8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Булган аймагт цас орж, Богд уул руу гарсан самарчдыг буулгаж эхэлсэн өдөр

2016-08-23 18:39:52

Уй гуниг, баяр жаргал ээлжилсэн хүний хорвоод гунигтай дурсамж, жаргалтай агшин бүр үнэтэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг сайхан үг бий. Яг энэ үгний учир утгыг ойлгуулсан таатай мэдээлэлүүд хүргэх гэж байна. Эерэг сайхан мэдээлэлүүдийн хажуугаар сөрөг мэдээлэл ч бас байна. Ингээд шинэ бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Г.Мандахнарангийн дасгалжуулагч Б.Баяраа: Бид нар хүрэл медаль авсан, авч чадсан

"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр дуулиан шуугиан дагуулсаар өндөрлөлөө. Тодруулбал, Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-д МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж, торгуулиар ялагдлаа. Гэвч түүний ялагдлыг Монголчууд болоод дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байна. Чөлөөт бөхийн дүрмийн "Article"-48 дугаар заалтын "С" хэсэгт зааснаар "Аль ч үе дуусахад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхэд хандаж болно" хэмээн тусгасан байдаг аж. Тэгэхээр манайхан дэмий бухимдаж байхаар дүрмийн дагуу олон улсын шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна. Хэдийгээр МУГТ Г.Мандахнарангийн хувьд харамсалтайгаар ялагдаж, Риог нулимстай үдсэн ч монгол түмэн хүрэл медалиа луйвардуулсан МУГТ Г.Мандахнаранд олгох ёстой мөнгөн шагналыг өгөх ёстой хэмээн үзэж байна. Харин энэ талаар төр засгийхан ам нээгээгүй байгаа  бөгөөд түүний энэ амжилтыг үнэлж, Хүчит Чулуут ХХК-ий үүсгэн байгуулагчдын зүгээс хоёр өрөө байраар урамшуулахаар болсон. Мөн үүнээс гадна хошин урлагийн "Маск" продашкн Г.Мандахнаранг бүх цаг үеийн турш гэр бүлийнхээ хамт тоглолтыг нь үнэгүй үзэх эрх олгож буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

С.Зоригийг хэрэгт сэжиглэгдсэн этгээд хүний амь нас хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн үү

2015 оны 11 сарын 15-ны өдөр  С.Зориг агсны эхнэр Д.Булганыг гэрээс нь баривчилж, хорьсон билээ. Түүнээс хойш энэ хэргийг шалгаж байгаа нэрээр 9 сар түүнийг хориод байгаа ч өнөөдрийг хүртэл энэхүү хэрэг учир битүүлэг хэвээр байна. Уг хэргийн цорын ганц гэрч нь эхнэр Д.Булган нь байсныг Монголчууд нийтээрээ мэдэх билээ. Уг хэрэгт Д.Булганыг сэжиглэж хорин шалгаж байсан ч хоёр дахь удаагаа хорихдоо ийн урт удаан хугацаагаар хорьж шалгаж байна. 


Хэргийг эргэн сануулахад 1998 оны 10 дугаар сарын 2-нд тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийг өөрийнх нь гэрт "Батаа, Оюунаа" хэмээх этгээдүүд хөнөөсөн талаар мэдээлэл гардаг. С.Зоригийг алагдсаны дараа талийгаачийн гэргий  Б.Булганы цагдаагийнханд өгсөн анхны мэдүүлгийн “баримтуудаар хэрэгтнүүдийн ам зургийг гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсныг мэдэхгүй хүн нэг ч байхгүй биз ээ. Өнгөрсөн оны сүүлчээр С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэсэн хоёр иргэнийг Орхон аймгаас баривчилж, цагдан хорьсон мэдээлэл нэг хэсэг сенсааци тарьсан билээ. Харин талийгаачийн амийг хөнөөсөн гэх 50 гаруй насны хоёр иргэнийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болсон гэсэн мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлэлээр хүний амь нас хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна. Тиймээс хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон бололтой.

Хашааныхаа гадна зогсож байсан 1 настай хүүг дайраад зугтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын  254 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж,13 хүн хүнд хөнгөн гэмтсэн.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. Үүнээс гадна хашааныхаа гадаа ганцаараа зогсож байсан 1 настай хүүхэд дайрчихаад орхиж явжээТухайлбал: БГД-ийн нутаг Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан 1 нас 4 сартай Б-г мөргөж гэмтээгээд орхин явсан. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Богд уул руу гарсан самарчдыг буулгаж байна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн сарын 27-нд байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан хэсгийн гүнд эргүүл хийжээ. Шалгалтаар Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж , тарьсан хог хаягдлыг нь цэвэрлэсэн байна. Мөн энэ сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэдийг уулнаас буулгажээ. Тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хууль зэрэг хуулиудын талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Иргэд олноор ууланд гарсанаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй юм. Тиймд цаашид Богд уулруу нэвтрэх постийг байнга ажиллуулахаар болжээ.

Булган аймагт цас оржээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас цааш Хөвсгөл явах замд өнөөдөр огцом сэрүүсэн, цас орж байгалийн содон үзэгдэл боллоо. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгаа талаар цаг уур, орчин шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Мөн Алтайн уулархаг нутгаар энэ сарын 23-аас 27-нд зарим газраар огцом сэрүүсэх, цас орох чигтэй байгаа аж. Иймд байгалийн гэнтийн үзэгдлээс урьдчилан сэргийлж, өдөр тутмын цаг агаарын мэдээг хүлээн авч байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авчээ

Өнгөрөгч долоодугаар сарын 20-ноос эхлэн жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар зургаадугаар сард жолооны курс төгссөн төгсөгчдийн жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж. Тодруулбал жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байгаа бөгөөд иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулах хүсэлтэй 40 мянга гаруй иргэний жолооны үнэмлэх хэвлэх юм. Үүнээс одоогийн байдлаар дөрөв, тавдугаар сард жолооны курс төгссөн 20 мянга орчим төгсөгчид үнэмлэхээ авсан ажээ.

Хүүхдээ сургуульд бүртгүүлэх эцэг эхчүүдийн анхааралд

Улсын хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургууль, цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхлэнэ. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2011 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж. Мөн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд огт суралцаагүй хүүхдүүд Боловсролын хэлтсээс лавлагаа авсны үндсэн дээр харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой.

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАГЧИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүл­сэн байх шаардлагатай. Үүнд:

• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

• Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар

• 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

• Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг үзнэ.

Хүүхдийг бүртгүүлэхэд зарим цэцэрлэг, ЕБС-ийн зүгээс байрны ордер эсвэл газар эзэмших бичиг шаардаж байгаа. Үүний улмаас эцэг эх болон сургуулийн хооронд үл ойлголцол гарч, зарим нэг хүүхэд сургуульд орж чадахгүй болж байгаа ажээ.

Харин энэ байдлыг төрийн байгууллагаас ингэж тайлбарлав. “Эцэг эхчүүд өөрийн ажилтай ойрхон эсвэл тухайн сургуулийн сургалт сайн гэсэн шалтгаанаар өөр харьяаллын хүүхдүүдийг бүртгүүлэх явдал өнгөрсөн жилүүдэд ихээр гарах болсон. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохоор энэ жилээс тухайн сурагч, бүртгүүлж байгаа хүүхэд харьяаллын дагуу мөн эсэхийг баталгаажуулахын тулд шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажуулж байгаа.”гэв.

Таны маргаашийн ажилд амжилт хүсэе. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment