Санхүүжилт байхгүй гэх шалгаанаар өнгөрсөн долдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг олгоогүй билээ. Харин энэ сарын сүүлээр 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг хамтад нь олгохоо болсон. Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-10 дугаар бүлэгт хамрагдсан айл өрхүүдийн хүүхдүүдэд өгөх юм. Хүүхдийн мөнгө авах нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгоно гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүртэл зарим айлууд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн аль бүлэгт хамаарагдаж байгаа мэдээгүй явна. Тиймээс өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн аль бүлэгт орсон эсэхээ мэдэх, санд хамрагдаагүй бол хэрхэн хамрагдах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгатай цөөн хором ярилцлаа.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-10 дугаар бүлэгт ямар өрх, айл орох вэ?
-Энэ оны нэгээс зургадугаар сар хүртэлх хугацаанд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлтэй өрхийн хүүхдүүдэд хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгөө авч ирсэн. Тодруулбал, нэг сая 21 мянган хүүхэд мөнгөө авч ирсэн. Эдийн засгийн хямралын улмаас өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгохоор болоод байна. Үлдсэн 40 хувьд нь эдийн засаг сайжираад ирэхээр бичилт хийж 2019 оноос нөхөж олгоно. Судалгаанд хамрагдсан нийт өрхөө хэрэглээгээр нь 1-20 бүлэгт эрэмбэлэсэн. 1-2 дугаар бүлэгт хамгийн бага хэрэглээтэй өрх орно. 19-20 дугаар бүлэгт хэрэглээ өндөртэй айл, өрх орно гэж ойлгож болно. Жишээлбэл, 1-2 бүлэгт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаад явж байгаа айл, өрх орно. Улсын хэмжээнд энэ үйлчилгээнд 24 мянган өрхийн 140 орчим мянган иргэн хамрагддаг. Сард хүүхэд 6500, том хүн 13 мянган төгрөгийн талон авч хэрэглэдэг. Үүнээс харахад дундаж болон дунджаас доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд мөнгөө авна гэсэн үг.
-Гэр бүлийн нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэхэд амьжиргааны төвшинд нөлөөлөх үү. Амьжиргааны төвшинг ямар үзүүлэлтээр тодорхойлсон бэ?
1-2 бүлэгт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаад явж байгаа айл, өрх орно. Улсын хэмжээнд энэ үйлчилгээнд 24 мянган өрхийн 140 орчим мянган иргэн хамрагддаг. Сард хүүхэд 6500, том хүн 13 мянган төгрөгийн талон авч хэрэглэдэг.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг хүн ам зүйн талаарх мэдээлэл, нийгмийн үзүүлэлт, аж байдлын үзүүлэлт гурван бүлэгт хувааж явуулсан. Хүн ам зүйн бүлэгт гишүүдийн хоорондын хамаарал, регистерийн дугаар зэрэг мэдээллүүдийг багтаасан. Тухайн өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх гэсэн асуулга судалгаанд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэхээс хамаараад өрхийн амьжиргааны төвшинд нөлөө үзүүлнэ. Нийгмийн үзүүлэлт нь тухай өрхөд хөдөлмөр эрхэлдэг хүн байна уу, хэд нь ажил хийдэг, өрхийн гишүүдийн боловсрол төвшин нь хүртэл амьжиргааны төвшинд нөлөөлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдсан байдал, улсынх уу, хувийн уу гэхмэтчилэн асуулгууд багтсан байдаг. Харин аж байдлын үзүүлэлт гэдэг нь хувийн орон сууц, машин, граж, газар, зулангийн байшинтай эсэх зэрэг эд хогшлыг хамруулж үздэг. Хүмүүсийн дунд телевиз, хөргөгч, угаалгын машинтай бол баян, байхгүй бол ядууд тооцогддог гэх зэрэг яриа, ойлголт байна. Энэ нь буруу. Эдгээр зүйлүүд нь 55 асуултын нэг, хоёрхон үзүүлэлт. Энэ судалгааг орлогыг оруулан тооцох аргачлалаар хийсэн.
-Аргачлал гэснээс аймаг орон нутаг, нийслэлийн хэмжээнд оноог нь бодохдоо өөр өөр байдаг гэсэн. Асуулга нь адилхан хэрнээ. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Тооцоолол хийгээд бодож үзэхэд орон нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд оноонууд нь өөр өөр гаргадаг. Асуулгаа ижилхэн авчихаад оноогоо бодоход төвшин нь ондоо гарсан. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд зураг, хөргөгч зэрэг эд хогшилд оноо боддогдоггүй.
Овог нэр, регистерийн дугаараа хэлээд шүүлгэж өрхийн мэдээллийн санд хамрагдсан эсэхээ мэдэх боломжтой. Хамрагдсан байвал хэдэн оноотой, аль бүлэгт байгаагаа харах бүрэн боломжтой.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хэдүүгээр бүлэгт хамаарагдаж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
-Тухайн оршин сууж байгаа харьяа сум, дүүрэг, аймаг хотынхоо хорооны нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн дээр очоод овог нэр, регистерийн дугаараа хэлээд шүүлгэж өрхийн мэдээллийн санд хамрагдсан эсэхээ мэдэх боломжтой. Хамрагдсан байвал хэдэн оноотой, аль бүлэгт байгаагаа харах бүрэн боломжтой.
-Хэрвээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй байвал хэрхэн хамрагдах вэ?
-Хэрвээ тухайн айл өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол шалгахад хамрагдаагүй гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ тохиолдолд халамжийн ажилтанд хүсэлт гаргана. Ингэснээр өрхийн мэдээллийн санд хамрагдана.
-Саяхан нэг танил минь хашаатай, машинтай гээд манайх арванхоёрдугаар бүлэгт орчихсон. Хүүхдийн мөнгөнөөс хасагдчихлаа гэж ярьж байсан. Гэтэл тухайн өрхөд ганцхан хүн ажил хийдэг. Энэ мэтчилэн зарим иргэдийн дунд амьжиргааны төвшинг буруу тооцож гаргасан гэх яриа гараад байна. Төвшингөө дахин тодорхойлуулах хүсэлт гаргах боломж бий юү?
Иргэд өөрсдийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол нэг удаа хүсэлт гаргаад дахин судалгаа хийлгэх боломжтой.
-Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлохдоо буруу тооцсон зүйл бараг байхгүй. Яг л тухайн айл, өрхийн нөхцөл байдлыг байгаагаар нь дүгнэсэн. Тулгаж болох бүх бичиг баримтуудтай тулгасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийгмийн даатгалын сантай манайхан хамт явж тулгалт хийсэн. Тэгэхээр буруу гарна гэж байхгүй. Иргэд өөрсдийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол нэг удаа хүсэлт гаргаад дахин судалгаа хийлгэх боломжтой.
-Үлдсэн 40 хувьд орсон хүүхдүүдэд он гаргаад мөнгө олгохгүй гэсэн яриа гарсан байсан. Энэ үнэн үү?
-Үлдсэн 40 хувь нь адилхан хүүхдийн мөнгөнд хамрагдаад явж байгаа. Хасагдсан зүйл байхгүй. 2019 оноос эдийн засаг сайжирахаар хүүхдийн мөнгийг үе шаттайгаар хэвийн нөхөж олгоно. 2042 оны 12 сар хүртэл хүүхдийн мөнгө олгоно гэж заасан байгаа. Үүний дагуу л олгогдоно.
-Энэ сарын сүүлээр өнгөрсөн 7, 8, сарын мөнгө хамт бэлнээр олгоно гээд байгаа. Ихэнх хүүхдүүдийн мөнгө хадгаламж руу нь ордог тэр журмаараа олгогдох уу?
-Хуучин яаж авдаг байсан тэр зарчмаараа л авна. Өнгөрсөн 7, 8 дугаарын сарын мөнгө энэ сарын сүүлээр хамт орно. Тэгэхээр эцэг, эхчүүд гурван сарын хүүхдийн мөнгөө хамт авна гэж ойлгох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.