8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Бат-Эрдэнэ: Спонсоруудаасаа санхүүждэг байдлаараа үргэлжлүүлвэл шоуг дахин хийх боломжгүй

2016-09-21 08:53:00

Долоо хоног бүрийн ням гарагийн орой монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө нэгтгэж чаддаг зүйл бол яах аргагүй “Авъяаслаг Монголчууд” шоу. Өнгөрсөн жилийн хувьд шоу амжилттай болж “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарч 100 сая төгрөгийн эзэн болсон билээ. Тэгвэл энэ жилийн шоу эхлээд хоёр дахь дугаараа үзэгчиддээ хүргээд байна. Гэтэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар төлөвлөж байсан “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг ирэх жилээс дахин гарах гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээд тархаж үзэгчдийн дунд “яагаад” гэсэн асуулт урган гарч ирсэн юм. Ингээд уг шоуны талаар “Авъяаслаг Монголчууд” нэвтрүүлийн ерөнхий найруулагч, Монгол телевизийн стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ын дарга Г.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

-Дэлхийн хэмжээний шоуг Монголд анх удаа зохион байгуулсан танай хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Телевизүүдийн стандартыг өөрчилж ийм хэмжээний шоуны ард гарна гэдэг амаргүй даваа байсан байх?

-Баярлалаа. Энэ нэвтрүүлгийг хийхийн тулд манай хамт олон өөрсдөө маш ихийг шинээр сурч  мэдсэн. Энэ жилийн хувьд бол хоёр удаа дахь болоод ч тэр үү харьцангуй туршлагажсан гэж хэлж болно.

-Та “Авъяаслаг монголчууд” шоу дахин хийгдэхгүй гэж твиттер хуудсаараа жиргэсэн. Аль хэдийн үзэгчдийн хүртээл болж, хүлээлт үүсгэх болсон энэхүү нэвтрүүлгийг ирэх жилээс хийхгүй болсон нь ямар учиртай юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-Зөвхөн спонсоруудаасаа санхүүждэг байдлаараа үргэлжлүүлвэл шоуг ирэх жил хийх боломжгүй болж байна. Эдийн засгийн байдал хүндэрч аж ахуйн нэгжүүд хамгийн эхэнд маркетингийн зардлаасаа танаж эхэлж байна. Энэ нь дан ганц манай телевизийн ч асуудал биш. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нийт телевизүүд болон энэ салбарт  тулгамдаж буй асуудал. Иймд санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгохгүйгээр аль ч телевиз өргөн хүрээний том нэвтрүүлэг бүтээх боломжгүй. Үүнд маш их  харамсаж байна. Үзэгчид сонгосон кабелийн компанид сар бүр төлбөр төлдөг. Харин тухайн кабелийн компаниуд нь энэ төлбөрөөс монгол сувгуудад, уран бүтээлчдэд нэг ч төгрөг төлдөггүй бөгөөд гадаад сувгуудад хэдэн арван сая доллараар нь байнга төлбөр шилжүүлж байдаг. Гэтэл өнөөдөр бор зүрхээрээ явсан телевизүүд маань “өглөгч хүн өөртөө хоосон” гэдгийн үлгэрээр аргаа барж, модоо барьж байна. 

Зөвхөн спонсоруудаасаа санхүүждэг байдлаараа үргэлжлүүлвэл шоуг ирэх жил хийх боломжгүй болж байна.

-Өнгөрсөн жил шоунд хэчнээн хүн оролцсон вэ. Энэ жилийн шоунд харьцангуй их хүн оролцож байгаа юм шиг санагдаж байна. Монгол туургатануудаас авъяастан оролцох хүсэлтээ ирүүлсэн үү. ? 

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил илүү их хүн оролцож байна. 2000 гаруй оролцогч бүртгүүлсэн. Оролцогчийн тоо жил ирэх бүр өсч байна.  Авъяастанууд ч хангалттай бий. Ирэх жилүүдэд Монгол туургатануудаа хамруулах төлөвлөгөө бий.

-Энэ жил “Алтан баззер” нэмэгдэж оролцогчид шууд шилдэг 32-т үлдэх боломжтой болж байгаа. Жил ирэх тусам шинэлэг зүйл нэмэгдэж байгаа нь шоуны онцлог уу? 

-Жил бүр шоун дээр нэг шинэлэг өөрчлөлт орж байгаа. Энэ жилийнх “Алтан Баззер”.  Гурван шүүгч тус бүр нэг,  хоёр хөтлөгч дундаа нэг эрхтэй. Ингээд нийт дөрвөн оролцогч хагас шигшээ шатанд шалгарч шөвгийн 32-т үлдэж шууд нэвтрүүлгээр үзүүлбэрээ үзүүлэх боломжтойгоороо  энэ жилийн шоу онцлог болж байна.

Угаасаа бүх хүнд жигд таалагдах дөрвөн  хүн олно гэдэг бол боломжгүй зүйл. Хэн ч төгс биш. Шүүгч нарыг солих боломжтой. Энэ жилийн хувьд бол бид солих шаардлагагүй гэж үзсэн. 

-Шүүгчдийг хэрхэн сонгож авсан вэ. Үзэгчид зарим шүүгчийг шударга бус шүүж байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Шүүгч нараа энэ нэвтрүүлгийг дэлхийн олон өөр оронд хийж байсан туршлагатай зөвлөхүүдтэй хамт сонгосон. Шүүгч нарын зарим үзэгчдэд нь таалагддаг, таалагддаггүй гээд янз бүр л байна. Угаасаа бүх хүнд жигд таалагдах дөрвөн  хүн олно гэдэг бол боломжгүй зүйл. Хэн ч төгс биш. Шүүгч нарыг солих боломжтой. Энэ жилийн хувьд бол бид солих шаардлагагүй гэж үзсэн. 

-Өнгөрсөн жил танай шоунд оролцсон зарим хүмүүс нэг хэсэгтээ телевизийн нэвтрүүлэгт оролцохгүй байх, сонин, сэтгүүл, хэвлэлд ярилцлага өгөхгүй байх тал дээр танайхтай гэрээ байгуулж ажилласан гэсэн яриа байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Шоу маань телевизийн нэвтрүүлэг хэдий ч бас уралдаант тэмцээн шүү дээ. Хагас шигшээ шатанд үзэгчдийн саналаар шүүгддэг учир бид хэн нэгэнд хэвлэл мэдээллээр дамжуулан давуу тал олгохыг зөвшөөрдөггүй. Бүх оролцогч нарт ижилхэн боломж олгох ёстой гэсэн үүднээс хандсан. 

-Хэчнээн хүнтэй хэдий хугацааны гэрээ байгуулсан вэ?

-Манай нэвтрүүлгийн шүүгчийн шатанд орж буй бүх хүн нэвтрүүлэг дуустал гэрээ байгуулсан. Энэ нь олон улсаас тавигддаг шаардлагуудын нэг.  

-Өнгөрсөн болон энэ жилийн оролцогчдын чанар, бэлтгэл сэтгэл зүйн байдал ямар байна вэ. Ингэж асуусны учир нь өнгөрсөн жил анх удаагийнх байсан болохоор оролцогчид туршлагагүйтэх зүйл байсан болов уу. Харин энэ жил оролцогчид хэр хэмжээг мэдэж өөрсдийгөө бэлтгэж байгаа байх? 

-Маш олон оролцогч эхний жилийн шоуг анхааралтай үзэж амжилттай болсон учир энэ жил оролцож байна гэж хэлж байгаа. Оролцогч нарын бэлтгэл янз бүр байдаг. Гэхдээ мэдээж хоёр дахь удаагаа гарч байгаа учир хүмүүс сайн мэдээлэлтэй болж, өөртөөгөө ажилласан нь ажиглагдаж байна. 

Саймон Коуэлл Монголд ирэх сонирхолоо бидэнтэй уулзах үедээ илэрхийлж байсан. Гэвч өнгөрсөн жилийн финал болох үед Англид явагдаж байсан “X-FACTOR” шоу нэвтрүүлгийн финал мөн давхардсан учир манайд ирэх боломжгүй болсон.

-Анх “Авъяаслаг Монголчууд” шоу эхэлж байхад сүүлийн шатанд Саймон Коуэлл ирнэ гэж яриа гарч байсан. Энэ нь үзэгчддэд хүлээлт үүсгэсэн. Гэтэл  ирээгүй. Яагаад ирээгүй юм вэ? 

-Нэвтрүүлгийг санаачлагч Саймон Коуэлл Монголд ирэх сонирхолоо бидэнтэй уулзах үедээ илэрхийлж байсан. Гэвч өнгөрсөн жилийн финал болох үед Англид явагдаж байсан “X-FACTOR” шоу нэвтрүүлгийн финал мөн давхардсан учир манайд ирэх боломжгүй болсон. Тэрбээр уг нэвтрүүлгийн шүүгч байсан юм. 

-Танай телевизийн зүгээс хоёр шилдэг оролцогчддод продюсер хийж дэлхийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ үнэн үү. Нууц биш бол ямар уран бүтээлчид байгаа вэ?

-Нэвтрүүлэг дуустал энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь үзэгчдэд хэн хэрхэн таалагдахыг тэр болгон урьдчилан хэлэхэд бэрх байдаг тул шоугаа дууссаны дараа энэ яриа үргэлжлүүлбэл илүү сонирхолтой байх болов уу.

-Манай уран бүтээлчдийг Дэлхийн зах зээлд гаргахад хүндрэл бэрхшээл юу байна уу?

-Монгол уран бүтээлчдийг шоу урлагын зах зээлд гаргахад хамгийн гол нь хэлний бэрхшээл, уран бүтээлчдийн сахилга бат, тууштай байдал ихээр дутагддаг. Бусдаар бол манай монголчууд их өвөрмөц авъяастай хүмүүс. 

-“Авъяаслаг Монголчууд” зогслоо гэхэд дахиад ийм томоохон шоу нэвтрүүлэг хийх төлөвлөгөө бий юү?

-Монголд дэлхийн аль ч том шоуг хийх боломжтой. Харин ашигтай юу гэдэг бол өөр хэрэг. Ашиг олдоггүй юмаа гэхэд алдагдалд ордоггүй байх ёстой. Иймд нэг завин дээр хөвж явдаг гурван тал болох үзэгчид, уран бүтээлчид болон түгээгч нар буюу кабелийн компаниуд маань бүгдээрээ ашигтай байх дундын хувилбараа олж алсын зорилгоо нэгтгэх юм. Үүнийг хийж чадахгүй бол бид үндэсний гэх олигтой нэвтрүүлэггүй Хятад, Солонгос контентуудад хэт автаж тольны өмнө зогссон эрчүүдтэй л улс болох байх даа. 

-Нууц биш бол өнгөрсөн жил хэчнээн төгрөгний зардал гаргасан вэ?

-Нэгээс хоёр тэрбум төгрөгний зардал гаргасан. 

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
za ashgui TV-nuud ali chansaatai shildguug ni shalgarch uldej tsuuhun boloh ni.
2016/09/21 202.131.247.170
  • Recent
  • Most Read
  • Most Comment