8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож эхэлсэн өдөр

2016-08-17 19:00:00

Хүн төрөлхтөний эв санааны бэлэг тэмдэг болсон Зуны Олимпийн XXXI наадам амжилттай үргэлжилж байна. Одоогоор манай улсын тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар үргэлжлүүлж байна. Өнөөдөр оройманай улсын чөлөөт бөхийн тамирчин П.Орхон 58кг,  О.Насанбурмаа 69кг-т барилдах гэж байна. Харин маргааш олимпийн хүрэл медальт С.Батцэцэг барилдана.Хүн төрөлхтөн тэр чигээрээ олимпоор амьсгалж байгаа учраас олимптой холбоотой сонирхолтой мэдээлэл хүргэх гэж байна.

-Эртний Грекчүүдээс уламжлалтай Олимпын наадам олон олон түүхийг туулсаар бидний үед ирсэн билээ. Улс орны хамгийн хурдан, хамгийн хүчирхэг, хамгийн тэвчээртэй гээд хамгийн хамгийн тамирчид энэхүү наадмаар өрсөлддөг.

-Олимпын алтан медалийн 92.5% нь мөнгө байдаг аж. Стандартаараа зургаан грамм алт ордог ажээ.

-Эртний Грект Олимпын наадмыг гэрлэсэн эмэгтэйчүүд үзэх аваас үхлийн ялд унадаг байжээ. Наадамд оролцогчид/зөвхөн эрчүүд оролцдог байсан/ нь нүцгэн байдаг байсантай холбоотой аж.

2014 оны Сочигийн Олимпын үеэр Москва хотын метронд үнэгүй суух боломж иргэдэд олдсон байна. Гэхдээ нэг болзолтой. Та хөдөлгөөн мэдрэгч төхөөрөмжийн урд 30 удаа сууж босч чадвал үнэгүй метронд суусан байна. 

- 1912-1948 оны хооронд уран  зураг Олимпын нэгэн төрөлд багтдаг байсан байна. Тухайн үеийн тамирчид архитектур, уран баримал, хөгжим, уран зохиолын мэдлэгээрээ өрсөлдөн медаль авдаг байжээ. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Чөлөөт бөхийн тамирчдын салхийг хагалах О.Насанбурмаа гэж хэн бэ

Хүн төрөлхтөний эв нэгдэлийн бэлэг тэмдэг зуны 31-р олимпийн наадмын үргэлжилж байна. Рио-гийн олимпийн наадмаас манай улсын хоёр тамирчин нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Харин өнөөдөр монголчуудыгаа удаан хүлээлгэсэн манай тамирчдын чөлөөт бөхийн сонгомол барилдаан өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр 59, 75 кг-ын жингүүдийн барилдаанууд болж Куба, ОХУ-ын бөхчүүд олимпийн аварга боллоо.

Манай чөлөөт бөхийн шигшээ баг “Рио-2016” олимпийн наадамд 10 жинд  оролцож байгаа бөгөөд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна. Рио-гийн олимпийн наадамд медалийн буухиаг үргэлжлүүлж,  монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай чөлөөт бөхийн тамирчдыг магнайлж,  22.00 чөлөөт/эм П.Орхон 58кг, - 22.00 чөлөөт/эм О.Насанбурмаа 69кг-т барилдах гэж байна. Өнөөдөр барилдах хоёр тамирчиндаа монголчууд ихээхэн найдлага тавьж байна. Ингээд чөлөөтийн шигшээ багийн салхийг хагалах О.Насанбурмаагийн талаар мэдээлэл хүргэе.Очирбатын Насанбурмаа 1989 оны 4 сарын 14 -нд  Улаанбаатар хотод төрсөн. Л.Очирбат гуайнх долоон хүүхэдтэй бөгөөд гавъяат тамирчин маань айлын отгон охин. Түүний аав  Баянхонгорын Шинэжинст уугуул иргэн бол ээж нь  Увсын Хяргас сумын уугуул хүмүүс юм. О.Насанбурмаа Улаанбаатарын 73 дугаар дунд сургуулиа дүүргээд ШУТИС-ийн МИС-ийг Тээврийн удирдлагын менежмент мэргэжлээр 2009 онд төгссөн.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Баттулга, А.Гансүх нарыг яллагдагчаар татаагүй

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ.  Тус хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх асан А.Гансүх нарт хилийн хориг тавьсан талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясмангаас тодуулахад “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх одоогоор эх орондоо байгаа” гэв. Хилийн хориг тавьсан нь үнэн ч гэсэн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг түр цуцалсан байна. А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл заалтаар буруутган сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Х.Баттулгад ЭХ-ийн тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйл заалтаар буруутган шалгаж байгаа аж.

-Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжээгүй-

МАХН-ын удирдлагуудтай холбогдсон авлига, хээл хахуулийн хэрэг хоёр он дамнаж, олны анхааралд ороод буй. Тэгвэл МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамбад холбогдох 50 мянган ам.долларын хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдсан хэвээр байгаа аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүй байгаа юм байна. Мөн С.Зориг агсны гэргий Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Төлбөрөө нэмсэн их, дээд сургуулиудад хариуцлага тооцно

Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Энэ үед их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байх асуудлаар салбарын сайд нь сургуулиудын удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулж, нэмэхгүй байх тохиролцоонд хүрсчээ.  Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэх эсэх асуудалд ШӨХТГ-аас ч мөн хяналт тавин ажиллах гэнэ. Уг нь их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэх бол тухайн хичээлийн жил дуусахаас өмнө мэдээлэх ёстой. Гэвч өнгөрсөн хавар их, дээд сургуулиуд ирэх жилийн сургалтын төлбөрийнхөө талаарх мэдээллийг ШӨХТГ-т өгөөгүй ажээ. Тиймээс 2016-2017 онд сургалтын төлбөр нэмэх үндэслэлгүй гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Хэрвээ урьдчилж мэдээлээгүй хэрнээ ирэх намар сургалтын төлбөрөө нэмсэн тохиолдолд үндэслэлгүйгээр төлбөр нэмсэн шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ тус байгууллага анхааруулжээ.

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Үүнд:
 

  • Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд  зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. 

Эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонож эхэлжээ

Тун удахгүй буюу ирэх даваа гаригт цэцэрлэг сургуулийн бүртгэл эхлэнэ. Тодруулбал, Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хүүхдүүдийг бүртгэхээр албан ёсоор тогтсон юм. Гэтэл энэ долоо хоногоос эхлэн эцэг эхчүүд зарим цэцэрлэгийн гадна дугаарлах болсон байна. Ингэхдээ иргэд өөрсдөө санаачлага гаргаж, дараалалд зогсож байгаа эцэг эхчүүдийг бүртгэж байгаа аж.

Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдгаас улбаалж эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонодог байдал сүүлийн хэдэн жил давтагдаж буй. Иймд бүртгэлийг шударга, хүртээмжтэй явуулах үүднээс уламжлалт болон сугалааны аль ч аргаар бүртгэл явуулахыг хориглохгүй хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдэгджээ.

Хууль бусаар самар түүвэл нэг сая 250 мянган төгрөгөөр торгоно

Намрын сэрүү орохтой зэрэгцээд хууль бус самрын худалдаалчид ихэсдэг. Хушны самрыг гуйцэд боловсорч гүйцээгүй үед нь түүж, түүхий самар худалдаалах, түүнийг нь авч идэх хүмүүс ч олширлоо.Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хууль бусаар самар түүж байгаад 3 амь насаа алдсан хэрэг гарсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ. Мөн үүнээс гадна хууль бусаар самар түүвэл нэг сая 250 мянган төгрөгөөр торгох юм байна. 

Улаан номонд орсон хүрэн баавгай агнасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Баян-Өлгий аймгийн Алтай сумын багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч Ш, Б, С нар, нутгийнхаа зарим иргэний хамт Ёлтын тусгай хамгаалттай газраас хүрэн баавгай агнасан талаар мэдээлэл гарсан. Монгол орны хэмжээгээр хүрэн баавгайн тоо толгойг одоогоор тогтоогоогүй байдаг ажээ. Уг сүрлэг амьтан “Улаан ном”-нд орсон, ховор амьтны жагсаалтад орсон учраас агнахыг хориглосон байдаг. Тэд өөрсдийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учир шүүхээс тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ял оноогоод байв. Гэвч тэд “Баавгай бидэн рүү дайрсан учир бид аргагүй хамгаалалт хийж буудсан” гэж мэдүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Мөнгөн дэвсгэрт солиулахдаа шалгаж авахыг анхаарууллаа

ЦЕГ-аас иргэддээ мөнгөн дэвсгэрт солиулахдаа баталгаатай газар хандаж, сайтар шалгаж авахыг анхааруулж байна. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор БНХАУ-ыг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Энэ үед хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орох асуудал их гарч байгаа аж.

Гадны орнуудад 1999, 2005 онд үйлдвэрлэгдсэн 50, 100 юанийн дэвсгэрт ихээр тархсан байна. 2005 оны юаныг цаасан дээр үрэхэд будаг гардаг ба нүүрэн талын доорх ногоон өнгөөр гялалздаг ажээ. Мөн 100 гэсэн тооны өнцгийг өөрчлөөд харахад бор саарал болж хувирдаг байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment