8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай, Орхон аймагт үер бууж, хуурамч визний зөрчлийг илрүүлсэн өдөр

2016-08-11 18:29:00

Одоогоос найман жилийн өмнө Даян дэлхийн спортын их баяр наадам-зуны олимпийн ХХIX наадмын жүдо бөхийн төрөлд гарамгай амжилт гаргасан монгол түмний хайртай хүү Найдангийн ТҮВШИНБАЯР алтан алтан медалийн эзэн болж байсан түүхтэй. Тиймдээ ч бид жил бүрийн 8 дугаар сарын 14-ны өдрийг монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа тамирчидаараа бахархаж, омогшиж өнгөрүүлдэг билээ. Харин өнөөдөр Монгол түмний хайртай хүү найдвар алдадгүй Найдангийн хүү Түвшинбаяр барилдах гэж байна. 3 сая монголчууд тив дэлхийд нэрээ цуурайтуулж яваа тамирчидынхаа дээлийн захыг мушгиж, сэтгэл догдлон хүлээж байна.

Өнөөдөр манай улсаас дөрвөн тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд,эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм. П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ. Манай ширэн бээлийтэнүүдээс Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Мөн урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх юм. Баг тамирчиддаа Амжилт хүсье. Одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Монгол Улс хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэрээ өгч чадахгүй дампуурах уу

Өнгөрсөн долдугаар сараас эхлээд сар бүр өгдөг байсан хүүхдийн мөнгийг өгөөгүй байгаа. Энэ жилийн хувьд хүүхдийн халамжид нийт 144 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Бид энэ талаар өмнө мэдээлэлж байсан бөгөөд мөнгө хэзээ орох нь Төсвийн тодотгол хэзээ хийхээс шалтгаалах талаар ч мөн мэдээлэл хүргэсэн. Төсвийн тодотгол хийснээр  санхүүжилтээ хэрхэн шийдэж, мөнгө өгөх эсэхээ шийдэх талаар Засгийн газраас мэдээлэлсэн. Мөн үүнээс гадна манай улс цалин, тэтгэвэр тавьж чадахгүй болсон талаар төрийн сайдын хийсэн мэдээлэл дуулиан дагуулж байна. Өчигдөр энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэн юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, эмч төрийн албан хаагч, соёл урлагийнхан, урсгал зардлуудыг санхүүжүүлэх боломжгүй боллоо” гэсэн мэдээлэл хийв. 


Мөн Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэж байгаа аж. Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүй төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байгаа хүндхэн нөхцөл байдлын талаар ч мөн хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу. 

З.Энхболд: Монголын нэр хүндийг унагаснаа яаралтай засах хэрэгтэй

Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн  манай улс цалин, тэтгэвэр тавьж чадахгүй болсон талаар мэдээлэл хийсэн. Түүний хийсэн энэ мэдэгдэлийн талаар АН-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын дарга З.Энхболд нар мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүл хэлэхдээ “Үүнийгээ засч залруулах ёстой. Монголбанк хэзээ балансын аригматик ярьж байсан юм. Монгол Улс 25.6 тэрбум ам.долларын өртэй байна гэсэн. Тийм хэмжээний өр байхгүй. Сайн хашаа хөтөлбөрийг зогсооно гэдэг бол эдийн засгийн ута учраа мэдэхгүй байна гэсэн үг. МАН үнэмлэхүй олонх болсныхоо дараа дандаа тэгдэг юм” гэв.

Харин УИХ-ын дарга асан З.Энхболд “Сүүлийн дөрвөн жилд улсын төсөв жил бүр нэг их наяд төгрөгөөр тасалдаж ирсэн. Гэтэл үүнийг хэд дахин өсгөж ярьж байна. Жилийн эцэст төсөв 5 их наядын алдагдалд орно гэсэн нь дотоодод төдийгүй гадаадад Монголын нэр хүндийг унагаж эдийн засгийг улам доройтууллаа. Ийм алдагдал байхгүй. Жилийн төсвийн орлого 7 их наяд. Үүнээс 5 их наяд нь орж ирэхгүй гэхээр энэ улсад татвар төлөх нэг ч аж, ахуй нэгж байхгүй болно. Тийм боломжгүй. Боломжгүй зүйлийг ярьж байна. Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөц улайссан гэж мэдэгдээд л долларын ханшийг 150 төгрөгөөр өсгөж байна. Хариуцлагагүй байдлаар авч явж болохгүй" хэмээн хэллээ. 

АН-ын даргыг фракцийн дарга нар сонгох ёсгүй гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2016.08.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна. Тийм учраас хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Ирээдүйн Ардчилсан нам ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана. Ардчилсан нам сонгуульд ялагдсан олон шалтгаан бий. Хамгийн том ялагдал хүлээсэн гол шалтгаан нь сүүлийн найман жил Ардчилсан намыг удирдсан хүмүүс намын гишүүддээ үзэл санаа, үнэт зүйлийн талаар нэг ч удаа яриагүй. Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярьж гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон.

Тиймээс шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол үзэл санааны шинэчлэлийг хийх ёстой. Үзэл санаа зарчмаа илүү тодорхой харсан шинэчлэл рүү явах ёстой гэж би үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Тариаланчдад хөнгөлттэй шатахуун олгоно

Энэ оны ургацын төлөв байдал, хураалтын бэлтгэл ажлын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ үеэр ургац хураалтад шаардагдах зургаан мянган тонн шатахууныг 50 хүртэл хувийн урьдчилгаатай, төлбөрийн үлдэгдлийг намрын ургацаас нөхөн олгох нөхцөлтэйгээр зээлээр олгох ажлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болгожээ. 

Энэ намар улсын хэмжээнд нийт 491.2 мянган га талбайд ургац хураалтын ажлыг зохион байгуулах бөгөөд үүнээс үр тариа 375.3 мянган га, төмс 14.2 мянган га, хүнсний ногоо 7.8 мянган га, тосны ургамал 63.8 мянган га, тэжээлийн ургамал 25.3 мянган га, эмийн ургамал 4.2 мянган га, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус хураалт хийнэ. Энэ жилийн хувьд ургацын болц эрт байгаа тул хураалтын ажил урьд жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгаа ажээ.

Хуурамч виз, штампын зөрчлийг илрүүлжээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд наймдугаар сарын 08-ны шөнө Монгол Улсын иргэн О нь Е0820292 дугаарын гадаад паспортанд 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.

Мөн өдөр Монгол Улсын иргэн Н нь Е1325363 дугаарын паспортанд Япон улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хүчтэй аадар бороо орсны улмаас Өвөрхангай, Орхон аймагт үер буужээ

Энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр Өвөрхангай, Орхон аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер буужээ. Тодруулбал,  Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас хашаа, байшин усанд автсан, голын усанд суусан таван дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан 2 хашаа, 1 гэр, 3 автомашин, 9 иргэнийг аюулгүй болгосон байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Шанд, Уртын гол багийн нутаг дэвсгэрт хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан хальж 57 айлын хашаа, 10 байшин, 3 гэр,  2 гараж, жорлонгийн нүх усанд автсан онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 6 автомашин, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 30 алба хаагчид, 1 автомашин, Хотын захирагчийн ажлын албаны 4 албан хаагч, 2 автомашин, нийт 66 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр аюулгүй болгожээ.

20 настай залуу гэрлийн шилээр амиа егүүтгэжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр 20 настай Б гэх залуу өөрийнхөө гэдсийг гэрлийн шилээр хүүлж, улмаар амиа алдсан хэрэг гарчээ. Түүнийг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй долоо хоногийн дараа өөд болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Б архи уусан үедээ гэрийнхэндээ байнга агсам тавьж, амиа хорлоно гэж сүрдүүлдэг байсан гэнэ. Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

Болц гүйцээгүй самрыг худалдах, худалдан авахыг хоригложээ

МХЕГ-аас боловсорч гүйцээгүй самрыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхаарууллаа. Учир нь болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй байдаг юм байна. Ойн тухай хуульд зааснаар хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас хойш хагас жилийн хооронд бэлтгэдэг. Энэ хугацаанд самар бүрэн боловсорч гүйцдэг аж. Гэвч иргэд сүүлийн жилүүдэд самрын болц бүрэн боловсорч гүйцээгүй байхад түүж, гар дээрээс худалдаалах зөрчил ихээр гарах болжээ. Үүнээс үзэхэд иргэд хууль зөрчиж байна гэдгийг албаны хүмүүс ярьж байна. 

Хэрэв иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн, тээвэрлэсэн бол иргэний олсон орлогыг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох бөгөөд ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. Тиймээс энэхүү заалтыг зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцохоор болсон байна. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment