгий аймагт мод ачиж явсан машин онхолджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.  Мөн үүнээс гадна Баян -Өлгий аймгийн Цэнгэл сум Бор бургас гэх газар гороон замд Х жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Х-ийн амь нас хохирсон байна. Тус жолооч мод ачиж явж байгаад ийн осолд орсон байна.

Шаардлагагүй тохиолдолд гадаа гэрэл асаахгүй байхыг зөвлөж байна

Наймдугаар сард эрвээхэйн нислэгийн үе эхлэдэг. Үүнтэй холбогдуулан “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс  анхааруулга гаргажээ.   Шаардлагагүй тохиолдолд гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусаж цуглуулан, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусаж цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхааруулж байна гэжээ.

Улсын арслан Р.Пүрэвдагва хүн зодсон гэсэн мэдээлэлд тайлбар өглөө

Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Улсын арслан  Р.Пүрэвдагватай холбоотой таагүй мэдээлэл өчигдөр цацагдсан. Тодруулбал,  Улсын арслан Р.Пүрэвдагва Тэрэлжид архидан согтуурч, бусдыг зодож танхайрсан, зодуулсан хүн нь ГССҮТ-д хэвтэж байгаа. Тус хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэсэг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар " Энэ гүтгэлгийн чанартай мэдээ. Ийм мэдээлэл гарсанд ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Тийм зүйл гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэсэн байна. 

Та амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл