8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Мандахнаранд медаль өгөхөөр болж, Зэвсэглэсэн залуус банк дээрэмдсэн өдөр

2016-08-24 18:25:00

Намрын урь орж, сэрүүн салхи сэвэлзсэн энэ оройн мэндийг эрхэм уншигч та бүхэнд хүргье. 7 хоногийн дараа хичээлийн шинэ жилийн анхны хонх дугаарч хүүхэд, багачууд  хичээл, номондоо шамдан суралцаж, хэн хүнгүй өвлийн бэлтгэл ажлаа базаах цаг хаяанд ирсэн байна. Энэ цаг үед манай улсын нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн мэдээ, мэдээллийг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн тоймоо хүлээн авна уу. 

АН-ын ҮЗХ маргааш хуралдана

АН-ын ҮЗХ-г энэ сарын 25-нд буюу маргааш хуралдах тов гараад байгаа билээ. Уг хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард зарласан ҮЗХ-ны хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч дуусгаж чадалгүй дутуу үлдээсэн асуудлаа хэлэлцэх юм байна. Мөн хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчлэл, 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн ирэх 12 дугаар сард хуралдах Их хуралд бэлдэх комисс байгуулах асуудлыг маргааш хэлэлцэнэ.

Зам тээврийн осолд 2 хүүхэд өртөж эмнэлэгт хүргэгджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т нийт 356 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын  269 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, 4 явган зорчигчийг саатуулсан байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ. Тэднийг эмнэлэгт хүргэгжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийэлж ажилласан байна. 

Ч.Хашчулуун: “Стэнд бай” хөтөлбөрийг мэдэхгүй хүмүүс мангас шиг л юм яриад байна

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Өнгөрсөн 7 хоногт Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болголоо. Ер нь мөнгөний хатуу бодлого баримтлах нь зөв үү. Ингэснээр эсрэг болон сөрөг тал  бий юү?

 -Бодлогын хүүг нэмснээр төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах боломжтой. Түүнчлэн төгрөгийн хадгаламжийн хүү тодорхой хэмжээгээр өсдөг чухал ач холбогдолтой. Ингэхээр хүмүүс мөнгөө төгрөгөөр хадгалах сонирхол их болдог.  Ам.доллар авахаа болих, эсвэл түр зогсооно. Энэ бол төгрөгийг хамгаалах нэг арга.Бодлогын хүүг нэмсэн нь урт хугацааны арга биш байх. Тодорхой хугацааны дараа валютын зах зээл тогтворжиход энэ бодлогыг өөрчлөх боломжтой. 

-Мөнгөний хатуу бодлого нь үйлвэрлэлийн салбарт сөрөг нөлөөтэй гэж зарим эдийн засагчид үзэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үйлдвэрлэлийн хувьд зөвхөн банкны салбарт тулгуур болгож ойлгож болохгүй л дээ. Хөрөнгийн бирж, үнэт цаас, жижиг дунд үйлдвэрлэлийн сангууд гэж байдаг, шинээр иновацын санг үүсгэх хэрэгтэй. Цэвэр банкны зээлээр явдаг үйлдвэрлэл манайд үйл ажиллагаагаа явуулахад хэцүү. Бодлогын хүүг нэмсэн нь аж үйлдвэр гэхээсээ илүү валютын ханш, төгрөгийн ханшийг хамгаалах  зориулалттай. Мэдээж хүүг нэмэх нь зээл авч буй компаниудад төдийлөн сайн зүйл биш. Тиймээс компаниуд үүнд бэлтгэлтэй байх ёстой. Энэ хэрээр төгрөгийн ханш унасаар байвал импортын барааны үнэ өснө. Энэ нь эргээд тухайн компанид маш их хэмжээний хохирол авч ирдэг. Тэгэхээр миний хувьд мөнгөний бодлогын хүүг нэмэх нь тодорхой хугацаанд зайлшгүй хийх ёстой арга хэмжээний нэг гэж бодож байна.

-Эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байна вэ. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжүүлэх чиг барьж ажиллаж байна. Ийм горимд шилжвэл нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-Эдийн засгийн өсөлт эхний улиралд гурван хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 1.4 хувьтай гарлаа. Ерөнхийдөө өмнөхөөс 50 хувиар буурсан. Энэ байдлаар буурсаар байвал жилийн дүнгээр хасах руу орж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргахдаа 0-1 хувиар өснө гэж байсан. Тухайн үед бага тоо гэж харагдаж байсан боловч одоо Азийн хөгжлийн банкны төсөөлөл үнэнд дөхөм очиж байх шиг байна. Улсын хөрөнгө оруулалт багассан. Тиймээс хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй байна. Яагаад гэвэл орлого нь зарлагаа нөхөх ямар ч боломжгүй байгаа учраас зарлагаа танах нь зөв. Мөнгө нь орж ирэхгүй байсан учраас эдийн засгийн өсөлт саарсан энэ үед хэмнэлтийн горимд шилжлээ гээд эдийн засгийн өсөлт улам саарна гэсэн ойлголт байхгүй. Угаасаа энэ мөнгө орж ирэхгүй л байх байсан. Тиймээс эдийн засгийн өсөлт тааруу байгаа энэ үед хэмнэлтийн горимд оруулах нь төсвийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

-Энэ удаагийн эдийн засгийн хямрал, үүсээд байгаа нөхцөл байдал түр зуурынх. Үүнээс гарах арга зам байгаа гэдгийг эдийн засагчид онцолж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь эдийн засгийн энэ хямралаас гарах арга зам, гарц байгаа.  Манай улсад эдийн засгийн хямрал, хүндрэл тохиолдож байгаа нь анх удаа биш. Та бүхэн сайн мэдэж байгаа 2009 онд үүнээс илүү хүнд хэцүү нөхцөл байдал үүсч бид нүүр тулж байсан. Тухайн үед жилийн дотор хямралаас гарч чадсан. Хямралаас гарахын тулд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хоёр хамтран маш сайн бодлого боловсруулан хурдан хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын дэмжлэг авах шаардлагатай.Гуравдугаарт, манайд өөрийн гэсэн томоохон орд нөөц бий. Тавантолгойгоос гадна бусад томоохон ордуудыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд асуудал их бий. Тухайлбал, Засгийн газар Тавантолгойд гадаадын хөрөнгө оруулалт хийх боломжтой. Гэвч үнэн хэрэг дээрээ өмнөх Засгийн газар 2015 онд аль хэдийн хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад тэр нь  үнэгүй шахуу өгсөн байх жишээтэй. Тэрэнд одоо хөрөнгө оруулалт хийе гэхээр 2015 онд байгуулсан гэрээг яах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Тиймээс энэ мэт том хөрөнгө оруулалтыг бий болгож монгол руу орох ам.долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрвээ Тавантолгойн гэрээг амжилттай явуулъя гэвэл 4 тэрбум ам.доллар, ТЭЦ5 гэж олон жил яригдаж байгаа 1.5 тэрбум  ам.долларын төсөл байна. Тэгэхээр эдгээр томоохон ордуудыг ашиглавал ам.долларын урсгал ороод ирнэ. Ингэхийн тулд бодлогоо зөв тодорхойлж, шийдэмгий арга хэмжээ авах нь чухал.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд олон улсын байгууллагатай хамтраад “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн яриа гарах боллоо. Энэ төлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас гарах боломж бий юу? Үргэлжлэлийг энд дарж уншина уу.  

Г.Мандахнаранд алтаар цутгасан медаль гардуулна

Монголын Чөлөөт Бөхийн Мастеруудын Холбоо болон бөх тайлбарлагч С.Шижирбат нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар Риогийн олимпд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Г.Мандахнаранд ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ алтаар цутгаж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулах гэж буйгаа мэдэгдсэн юм. Тэд одоогоор хандивийн дансандаа 20 орчим сая төгрөг цуглуулсан байна. Тиймээс хандив өргөх хүсэлтэй хүн бүрт энэхүү данс нээлттэй гэдгийг онцолжээ. Хандиваар хийсэн медаиа энэ сарын 29-ний өдөр гардуулахаар төлөвлөж байгаа аж. Тэд Г.Мандахнарангийн нэр дээр нээсэн Хаан банкны 5085 1925 05 тоот дансанд хандивыг наймдугаар сарын 28-ыг дуустал таван өдрийн туршид хуримтлуулж, хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөр Рио 2016 олимпийн наадмын хүрэл медалийн бодит хэмжээгээр медаль цутгуулах юм байна.

Сарын сүүлээр зарим нутгаар хасах хэм рүү орж сэрүүснэ

Төвийн болон говийн нутгаар өнөө маргаашдаа, энэ сарын 26- нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж сэрүүсэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлжээ. Мөн ойрын өдрүүдэд төв, говь болон зүүн зүгийн нутгаар бороо орж сэрүүсэхийг ард иргэдэд анхааруулж байна. Түүнчлэн салхины эрч ширүүсч, одоо байгаагаас 10 хэм сэрүүснэ. Сарын сүүлээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө хасах гурваас хоёр хэм дулаан, өдөртөө 10-15, говийн бүс нутгаар шөнөдөө 9-13, өдөртөө 21-26, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 14-19 хэм хүрэх юм байна.

АН-ын шинэ даргаар П.Цагаан сонгогдох эсэх нь маргааш тодорхой болно

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн талаар өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл П.Цагаан Ардчилсан намын даргад нэрээ дэвшиж байгаагаа дөнгөж сая мэдэгдсэн байна. Маргааш Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болж намын дүрэм, тогтолцоог шинэчлэх ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх юм. Үүнээс гадна намын удирдлагуудын асуудлыг хэлэлцэх аж. Улмаар АН-ын шинэ даргаар П.Цагаан сонгогдох эсэх нь маргааш тодорхой болох юм байна.  

Олимпийн далбааг Японы нийслэл Токио хотод авчиржээ

Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны олимпийн XXXI дүгээр наадам Бразилийн Рио Де Жанеро хотод 17 хоногийн турш болж өнгөрсөн билээ.  Ирэх 2020 онд зуны олимпийн XXXII дугаар наадмыг Японы нийслэл Токио хот зохион байгууллах эрх авсан юм. Энэ дагуу "Рио-2016" олимпийн наадмын хаалтын үер уг наадмыг зохион байгуулах Токио хотын захирагч олимпийн тугийг хүлээгэн өгсөн билээ. Тэгвэл 26 цагийн өмнө Олимпийн далбаа Японы нийслэл Токио хотод тусгай онгоцоор залж авч ирсэн гэнэ. 

Зэвсэглэсэн залуус банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдээд зугтжээ

Зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкнаас мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Эл хэрэг өчигдөр гарсан бөгөөд буу, хутгаар зэвсэглэсэн үл таних хоёр этгээд хэргийг үйлджээ. Тэд банкны теллерийг сүрдүүлж, 20 гаруй сая төгрөг, гар утаснууд дээрэмдээд зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр сэжигтэн этгээдүүд 19-20 орчим насны, 170 орчим см өндөртэй аж. Хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг яаралтай эхлүүлжээ. 

16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, эрхээ хасуулав

Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон. Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш буюу 2016 оны хоёр дугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна. 

Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг ТЕГ болон АТГ-т шалгуулна

Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр  Сангийн сайд Б.Чойжилсүрэн,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар өргөдөл гаргажээ. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнгөрсөн сарын 30-нд төв банкны дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр Монгол улсын валютын нөөц ­400 сая ам.доллар байна хэмээн мэдэгдсэн. Мөн энэ сарын 9-нд Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл нь олон улсад цацагдаж үүнээс үүдэн монголын эдийн засгийн байдал улам хүндэрсэн төдийгүй зээл, тусламж татахад чөдөр тушаа болж, Засгийн газраас гаргасан бондын үнэ огцом унасан хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр үзэж байгаа аж. Тиймээс дээрх мэдэгдлийг хийсэн Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг,  Эрүүгийн хуулийн 85.1-д заасан Монгол Улсын эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг саатуулсан, Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Batbayar gej bas ner gajigtai nuhur garaad irjee
2016/08/25 103.26.194.54
sanal
Өөр хийх юм олдохгүй байна уу. Тэгэж дэмийрч байхаар ганц эмнэлэгт ядаж нэг амьсгалын аппарат аваад өгчөөч. Хэдэн хүний амь аврах бол
2016/08/25 76.205.166.119
зочин
Үнэн үг хэлсэн хүнд АН-ынхан өшөөтэй гэдэг л болж бн,Энэ Батбаяр гэгч өөрөө харин Монгол улсын эсрэг санаатай залуу гэдэг нь бүх талаараа илэрээд байгаа ч шалгах хэрэгтэй юм биш үү
2016/08/24 103.229.122.23
Zochin
Yu medali ve ungej hariutslagagui humuusiig uugshuuleed yugaa balairaad bgan be.
2016/08/24 150.129.141.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment