8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, Таван яамны ТНБД томилогдсон өдөр

2016-09-21 18:39:00

Хүний амьдралд энэрэл нигүүлсэл, хамтын ажиллагаа, нөхөрсөг, инээмсэглэл,  туслах хүсэл, хайр халамж, хэн нэгэнд хамааралтай байх тэр мэдрэмж та бидэнд байнга мэдрэгддэг гэнэ. Энэ бүх чанарууд нь хүний үнэ цэнийг илэрхийлдэг аж. Харин уншигч та өнөөдөр та хэр үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрэв, эсвэл хэн нэгэн танд ямар үнэ цэнэтэйг мэдэрсэн болов уу. Өдөр бүрийн энэ цаг мөчид уулздаг "Монголын нэг өдөр" тойм булангаа уншигч танд хүргэхэд бэлэн боллоо. 

Чухал томилгоо: ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг чөлөөлж, түүний оронд Ц.Амгаланбаярыг томиллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ТНБД нараас гадна ШШГЕГ-ын даргын асуудлыг хэлэлцэж, томилгоо хийсэн юм. Тодруулбал, таван яамны ТНБД нарыг томилсон юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Амгаланбаярыг томиллоо.

Чухал мэдээ:  Нярай хүүхдүүдэд Улаанбурханы вакцин хийнэ

Хүйтэн сэрүүний улирал эхэлж ханиад томуутай зэрэгцэн улаанбурхан дэгдэх магадлал өндөр байгааг албаныхан онцолжээ. Тиймээс энэ жил Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлэн, өнгөрсөн зун улаанбурханы дархлаажуулалтаас хоцорсон оюутнуудыг нөхөж хамруулахаар болсон. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс нийслэл, баруун дөрвөн аймгийн  нярай болон зургаан сартай хүүхдүүдэд “0” тунгаар улаанбурханы вакцин хийлгэхээр болсон байна. 

Чухал шийдвэр: 70-аас дээш настай ахмадад “Насны хишиг” олгоно


Өнөөдрийн хуралдаанаар ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ. Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

Чухал хүн: "Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит, Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болголоо. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дарга, Улаанбаатарын депогийн засвар хариуцсан орлогч дарга, Төмөр замын ТМС-ийн орлогч захирал зэрэг албанд 37 жил ажилласан байна. 

Чухал сэрэмжлүүлэг: ЗЦГ-аас эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулахыг зөвлөлөө

Замын цагдаагийн газрын ЖШУХ энэ сарын 20-нд нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлжээ.  Түүнчлэн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байгаа учраас Замын цагдаагийн газраас эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж аюулгүй байдлыг нь сайтар хангахыг зөвлөж байна.

Г.Бат-Эрдэнэ: Спонсоруудаасаа санхүүждэг байдлаараа үргэлжлүүлвэл шоуг дахин хийх боломжгүй

Долоо хоног бүрийн ням гарагийн орой монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө нэгтгэж чаддаг зүйл бол яах аргагүй “Авъяаслаг Монголчууд” шоу. Өнгөрсөн жилийн хувьд шоу амжилттай болж “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарч 100 сая төгрөгийн эзэн болсон билээ. Тэгвэл энэ жилийн шоу эхлээд хоёр дахь дугаараа үзэгчиддээ хүргээд байна. Гэтэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар төлөвлөж байсан “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг ирэх жилээс дахин гарах гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээд тархаж үзэгчдийн дунд “яагаад” гэсэн асуулт урган гарч ирсэн юм. Ингээд уг шоуны талаар “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлийн ерөнхий найруулагч, Монгол телевизийн стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ын дарга Г.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн хэмжээний шоуг Монголд анх удаа зохион байгуулсан танай хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Телевизүүдийн стандартыг өөрчилж ийм хэмжээний шоуны ард гарна гэдэг амаргүй даваа байсан байх?

-Баярлалаа. Энэ нэвтрүүлгийг хийхийн тулд манай хамт олон өөрсдөө маш ихийг шинээр сурч  мэдсэн. Энэ жилийн хувьд бол хоёр удаа дахь болоод ч тэр үү харьцангуй туршлагажсан гэж хэлж болно.

-Та “Авъяаслаг монголчууд” шоу дахин хийгдэхгүй гэж твиттер хуудсаараа жиргэсэн. Аль хэдийн үзэгчдийн хүртээл болж, хүлээлт үүсгэх болсон энэхүү нэвтрүүлгийг ирэх жилээс хийхгүй болсон нь ямар учиртай юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-Зөвхөн спонсоруудаасаа санхүүждэг байдлаараа үргэлжлүүлвэл шоуг ирэх жил хийх боломжгүй болж байна. Эдийн засгийн байдал хүндэрч аж ахуйн нэгжүүд хамгийн эхэнд маркетингийн зардлаасаа танаж эхэлж байна. Энэ нь дан ганц манай телевизийн ч асуудал биш. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нийт телевизүүд болон энэ салбарт  тулгамдаж буй асуудал. Иймд санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгохгүйгээр аль ч телевиз өргөн хүрээний том нэвтрүүлэг бүтээх боломжгүй. Үүнд маш их  харамсаж байна. Үзэгчид сонгосон кабелийн компанид сар бүр төлбөр төлдөг. Харин тухайн кабелийн компаниуд нь энэ төлбөрөөс монгол сувгуудад, уран бүтээлчдэд нэг ч төгрөг төлдөггүй бөгөөд гадаад сувгуудад хэдэн арван сая доллараар нь байнга төлбөр шилжүүлж байдаг. Гэтэл өнөөдөр бор зүрхээрээ явсан телевизүүд маань “өглөгч хүн өөртөө хоосон” гэдгийн үлгэрээр аргаа барж, модоо барьж байна. 

 

Зөвхөн спонсоруудаасаа санхүүждэг байдлаараа үргэлжлүүлвэл шоуг ирэх жил хийх боломжгүй болж байна.

-Өнгөрсөн жил шоунд хэчнээн хүн оролцсон вэ. Энэ жилийн шоунд харьцангуй их хүн оролцож байгаа юм шиг санагдаж байна. Монгол туургатануудаас авъяастан оролцох хүсэлтээ ирүүлсэн үү. ? 

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил илүү их хүн оролцож байна. 2000 гаруй оролцогч бүртгүүлсэн. Оролцогчийн тоо жил ирэх бүр өсч байна.  Авъяастанууд ч хангалттай бий. Ирэх жилүүдэд Монгол туургатануудаа хамруулах төлөвлөгөө бий.

-Энэ жил “Алтан баззер” нэмэгдэж оролцогчид шууд шилдэг 32-т үлдэх боломжтой болж байгаа. Жил ирэх тусам шинэлэг зүйл нэмэгдэж байгаа нь шоуны онцлог уу? 

-Жил бүр шоун дээр нэг шинэлэг өөрчлөлт орж байгаа. Энэ жилийнх “Алтан Баззер”.  Гурван шүүгч тус бүр нэг,  хоёр хөтлөгч дундаа нэг эрхтэй. Ингээд нийт дөрвөн оролцогч хагас шигшээ шатанд шалгарч шөвгийн 32-т үлдэж шууд нэвтрүүлгээр үзүүлбэрээ үзүүлэх боломжтойгоороо  энэ жилийн шоу онцлог болж байна.

 

Угаасаа бүх хүнд жигд таалагдах дөрвөн  хүн олно гэдэг бол боломжгүй зүйл. Хэн ч төгс биш. Шүүгч нарыг солих боломжтой. Энэ жилийн хувьд бол бид солих шаардлагагүй гэж үзсэн. 

-Шүүгчдийг хэрхэн сонгож авсан вэ. Үзэгчид зарим шүүгчийг шударга бус шүүж байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

И.Нарантуяа: Би төсвийн мөнгийг тансаг тавилгад зарцуулсан зүйл байхгүй

Өчигдөр олон нийтийн цахим сүлжээний онцлох хүнээр Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын дарга И.Нарантуяа байлаа. Учир нь түүний ажлын өрөөнд нь байсан төгөлдөр хуурыг төсвийн мөнгөөр авч албан өрөөгөө тохижуулсан гэсэн шүүмжлэл нэлээд явсан. Мөн тансаг душ байсан нь олны анхаарлыг татсан юм. Энэ талаар бид Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын дарга И.Нарантуяагаас тодруулахад "Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын даргаар томилогдож ирэхэд энэ төгөлдөр хуур байсан. Би төсвийн мөнгийг тансаг тавилгад зарцуулсан зүйл байхгүй. Харин хүүхдийн байгууллага душ зэрэг зүйлээр хангагдсан байх ёстой" гэв.

"Фортуна" Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа юм байна. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар ийнхүү сэжигтнээр тооцжээ.

Баян-Өлгий аймагт өвс ачсан машин шатжээ

Өчигдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өвс ачсан автомашин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд, Өлгий-Ховд чиглэлийн зам дээр иргэн Ж-н эзэмшлийн 86-84 БӨТ улсын дугаартай “САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатсан бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжхангай багийн Дуушийн гудамжинд иргэн З-н эзэмшлийн 26-65 СЭА улсын дугаартай ЗИЛ-131 загварын задгай өвс ачсан автомашин шатжээ. Галыг аймгуудын Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраасан байна. Мөн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Түндэмүн” сауны хашаанд чингэлэг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаантын 16 дугаар гудамжинд айлын байшин, Төв аймгийн Зуунмод сумаас 14 км зайд Түргэний голын автозамд иргэн А-н “Tоёота стима” загварын автомашин тус тус шатсаныг унтраажээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын даргаар томилогдлоо

Олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан нэгэн томилгоо хийгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын даргаар томилогдсон байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар танил тал, найз нөхөд, ураг садан, хандив өгсөн хүмүүсийг албан тушаалд томилдог гэсэн шүүмжлэл засаг барьж эхэлсэн өдрөөс л гарсан. Үүнийг гэрчлэх гэлтэй УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болжээ. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment