8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ЗГ-аас арилжааны банкуудад үүрэг өгч, Завхан аймагт цас орсон өдөр

2016-08-18 18:30:00

Эрхэм уншигч та бүхэнд онцгой өдрийн мэндийг хүргэе. Онцгой гэж тодотгосны учир нь өнөөдөр Намрын тэргүүн сарын шинийн 15 буюу бич сарын бич өдөр тохиож байгаа билээ. Мөн эв нэгдлийн бэлэгдэл олимпийн наадын чөлөөт бөхийн барилдааны хоёр өдөр бөгөөд Монгол Улсын Гавъяат тамирчин, Олимпийн хүрэл медаль С.Батцэцэг барилдана. Ингээд өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

Засгийн газраас арилжааны банкуудад үүрэг өглөө

Шинэ засаг бүрдсэнээс хойш иргэдийн дунд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох уу гэсэн асуултыг эрх баригчдад хандан тавих болсон билээ. Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэдгээ мэдэгдсэн.  Тэгвэл Засгийн газраас арилжааны банкнуудад хандаж найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох үүрэг өгчээ. Тэгвэл төв банкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмж 15 хувьд хүргэсэнтэй холбоотойгоор ипотекийн зээл зогсох нь гэсэн ойлголт нийгэмд төрөөд байна. Бодлогын хүү нэмэгдэхээр зээлийн хүү нэмэгдэнэ. Зээлийн хүү өснө гэдэг зээл олголтыг багасгана гэсэн үг. Тэгэхээр зээл олголт багасахаар ипотекийн зээл хумигдаж болзошгүй гэдгийг эдийн засагчид хүртэл хэлж байна.

ЗГ ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна

Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө  боловсруулж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажиллаж байгаа аж. Ирэх дөрвөн жилд Засгийн газар ямар чиг шугамаар ажиллах нь уг хөтөлбөртэй салшгүй холбоотой. Тиймээс Засгийн газрын сайд нар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцохоор төлөвлөжээ. Өнөөдөр гэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхантай уулзаж санал солилцсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ. 

“Ноён” ногоон ноёрхож, Төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют боллоо

“Ноён” ногоон галзуурлаа. Тэр манай улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй бөгөөд иргэдийн аж, амьдрал түүнээс хамааралтай гэхэд хилсдэхгүй болов уу. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд тогтмол өсөлттэй байсан ам.долларын ханш энэ 7 хоногт өдрөөр нэмэгдэж 1 ам.доллар 2280 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханшийн өсөлтийг эргэн харвал өнгөрсөн долдугаар сар эхлэхтэй зэрэгцэн  хоногт дунджаар 10 төгрөгөөр тогтмол өсч 2080 төгрөгтэй тэнцэж байсан. Тухайн үед ам.долларын ханш түүхэнд байгаагүйгээр өсч байна гэж ярьж суусан. Мөн ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн Монголбанк валютын нийлүүлэлтийг тогтмол хийж эхэлсэн боловч одоог хүртэл ханш тогтворжоогүй төгрөгийн эсрэг чангарсаар л. Төв банкнаас ханш тогтворжуулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байгаа хэдий ч ам.долларын ханш уяанаас алдуурч өдөрт 40 төгрөгөөр нэмэгдэж байна. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 2200 төгрөгтэй, мөн сарын 15-ны өдрийн байдлаар 2225 төгрөгт хүрсэн юм. Мөн энэ сарын 16-ний өдрийн байдлаар 1 ам.доллар 2240 төгрөгтэй тэнцлээ. Гэтэл “Ноён” ногоон чангарсаарнэг өдрийн дотор 40 төгрөгөөр нэмэгдэж өчигдөр 2280 төгрөгт хүрсэн юм.  Долдугаар сараас хойш долларын ханш нийтдээ 300 гаруй төгрөгөөр өсөөд байгаа нь энэ юм. Дахиад өсөхгүй гэх баталгаа алга. Өглөө босоход 2300 төгрөгтэй тэнцлээ гэхэд гайхахгүй биз.  Ам.долларын ханш ийнхүү өсч байгаа нь Монголбанкны ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой, эдийн засагт орж ирэх ам.долларын нийлүүлэлт эрс муудсан, гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассантай холбоотой хэмээн үзэх хүн олон байна.  Ханш өслөө гэхээс өөр юу ч хийж амжаагүй байхад “Ноён” ногоо ноёрхолоо тогтоож байх энэ үед төгрөгийн ханш хүчин мөхөсдөж байгааг олон улсын байгууллага мэдээлжээ.  

Өчигдөрхөн Нью Йорк хот дахь Блүүмберг агентлаг Монгол Улсын төгрөгийн ханш энэ сард эрчимтэй унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болсон талаар онцолсон байна. Чухам яагаад төгрөгийн ханш сулраад байна вэ. Үүнийг  мэргэж­лийн байгууллагууд га­даадын шууд хөрөнгө оруу­­лалт буурснаас боллоо гэхээс  өөр дорвитой тайлбар хэлдэггүй.  Өдрөөс  өдөрт  уруудаж буй монгол төгрөг хэзээ сэхэл авах бол, эрчээ авсан ам.доллар буурах болов уу, ханшийг тогтвортой байлгах болов уу гэсэн хүлээт иргэдийн дунд үүсээд байна. Тэр ч бүү хэл зарим арилжааны банкууд ам.долларыг их хэмжээгээр солих боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа талаар эх сурвалж онцолсон юм. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргалаа.Тодруулбал, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны ням гарагуудад өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авахаар болжээ.

Д.Сумъяа маргааш эх орондоо ирнэ

"Рио 2016" Олимпийн наадмаас жүдогийн тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт Д.Сумъяа тэргүүтэй манай жүдогийн тамирчид, дасгалжуулагчид маань 2016 оны наймдугаар сарын 19-ний 6:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух юм байна.

Монголбанк бодлогын хүүг 15 хувь болгож нэмэгдүүлэхээр болов

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, дөнгөж сая шийдвэр гаргажээ. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 10.5 хувиас 15.0 хувь болгож, 4.5 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ оны эхээр Монголбанк мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлж, 13.0 хувиас 10.5 хувь болгож бууруулаад байсан. Харин Монголбанкны шинэ удирдлагууд томилогдсоныхоо дараа ийнхүү мөнгөний бодлогыг эрс чангаруулах арга хэмжээ авлаа. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь төв банк арилжааны банкуудаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгөндөө жилд төлөх хүүгийн хэмжээг хэлдэг. Бодлогын хүү өндөр байснаар арилжааны банкуудын гадагшаа зээл гаргах сонирхол буурч, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгддэг. Хэдийгээр инфляцийн төвшин эрс буурсан ч гадаад валютын нөөц хангалтгүй байгаа нь бодлогын хүүг өсгөх шалтгаан болсон бололтой. Бид мөнгөний бодлогын хүүг өсгөсөн талаарх Төв банкны албан мэдэгдлийг удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно. 

1 хүн амь нас алдаж 13 хүн хүнд гэмтжээ

Замын цагдаагийн газар нийт 316 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын  237  дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг саатуулж шийдвэрлэсэн байна.Чингэлтэй дүүргийн нутаг Шадивлангийн зам, Шадивлангийн 1-37 тоот хашааны зүүн замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 41 настай эрэгтэй Э-г  мөргөж амь насыг хохироож хэргийн газрыг орхиж явсан.  Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж N.Patrol  маркийн авто машины жолооч З нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болохыг олж илрүүлсэн. Налайх дүүргээс хойш 21 дэх километрт  Тэрэлжийн “Агуй хад” гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн Э жолоочтой авто машин онхолдож  жолооч 28 настай эрэгтэй  Э-ийн амь нас хохирсон.

Бага насны хүүхэд буцалсан усанд түлэгдэж хүнд гэмтжээ

Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байдлаас үүдэн бага насны хүүхдүүд буцалсан ус, халуун тогоотой хоолонд түлэгдэх явдал гарсаар байгаа билээ. Тэгвэл сүүлийн үед энэ төрлийн гэмтэл ослын тоо нэмэгдэж байгаа албаныхан онцолжбайна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр Өмнөговь аймагт Ханхонгор суманд гэртээ байсан зургаан настай хүү Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, халуун тогоо, буцалсан ус зэргийг хүүхдээс хол байлгахыг анхаарууллаа.

Завхан аймгийн Отгон суманд цас оржээ

Завхан аймгийн Отгон суманд өчигдөр цас орж, шуурсан зураг социолаар тараад байна. Тэгвэл Ойрын өдрүүдэд Төвийн болон Зүүн зүгийн аймгуудын нийт нутгаар сэрүүснэ гэдгийг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа юм байна. Харин  өнөөдрөөс эхлэн Улаанбаатар болон Төв аймгийн нутгаар сэрүүсэх юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг өнөөдөр хүргүүлсэн байна. Уг албан бичигт, "Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт "АСЕМ"-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. "АСЕМ"-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна. Эндээс үзвэл "АСЕМ"-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүй байна. Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье" гэжээ.

Танилц: Монголбанкны шинэхэн захирлууд

Монголбанкны захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж дараах хоёр асуудлыг шийдвэрлэлээ. Нэгдүгээрт бодлогын хүүг 15 хувь болон нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт зарим захирлыг шинээр томиллоо. Ингээд шинэхэн захирлуудтай танилц. 

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч - О.Эрдэмбилэг

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч - Э.Батшугар

Тамгын газрын захирал - Дотоод Хяналт,  Үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал - Мөнгөний бодлогын газрын захирал - Б.Баярдаваа

Зах зээлийн газрын захирал - Б.Батдаваа

Хяналт, шалгалтын газрын захирал - Н.Батсайхан

Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал - М.Амгалан

Судалгаа, статистикийн газрын захирал - Ц.Мөнхбаяр

Хууль, эрх зүйн газрын захирал - Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал - П.Сүхбаатар

Мэдээллийн технологийн газрын захирал - Д.Довчинбазар 

Эрсдэлийн удирдлагын албаны захирал - А.Энхжин

Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч - Д.Ган-Очир нар томилогджээ.

Олимпод оролцсон Монголын боксчид хэрэглэсэн эд зүйлсээ дуудлага худалдаанд оруулна

Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай тэргүүтэй боксчид олимпийн үеэр хэрэглэсэн эд зүйлс, гар утсаа дуудлага худалдаанд оруулахаар боллоо. Дуудлага худалдаанаас олсон орлогыг нийгэм рүүгээ чиглэсэн сайн үйлсэд зарцуулна гэж мэдээллээ. Тэд энэхүү мэдээллийг гурван цагийн өмнө фэйсбүүк хуудсаараа хийсэн шууд дамжуулалтын үеэр хэлсэн юм. Манай боксчид энэ сарын 26-ны өглөө эх орондоо ирэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл