-7o
Улаанбаатар хот
mobile menu

“Ноён” ногоон ноёрхож, Төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют боллоо

2016-08-18 09:12:00

“Ноён” ногоон галзуурлаа. Тэр манай улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй бөгөөд иргэдийн аж, амьдрал түүнээс хамааралтай гэхэд хилсдэхгүй болов уу. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд тогтмол өсөлттэй байсан ам.долларын ханш энэ 7 хоногт өдрөөр нэмэгдэж 1 ам.доллар 2280 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханшийн өсөлтийг эргэн харвал өнгөрсөн долдугаар сар эхлэхтэй зэрэгцэн  хоногт дунджаар 10 төгрөгөөр тогтмол өсч 2080 төгрөгтэй тэнцэж байсан. Тухайн үед ам.долларын ханш түүхэнд байгаагүйгээр өсч байна гэж ярьж суусан. Мөн ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн Монголбанк валютын нийлүүлэлтийг тогтмол хийж эхэлсэн боловч одоог хүртэл ханш тогтворжоогүй төгрөгийн эсрэг чангарсаар л. Төв банкнаас ханш тогтворжуулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байгаа хэдий ч ам.долларын ханш уяанаас алдуурч өдөрт 40 төгрөгөөр нэмэгдэж байна. Тодруулбал, энэ сарын 12-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 2200 төгрөгтэй, мөн сарын 15-ны өдрийн байдлаар 2225 төгрөгт хүрсэн юм. Мөн энэ сарын 16-ний өдрийн байдлаар 1 ам.доллар 2240 төгрөгтэй тэнцлээ. Гэтэл “Ноён” ногоон чангарсаарнэг өдрийн дотор 40 төгрөгөөр нэмэгдэж өчигдөр 2280 төгрөгт хүрсэн юм.  Долдугаар сараас хойш долларын ханш нийтдээ 300 гаруй төгрөгөөр өсөөд байгаа нь энэ юм. Дахиад өсөхгүй гэх баталгаа алга. Өглөө босоход 2300 төгрөгтэй тэнцлээ гэхэд гайхахгүй биз.  Ам.долларын ханш ийнхүү өсч байгаа нь Монголбанкны ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой, эдийн засагт орж ирэх ам.долларын нийлүүлэлт эрс муудсан, гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассантай холбоотой хэмээн үзэх хүн олон байна.  Ханш өслөө гэхээс өөр юу ч хийж амжаагүй байхад “Ноён” ногоо ноёрхолоо тогтоож байх энэ үед төгрөгийн ханш хүчин мөхөсдөж байгааг олон улсын байгууллага мэдээлжээ.  

Өчигдөрхөн Нью Йорк хот дахь Блүүмберг агентлаг Монгол Улсын төгрөгийн ханш энэ сард эрчимтэй унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болсон талаар онцолсон байна. Чухам яагаад төгрөгийн ханш сулраад байна вэ. Үүнийг  мэргэж­лийн байгууллагууд га­даадын шууд хөрөнгө оруу­­лалт буурснаас боллоо гэхээс  өөр дорвитой тайлбар хэлдэггүй.  Өдрөөс  өдөрт  уруудаж буй монгол төгрөг хэзээ сэхэл авах бол, эрчээ авсан ам.доллар буурах болов уу, ханшийг тогтвортой байлгах болов уу гэсэн хүлээт иргэдийн дунд үүсээд байна. Тэр ч бүү хэл зарим арилжааны банкууд ам.долларыг их хэмжээгээр солих боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа талаар эх сурвалж онцолсон юм.

Бид арилжааны банк, “Найман” шарга захын үнэ ханшийг сонирхсон юм. ХААН банкны бөмбөгөр тооцооны төвд очиход валютын самбар дээрх ам.долларын үнэ бичээстэй байв. 1 ам.долларыг 2240 төгрөгөөр аваад 2263-аар зарж байв. Тус салбарт хөл хөдөлгөөн их байсан тул үйлчилгээний ажилтнаас дээр дурсан зүйлийг тодруулах гэсэн болов ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин Төрийн банкны Занабазар дахь салбарт очиход валютын самбаргүй байв. Хэсэг ажиглаж зогстол ам.доллар солиулж гүйлгээ хийгдэж байгаа нь харагдав. Ханшийн асуухад бусад арилжааны банкны жишиг үнээр арилжиж байгаа гэснээс өөр тодорхой хариулт өгсөнгүй. Харин валютын “Найман шарга” захын үүдэнд валютын наймаачид нэлээд их байв. Захын нэг валют арилжааны төвөөр ороход самбар дээр 1 ам.долларыг 2272 төгрөгөөр аваад 2280 төгрөгөөр зарж байв. Хэд хэдэн газраар мөн дүнгээр худалдан авч зарж байсан юм.

Ийнхүү өдрөөс өдөрт гэрлийн хурдаар ханш нь өсч байгаа “Ноён” ногооныг хэрхэн хазаарлах вэ. Хичээлийн шинэ жил, намар, өвлийн бэлтгэл ажил эхлэх энэ цаг үед ам.долларын ханш өсч байгаа нь иргэдийн амьдралд ихээхэн дарамт болох нь тодорхой түүгээр ч зогсохгүй зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийг ч үгүйсгэхгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 209