7o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хашчулуун: “Стэнд бай” хөтөлбөрийг мэдэхгүй хүмүүс мангас шиг л юм яриад байна

2016-08-24 09:25:00

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Өнгөрсөн 7 хоногт Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болголоо. Ер нь мөнгөний хатуу бодлого баримтлах нь зөв үү. Ингэснээр эсрэг болон сөрөг тал  бий юү?

 -Бодлогын хүүг нэмснээр төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах боломжтой. Түүнчлэн төгрөгийн хадгаламжийн хүү тодорхой хэмжээгээр өсдөг чухал ач холбогдолтой. Ингэхээр хүмүүс мөнгөө төгрөгөөр хадгалах сонирхол их болдог.  Ам.доллар авахаа болих, эсвэл түр зогсооно. Энэ бол төгрөгийг хамгаалах нэг арга. Бодлогын хүүг нэмсэн нь урт хугацааны арга биш байх. Тодорхой хугацааны дараа валютын зах зээл тогтворжиход энэ бодлогыг өөрчлөх боломжтой. 

-Мөнгөний хатуу бодлого нь үйлвэрлэлийн салбарт сөрөг нөлөөтэй гэж зарим эдийн засагчид үзэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үйлдвэрлэлийн хувьд зөвхөн банкны салбарт тулгуур болгож ойлгож болохгүй л дээ. Хөрөнгийн бирж, үнэт цаас, жижиг дунд үйлдвэрлэлийн сангууд гэж байдаг, шинээр иновацын санг үүсгэх хэрэгтэй. Цэвэр банкны зээлээр явдаг үйлдвэрлэл манайд үйл ажиллагаагаа явуулахад хэцүү. Бодлогын хүүг нэмсэн нь аж үйлдвэр гэхээсээ илүү валютын ханш, төгрөгийн ханшийг хамгаалах  зориулалттай. Мэдээж хүүг нэмэх нь зээл авч буй компаниудад төдийлөн сайн зүйл биш. Тиймээс компаниуд үүнд бэлтгэлтэй байх ёстой. Энэ хэрээр төгрөгийн ханш унасаар байвал импортын барааны үнэ өснө. Энэ нь эргээд тухайн компанид маш их хэмжээний хохирол авч ирдэг. Тэгэхээр миний хувьд мөнгөний бодлогын хүүг нэмэх нь тодорхой хугацаанд зайлшгүй хийх ёстой арга хэмжээний нэг гэж бодож байна.

-Эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байна вэ. Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжүүлэх чиг барьж ажиллаж байна. Ийм горимд шилжвэл нөхцөл байдал өөрчлөгдөх үү?

-Эдийн засгийн өсөлт эхний улиралд гурван хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 1.4 хувьтай гарлаа. Ерөнхийдөө өмнөхөөс 50 хувиар буурсан. Энэ байдлаар буурсаар байвал жилийн дүнгээр хасах руу орж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна. Азийн хөгжлийн банкнаас манай эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргахдаа 0-1 хувиар өснө гэж байсан. Тухайн үед бага тоо гэж харагдаж байсан боловч одоо Азийн хөгжлийн банкны төсөөлөл үнэнд дөхөм очиж байх шиг байна. Улсын хөрөнгө оруулалт багассан. Тиймээс хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй байна. Яагаад гэвэл орлого нь зарлагаа нөхөх ямар ч боломжгүй байгаа учраас зарлагаа танах нь зөв. Мөнгө нь орж ирэхгүй байсан учраас эдийн засгийн өсөлт саарсан энэ үед хэмнэлтийн горимд шилжлээ гээд эдийн засгийн өсөлт улам саарна гэсэн ойлголт байхгүй. Угаасаа энэ мөнгө орж ирэхгүй л байх байсан. Тиймээс эдийн засгийн өсөлт тааруу байгаа энэ үед хэмнэлтийн горимд оруулах нь төсвийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

-Энэ удаагийн эдийн засгийн хямрал, үүсээд байгаа нөхцөл байдал түр зуурынх. Үүнээс гарах арга зам байгаа гэдгийг эдийн засагчид онцолж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь эдийн засгийн энэ хямралаас гарах арга зам, гарц байгаа.  Манай улсад эдийн засгийн хямрал, хүндрэл тохиолдож байгаа нь анх удаа биш. Та бүхэн сайн мэдэж байгаа 2009 онд үүнээс илүү хүнд хэцүү нөхцөл байдал үүсч бид нүүр тулж байсан. Тухайн үед жилийн дотор хямралаас гарч чадсан. Хямралаас гарахын тулд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хоёр хамтран маш сайн бодлого боловсруулан хурдан хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, олон улсын байгууллагуудын дэмжлэг авах шаардлагатай. Гуравдугаарт, манайд өөрийн гэсэн томоохон орд нөөц бий. Тавантолгойгоос гадна бусад томоохон ордуудыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд асуудал их бий. Тухайлбал, Засгийн газар Тавантолгойд гадаадын хөрөнгө оруулалт хийх боломжтой. Гэвч үнэн хэрэг дээрээ өмнөх Засгийн газар 2015 онд аль хэдийн хятадын үл мэдэх компанитай гэрээ байгуулаад тэр нь  үнэгүй шахуу өгсөн байх жишээтэй. Тэрэнд одоо хөрөнгө оруулалт хийе гэхээр 2015 онд байгуулсан гэрээг яах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Тиймээс энэ мэт том хөрөнгө оруулалтыг бий болгож монгол руу орох ам.долларын урсгалыг эрчимжүүлнэ. Хэрвээ Тавантолгойн гэрээг амжилттай явуулъя гэвэл 4 тэрбум ам.доллар, ТЭЦ5 гэж олон жил яригдаж байгаа 1.5 тэрбум  ам.долларын төсөл байна. Тэгэхээр эдгээр томоохон ордуудыг ашиглавал ам.долларын урсгал ороод ирнэ. Ингэхийн тулд бодлогоо зөв тодорхойлж, шийдэмгий арга хэмжээ авах нь чухал.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд олон улсын байгууллагатай хамтраад “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн яриа гарах боллоо. Энэ төлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас гарах боломж бий юу?

-Хүмүүс “Стэнд бай” хөтөлбөрийн утгыг мэдэхгүй байгаа юм шиг байна. Үүнээс үүдэн буруу ойлголт газар авч  мангас шиг л юм яриад байна. Энэ  буруу. “Стэнд бай” гэдэг чинь түр зуурын эдийн засгийн тусламж авахыг хэлж байгаа юм. Хар ухаанаар яривал өвчтэй хүн эмчилгээ хийлгэж биеэ сайжруулна гэсэн бодолтой явна биз дээ. Хэн ч байсан тэгнэ. Тийм учраас эдийн засгийн хямралаас гарахын тулд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Муу гэхээсээ илүү сайн үр дагавар олон. Тухайлбал, одоо тулгамдаад байгаа их хэмжээний төлбөрийн асуудал, төсвийн алдагдал, төгрөгийн ханшийн уналт зэрэг тулгамдсан яаралтай шийдвэрлэх асуудалд тусламж ирнэ. Тиймээс олон улсын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Хэрвээ манай улс хугацаанаасаа өмнө эдийн засгийн хямрал, хүндрэлээс гарч чадвал заавал удаан хугацаанд үргэлжлүүлэх гээд байх шаардлага байхгүй. Хамтарч ажилласан тохиолдолд авах тусламжийн хэлбэр, хэмжээгээ хоёр тал маш сайн харилцан тохиролцдог уян хатан арга. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хамгийн сүүлийн жишээ гэхэд  Серби улс 1.3 тэрбум ам.долларын  тусламжийг олон улсын валютын сангаас аваад бүх тулгамдсан асуудлаа шийдсэн байдаг.

-Эдийн засгийн өсөлт энэ оны сүүлч гэхэд хасах руу орох магадлал өндөр байна гэж та ярьсан байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эдийн засгийн өсөлт хэд хэдэн салбарын бодит өсөлт бууралтаас бүрдэж байгаа. Одоогийн байдлаар уул уурхайн өсөлт нэмэхтэй байна. Бусад салбарын хувьд ойрын хоёр жилд уналттай явж ирсэн. Эдийн засгийн өсөлт эхний улиралд гурван хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 1.4 хувьтай гарлаа. Ерөнхийдөө өмнөхөөс 50 хувиар буурсан. Энэ маягаар явбал жилийн эцэст хасах руу орж болзошгүй байдал бий болоод байна. Азийн хөгжлийн банк 2015 онд манай эдийн засгийн өсөлтийн тооцоог гаргахдаа 0-1 хувьтай байна гэсэн. Улсын хөрөнгө оруулалт багасч байгаа. Төсөвт тодотгол хийх гэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт төдийлэн өсч амжаагүй, Оюутолгойн гүний уурхайн ажил хараахан эхлээгүй байдлыг харахад энэ жил эдийн засгийн өсөлт гарахад бэрхшээлтэй байна.

-Ер нь хэдэн оноос эхлэн эдийн засгийн сэргэлт ажиглагдах вэ. Эдийн засагч хүний хувьд эдийн засгийн сэргэлтийг хэрхэн харж байна вэ?

-Манай улс заавал дэлхийн зах зээл гэлтгүй одоо байгаа нөөцөө ашиглавал нэг жилийн дотор эдийн засаг сэргэх боломжтой. Ингэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагатай сайн тохирох ёстой. Тэгэхээр тусламж орж ирнэ, ам.доллар элбэг болж төгрөг чангарна гэсэн хүлээлт бий болсноор хүмүүсийн сэтгэл тайвширна. Харин манайх хамтран ажиллах ч юм уу, үгүй юм уу  тодорхой бус байгаад байхаар иргэдийн дунд эдийн засаг унах нь тодорхой юм байна гэсэн ойлголт бий болоод байна. Үүнээс гадна төсөв дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг цэгцлэх хэрэгтэй. Удахгүй төсвийн талаар хэлэлцэх байх. Төсөв үнэхээр их хэмжээний алдагдалд ороод байгаа бол  тэг болтол нь хасах хэрэгтэй. Үргүй зардлаа хасах, орлогоо бодит болгох нь хямралаас гарах хамгийн чухал алхам. Орлого хурааж чадахгүй зүйлсийг цэгцлэх хэрэгтэй. Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэсэн сигнал байх ёстой. Том хөрөнгө оруулагчдыг авчираад эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох зэрэг зүйлийг хийж чадвал эдийн засаг сэргэхэд нөлөөлөх байх. Богино хугацаанд бий болох боломжгүй ч эдийн засгийн хувьд эерэг чиглэлийг олно. Би хувьдаа ингэж л харж байна.

-Гадаадын банк оруулж ирэх нь зөв, буруу гэсэн хуваагдал эдийн засагчдын дунд гарч байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ. Гадаадын банк орж ирэх нь тухайн улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг үү?

-Банкны салбарт өрсөлдөөн хэрэгтэй. Гадаадын арилжааны банк орж ирээд манайд олон төрлийн үйлчилгээ үзүүлэх, тодорхой хэмжээгээр хүүг буруулахад муу зүйл байхгүй. Зүгээр л болгоомжлох зүйл нь юу вэ гэхээр гадаадын төрийн банк орж ирэх нь нэлээд асуудалтай. Энэ тал дээр болгоомжлох хэрэгтэй. Учир нь тухайн улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж ирдэг.  Тэр бодлогын цаад нарийн учрыг бид мэдэхгүй. Монголд туслах гэж орж ирж байна уу эсвэл өөр ямар нэг бодлого, далд санаа агуулсан эсэхийг сайтар судлах хэрэгтэй. Гадаадын банкууд ихэнхдээ маш бага хүүтэй зээл олгоно гэж орж ирдэг. Манай банкууд зээлд хамрагдахын тулд байдаг бүхнээ барьцаанд тавиад өгчихдөг. Дараа нь зээлээ төлж чадахгүй бол барьцаанд тавьсан бүх зүйл гадаадын банкны мэдэлд орно. Үүнийг хэн ч ойлгодог. Манай банкууд хөрөнгө муутай болохоор жижиг, том гэлтгүй ордуудын лиценз барьцаалдаг. Ингэж явсаар байгаад нөгөө лиценз түүн дээр барисан барилга байгууламж бүх зүйл тэдний мэдэлд орчих вий гэсэн болгоомжлол байдаг.

-Саяхан олон улсын байгууллага төгрөгийг хамгийн сул үзүүлэлттэй ханшаар нэрлэлээ. Олон улсын зах зээлд төгрөгийн ханшийг чангаруулах боломжтой юу?

-Сонгуулийн өмнө төгрөгийн ханшийг хүчээр бариад байсан. Сонгууль өнгөрөөд нэг хэсэгтээ төгрөгийн оролцоог нь дэмжихээ больсноос үүдсэн. Угаасаа төгрөгийн ханш унасан, муу байгаад байсан. Сүүлийн хэдэн жил тогтвортой байлгаад байсан нь бодит эдийн засгийн байдлаас үзэхэд үзүүлэнгийн шинж чанартай байсан гэж болно. Улсын валютын нөөц байхгүй болсон, багассантай холбоотой. Яагаад гэвэл тэр ханшийг тодорхой хэмжээнд байлгахын тулд валютын нөөц маш ихээр зарагдаж байсан. Төгрөгийн ханшийн суларсан үзүүлэлтийг богино хугацаанд сэргээхийн тулд янз  бүрийн арга авч болно. Төгрөгийн ханшийн уналт нь эдийн засгийн өөрийнх нь бодит хүчин зүйл шавхагдсан, томоохон төсөл, эрчим хүчээ сайжруулаагүйтэй холбоотой. Зам, гудамж талбай, дэд бүтцийг сайжруулсан энэ нь зөв. Гэхдээ үйлдвэрлэл, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, орлого олох, мөнгө бий болгох төсөл маш бага хэрэгжсэн. Тухайлбал, эрчим хүчний салбарт ганцхан Амгалангийн цахилгаан станц баригдсан. Үүнээс өөр бодитойгоор хэрэгжсэн төсөл байхгүй.

-Өнгөрсөн 7 хоногт 1 ам.доллар 2280 төгрөгт хүрсэн. Ингэж өсөх болсон шалтгаан юу байна вэ?

-Монголын эдийн засгийн бодит байдал маш сул, уналтад орчихсон, аж  үйлдвэр баригдаагүй,  томоохон хэмжээний орлого олох ямар ч эх үүсвэр, нөөц байхгүй байгаа энэ цаг үед төгрөгийн ханш чанга байна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Тиймээс Засгийн газар, Төвбанк ямар нэгэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, уналтад байгаа зүйлийг сэргээх арга хэмжээ авбал байдал сайжирна. Саяхан 60 сая ам.долларыг Төвбанк зах зээлд нийлүүлсэн гэх мэдээ байна лээ. Урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байж энэ асуудлыг шийднэ. Цаашид томоохон хөрөнгө оруулагч татах алхмуудыг хийх хэрэгтэй. Манайд хөрөнгө оруулалт хийе гэсэн санал ирж байгаа байх. Ийм байгууллагатай идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Урт хугацаандаа ам.долларын ханш тогтворжих байх. 2010 онд нэг долларын ханш 1200 байж байгаад 1800 хүрч байсан. Дараа нь том төслүүд хэрэгжиж эхэлснээр 1200 болж байсан түүх бий. Бодлого зөв байвал ам.долларын ханш өсөхгүй төгрөг тогтворжино.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mrs Lee.
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын
2017/10/10 103.10.197.203
Sir joel Williams
Сайн байна уу Би Korejs Fillip, Маркетингийн менежер, Олон улсын худалдааны Int байна. Бид дэлхий даяар 2% нь маш бага хүүтэйгээр бүх хүмүүсийн хувьд санхүүгийн зээлийн үйлчилгээг санал болгож байна
2016/10/12 118.101.19.178
credit union
Яаралтай жинхЭнЭ ЗЭЭЛИЙН САНАЛ, ОДОО ХҮСЭЛТ: Та бизнесийн зээл хайж байна уу? хувийн зээл, байшин зээл, машины зээл, оюутны зээл, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, хамтарсан Нийслэл, гэх мэт ..
2016/09/28 105.112.39.104
Зочин
Валютын сангаа зарж дуусгасан гэсэн үгүү? Юу гээд балайраад байгаам бэ, Гудамжаа зассан нь зөв харин станцаа бариагүй ч гэх шиг хэнийг хэлээд байнаа, авах юм нэг ч алга..,
2016/09/06 202.21.116.90
Бямбасайхан
Чи өөрөө барзгар хар Мангас за муу хүүхэнчин худалч гар чинь
2016/08/24 202.9.40.35
zochin
Ta yrihdaa ih saihan yrih ymaa. Heden jiliin omno lektsend ni suuj baisan yrij baigaagaas ni odoogiin ediin zasgii baidal teneger gazar shig zoruutei baina shuu dee hoorhii hooson tseterhegch
2016/08/24 103.212.116.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment