8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Цалинг 30 хувиар бууруулж, Ам.доллар 2240 төгрөгт хүрсэн өдөр

2016-08-16 18:10:00

Эрхэм уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа дараах мэдээ, мэдээллүүдийг онцолж байна. Хүлээн авна уу. 

Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

"Рио-2016" олимпийн наадмын боксын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилсээр байна. Манай зургаан ширэн бээлийтэн Риогийн рингэнд өрсөлдсөн. Эдгээрээс боксын 60кг-ын хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад байсан ОУХМ Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай ОЛИМПИЙН ХҮРЭЛ медальтан болсон юм.  

Харин 56 кг жинд манай улсын боксчин Э.Цэндбаатар одоогоор хагс шигшээд шалгараад байгаа билээ. Тэрбээр Беларусийн Дмитрий Асаноуг 2:1 харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана. Тулаан үдэш 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай өрсөлдөнө. 

Дэд сайдуудын зардал, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас хасах хэрэгтэй гэв

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийсэн. Сангийн сайд хэд хоногийн өмнө улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрхүү мэдээллээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, ам.долларын ханш өсч, сөрөг үр дагавар бий боллоо хэмээн Ардчилсан намынхан тайлбарлаж байгаа.  Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар эдийн засаг, төсөв санхүүгийн байдлыг үнэн зөвөөр мэдээлсэн. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлагатай байна.  Ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголтой хамт эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж оруулж ирнэ гэдгээ хэллээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн дөрвөн жилд хамтарсан Засгийн газар ажилласан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэдгийг онцолсон юм. Эдийн засгийг хэрхэн сэргээх талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын цалинг буруулж, төрийн албаны зардлыг багасгана” гэж  мэдэгдсэн байна. Мөн үүнээс гадна удаан хүлээгдээд байгаа хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар "Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой" гэсэн мэдэгдэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  хийсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхлэх шийдвэр гараад  байсан. Энэ дагуу өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулахаар болоод байсан. Гэсэн ч оны эхнээс энэ шийдвэр хэрэгжээгүй аж. Тэгвэл хүүхдийн мөнгө урьдных шигээ биш зорилтот бүлэгт өгөх нь тодорхой боллоо.  Харин дөнгөж сая энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

1 ам.доллар 2240 төгрөгтэй тэнцлээ

Ам.долларын ханш сараар бус өдрөөр нэмэгдэж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш өссөөр өчигдрийн байдлаар 1 ам.доллар 2225 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл өнөөдөр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 1 ам.доллар 2240 төгрөгтэй тэнцээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим банкууд ам.долларын арилжааг зогсоосон гэх мэдээлэл  олон нийтийн дунд тархаад байна Мөн хоёр долоо хоногийн өмнө 309 төгрөгтэй тэнцэж байсан БНХАУ-ын юань өнөөдөр 341 төгрөгтэй тэнцэж нийт 32 төгрөгөөр мөн адил өсчээ.

Чингисийн талбайг Сүхбаатарын нэрээр нь үлдээх шүүхийн эцсийн шийдвэр гарлаа

2013 онд Жанжин НИТХ-ын тогтоолоор Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн. Уг шийдвэрийг түүний ач охин болон зээнцэр, гучинцар нь эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан билээ. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Тэгвэл дараагийн шатны шүүхэд хариуцагчаар хотыг татаж, нэхэмжлэгчээр Д.Сүхбаатарын ач охин Д.Сүхжаргалмаа болон зээнцэр З.Хайдар нар давж заалдаад мөн л тэдний талд шүүхийн шийдвэр гаргасан.  Тэгвэл өнөөдөр болсон шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын гээд хуучнаар нь нэрлэх эцсийн шийдвэр гаргажээ. Ийнхүү дахин давж заалдах боломжгүйгээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учраас НИТХ шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуучин нэрийг нь сэргээх л үлдлээ.

Ерөнхий сайдын мэдэгдэл хууль зөрчсөн гэв

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Засгийн газар зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж байгаагаа энэ үеэр онцоллоо. Дээрх сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байгааг шүүмжлэв. Учир нь арилжааны банкууд Төвбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн байна. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа тэд хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр зарим төрийн албан хаагчийн цалинг буруулна гэж мэдэгдсэнЭнэ нь хууль зөрчиж байна гэдгийг бүлгийн дарга С.Эрдэнэ онцолсон байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй”. гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна гэв. 

Мөн “Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагт Чингис бондын өгөөж 5.47-оос 5.71 болж, 5.4 хувиар муудаж, үнэ нь 98.26-аас 98.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөч 5.93-аас 8.41 болж, 42 хувиар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-аас 2230 болж, 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн” гэлээ. Мөн тэрээр “Одоогийн УИХ, Засгийн газрын мэдэгдлүүд, байр суурийг ажиглахад сонгуулийн сурталчилгаа хийж буй мэтээр аяглах, улс орны төрийн жолоог атгачихаад зах зээлийн хүлээлтийг эвдэх хариуцлагагүй мэдэгдэл хийж, эдийн засагт итгэх итгэлийг бүр мөсөн алдагдуулах үйлдэл гаргасаар байна” гэсэн юм.

Тэшиг сум руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орсон. Борооны улмаас зарим голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Тодруулбал, Булган аймаг Тэшиг суманд голын усны түвшин нэмэгдэсний улмаас гүүрийн далан сэтэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Аймгийн ОБГ-аас хоёр моторт завь ажиллуулж иргэдийг зөөвөрлөж байгаа аж. Иймд Онцын шаардлагагүй бол Булган аймаг Тэшиг сум руу зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. 

Дуучин Нара: Хүүхдээ хөхүүлэх, улс төр хоёрт ямар чөтгөрийн хамаарал байна

Дуучин Нара саяхан хүүгээ хөхүүлж буй зургаа цахим хуудаснаа нийтэлсэн нь зарим нэгэнд таалагдаагүй бололтой. Тодруулбал, түүний хүүгээ хөхүүлж буй зургийг хараад нэгэн эмэгтэй тун ч хачирхалтай харьцуулалт хийж шүүмжилсэн нь дуучин Нараг хатуу үгс хайр найргүй чулуудахад хүргэжээ. Тэрбээр мөнөөх эмэгтэйд “Миний хүү чамд зөнөг байж болох ч ээждээ нялх шүү дээ! Юуг юутай харьцуулаад дуракдаад байгаа бүсгүй вэ. Өчүүхэн сэтгэлээ нууж амьдармой, айн” хэмээсэн хатуухан хариулт өгчээ. Мөн “Ийм зөнөг хүүхдээ хөхүүлдэг байж яаж улс төрийг угжнаас нь гаргах гэсэн юм  бол доо” ч гэх шиг. Инээдтэй юм аа.! Хүүхдээ хөхүүлэх, улс төр хоёрт ямар чөтгөрийн хамаарал байна аа. Хоёр нас байтугай 20 хүрсэн ч үр хүүхэд нь эхдээ нялх амьтан л байдаг" хэмээн бичжээ.

Юанийг хуурамчаар үйлдэх хэрэг ихэсчээ

Сүүлийн өдруүдэд БНХАУ-ыг зорих монголчуудын өссөнтэй холбоотойгоор хуурамч юань солих гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс валют солиулахдаа баталгаатай газар хандаж, сайтар шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Гадны орнуудад 1999, 2005 онд үйлдвэрлэгдсэн хуурамч 100, 50 юанийн дэвсгэрт ихээр тархсан байна. 2005 оны юаныг цаасан дээр үрэхэд будаг гардаг бол хуурамч дэвсгэртээс гардаггүй. Мөн нүүрэн талын доорхи ногоон өнгөөр гялалздаг 100 гэсэн тооны өнцгийг өөрчлөөд харахад бор саарал болж хувирдаг бол хуурамч дэвсгэртийнх өөрчлөгддөггүй гэнэ.

Агентлагийн даргаас Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтны цалинг 30 хувь бууруулна

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн даваа гарагт зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан. Гэвч Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийн дараа нийт төрийн албан хаагчдын цалинг бууруулах мэтээр ташаа мэдээлэл иргэдийн дунд цацагдаж, нийгэмд багагүй бухимдал төрүүлсэн билээ. Тэгвэл агентлагийн даргаас Ерөнхийлөгч хүртэл албан тушаалтны цалинг 30 хувь бууруулах юм байна. Мөн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын цалинг 30 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа гэдгийг Сангийн яамнаас мэдээлжээ. Үүнээс гадна дээрх албан тушаалтнуудын шатахуун, утасны хэрэглээ болон тавилгын зардлыг 30 хувиар бууруулах аж. Зөвхөн утасны хэрэглээг 30 хувиар бууруулахад жилдээ 100-200 сая төгрөг хэмнэх боломжтой. Дашрамд дурдахад, 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлж байна.

Самар түүж байгаад дахин нэг иргэн амиа алджээ

Энэ жил хуш модны самар сайн ургаж байна. Энэ хэрээр иргэд хууль бусаар зөвшөөрөлгүй түүж, зарж борлуулах, худалдаалах нь ихэссэн билээ. Тэгэхдээ самар түүх хугацаа нь болоогүй гүйфэд болоогүй байхад түүж байгааг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна. Мөн түүх байхдаа өндөр модноо унаж бэртэх, амь насаа алдах хэрэг гарсаар байна. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр гэхэд самар түүж явсан хоёр иргэн өндөр модноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэрэг дахин давтагдаж  дахин нэг хүн өндөр модноос унаж амиа алдсан хэрэг гарсан байна.  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг Тоомын гэх газарт, Богд суманд суух эрэгтэй Э /эр.28н/ нь самар түүж яваад модноос унаж амь насаа алджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Өрхийн мөнгөн орлого буурсан үзүүлэлттэй байна

Энэ оны хоёрдугаар улирлын судалгаагаар  нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 875 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхнээс 101 мянган төгрөгөөр буюу 10.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд цалин хөлсний орлого 32 мянган төгрөг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны хоёрдугаар улиралд 950 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30 мянган төгрөгөөр буюу 3.1 хувиар буурчээ.  

Тоймоо хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Pupo
Naraa hiih yumaa olj yadaad bur galzuurch bgaa bh.Segsiij hiimel nuur gargachaad dandaa.l tsahimd bj bhiin.Olon tumniig nuuree martana geed aigaad bgaan bhdaa.Uuriiguu hen gej bodood bgaan bol
2016/08/16 103.57.93.177
  • Recent
  • Most Read
  • Most Comment