Эрхэм уншигч та бүхэнд ажлын сүүлийн өдрийн мэндийг хүргэе. Энэ 7 хоногт төлөвлөсөн ажлаа бүгдийн дуусгасан гэдэгт итгэлтэй байна. Арай дуусаж амжаагүй бол та санаа зовох хэрэггүй. Учир нь хүн болгонд шантрах, зориг, зүрх, хүч дутах үе байдаг. Гэхдээ энэ нь агуу үйл хэрэг хийхэд зайлшгүй гарч ирдэг багахан бэрхшээл гэдгийг та бүү мартаарай. Тиймээс та амралтын өдрийн хором, мөч бүрийг гэр бүлийнхэнтэйгээ үр дүнтэй өнгөрүүлж ая жаргалыг мэдэрч ирэх 7 хоногийг эр хүчээр дүүрэн угтахыг хүсье. Өдөр бүрийн энэ цаг мөчид нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.
Чухал мэдээ: Өнөө шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ
Манай улс жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон байдаг. Үүний дагуу энэ жилийн хувьд 03-р сарын 26 -ны шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн зуны цагийн хуваарьт шилжсэн. Харин есдүгээр сарын 23-24 шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухрааснаар 2016 оны зуны цагийн хуваарь дуусгавар болж, өвлийн цагийн хуваарьт шилжих юм байна.
Чухал баривчилгаа: Хар тамхи борлуулдаг, худалдан авдаг 8 хүнийг баривчилжээ
Хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан нийт найман хүнийг хамт баривчилжээ. Тодруулбал Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн шөнө эдгээр хүмүүсийг илрүүлсэн байна. Тухайн найман хүн дотор улс төрийн нэр нөлөө бүхий нэгэн байсан гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа аж. Сүүлийн хэдхэн жилийн дотор хар тамхи болон мансууруулах бодист донтогчдын тоо ихсч, цаашлаад гэмт хэргийн золиос, эзэн холбогдогч болох нь буурахгүй байгааг Цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас онцлон анхааруулжээ.
Чухал сэрэмжлүүлэг: Тээвэр зохицуулалтын газраас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Цаг уур орчин шинжилгээний газраас есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчид, иргэдэд онцгойлон анхааруулсан. Тэгвэл эдгээр өдрүүдэд зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй тул орон нутгийн замд зорчигчид анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас сэрэмжүүлж байна.
Чухал шийдвэр: Ургац хураалтыг түр хугацаагаар хойшлууллаа
Өнөөдрөөс эхлэн манай орны нийт нутгаар болон газар тариалангийн бүсэд бороо орж, уулархаг газраас нойтон цас орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа билээ. Тиймээс ургац хураалтыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар урьдчилсан мэдээгээр ургац хураалт 30 орчим хувьтай яваа бөгөөд 501.0 мянган тонн үр тариа, 174,7 мянган тонн төмс, 117,5 мянган тонн хүнсний ногоо, 43,4 мянган тонн малын тэжээл хураан аваад буй аж.
Чухал үйл явдал: Паралимпийн хүрэл медальтнууд эх орондоо ирлээ
“Рио-2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ тэргүүтэй Монголын тамирчид өнгөрсөн шөнө өмнө эх орондоо ирлээ. Манай тамирчид энэ удаагийн олимпод амжилттай оролцож Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, пауэрлифтингийн 88 кг-д Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн юм. Тамирчдыг Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо, “Ард” даатгал, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан, баяр хүргэжээ.
Гурван яамны ТНБД нарын нэр яригдаж эхлэв
Өнгөрсөн 7 хоногт таван яамны ТНБД-ыг томилсон билээ. Тэгвэл гурван яамны ТНБД нарын нэрс яригдаж эхлэв. Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус яамны газрын дарга Б.Нямаа, Эрчим хүчний яамны ТНБД-д УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ТНБД-д жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайханы нэр яригдаж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Б.Алтантулга: Амьжиргааны төвшингийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй бол нэг удаа хүсэлт гаргах боломжтой
Санхүүжилт байхгүй гэх шалгаанаар өнгөрсөн долдугаар сараас хойш хүүхдийн мөнгийг олгоогүй билээ. Харин энэ сарын сүүлээр 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг хамтад нь олгохоо болсон. Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-10 дугаар бүлэгт хамрагдсан айл өрхүүдийн хүүхдүүдэд өгөх юм. Хүүхдийн мөнгө авах нийт хүүхдүүдийн 60 хувьд нь олгоно гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүртэл зарим айлууд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн аль бүлэгт хамаарагдаж байгаа мэдээгүй явна. Тиймээс өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн аль бүлэгт орсон эсэхээ мэдэх, санд хамрагдаагүй бол хэрхэн хамрагдах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгатай цөөн хором ярилцлаа.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-10 дугаар бүлэгт ямар өрх, айл орох вэ?
-Энэ оны нэгээс зургадугаар сар хүртэлх хугацаанд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлтэй өрхийн хүүхдүүдэд хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгөө авч ирсэн. Тодруулбал, нэг сая 21 мянган хүүхэд мөнгөө авч ирсэн. Эдийн засгийн хямралын улмаас өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүүхдүүдийн 60 хувьд нь бэлнээр олгохоор болоод байна. Үлдсэн 40 хувьд нь эдийн засаг сайжираад ирэхээр бичилт хийж 2019 оноос нөхөж олгоно. Судалгаанд хамрагдсан нийт өрхөө хэрэглээгээр нь 1-20 бүлэгт эрэмбэлэсэн. 1-2 дугаар бүлэгт хамгийн бага хэрэглээтэй өрх орно. 19-20 дугаар бүлэгт хэрэглээ өндөртэй айл, өрх орно гэж ойлгож болно. Жишээлбэл, 1-2 бүлэгт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаад явж байгаа айл, өрх орно.Улсын хэмжээнд энэ үйлчилгээнд 24 мянган өрхийн 140 орчим мянган иргэн хамрагддаг. Сард хүүхэд 6500, том хүн 13 мянган төгрөгийн талон авч хэрэглэдэг.Үүнээс харахад дундаж болон дунджаас доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд мөнгөө авна гэсэн үг.
-Гэр бүлийн нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй байлаа гэхэд амьжиргааны төвшинд нөлөөлөх үү. Амьжиргааны төвшинг ямар үзүүлэлтээр тодорхойлсон бэ?
1-2 бүлэгт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаад явж байгаа айл, өрх орно. Улсын хэмжээнд энэ үйлчилгээнд 24 мянган өрхийн 140 орчим мянган иргэн хамрагддаг. Сард хүүхэд 6500, том хүн 13 мянган төгрөгийн талон авч хэрэглэдэг.
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааг хүн ам зүйн талаарх мэдээлэл, нийгмийн үзүүлэлт, аж байдлын үзүүлэлт гурван бүлэгт хувааж явуулсан. Хүн ам зүйн бүлэгт гишүүдийн хоорондын хамаарал, регистерийн дугаар зэрэг мэдээллүүдийг багтаасан. Тухайн өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэх гэсэн асуулга судалгаанд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэхээс хамаараад өрхийн амьжиргааны төвшинд нөлөө үзүүлнэ. Нийгмийн үзүүлэлт нь тухай өрхөд хөдөлмөр эрхэлдэг хүн байна уу, хэд нь ажил хийдэг, өрхийн гишүүдийн боловсрол төвшин нь хүртэл амьжиргааны төвшинд нөлөөлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдсан байдал, улсынх уу, хувийн уу гэхмэтчилэн асуулгууд багтсан байдаг. Харин аж байдлын үзүүлэлт гэдэг нь хувийн орон сууц, машин, граж, газар, зулангийн байшинтай эсэх зэрэг эд хогшлыг хамруулж үздэг. Хүмүүсийн дунд телевиз, хөргөгч, угаалгын машинтай бол баян, байхгүй бол ядууд тооцогддог гэх зэрэг яриа, ойлголт байна. Энэ нь буруу. Эдгээр зүйлүүд нь 55 асуултын нэг, хоёрхон үзүүлэлт. Энэ судалгааг орлогыг оруулан тооцох аргачлалаар хийсэн. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Зам тээврийн осол гарч 20 орчим насны эмэгтэй газар дээрээ нас баржээ
Тасганы овооны хойд талын Их тойруугийн замд автомашины ослоор нэг эмэгтэй нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөөний 08:30 минутын үед замаар гарч явсан 20 орчим хорь орчим насны эмэгтэйг Приус-20 маркийн автомашин өргөсөн байна. Яаралтай түргэн тусламжийн эмч нар болон цагдаагийнхныг ирэхэд осолд өртсөн эмэгтэй нас барсан байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Шалгалтаар шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлжээ
МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Энэхүү хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой аж. Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэв. Үүнээс нэг асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллажээ.
Сайд асан Д.Доржпүрэвийг хорьжээ
Энэ 7 хоногт өдөрт нэг өндөр албан тушаалтныг хорьсон, саатуулан шалгаж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Тэгвэл өнөөдөр Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан хэргээр цагдан хорьсон гэх мэдээлэл гараад байна. Гэхдээ хаанаас хорьж, шалгаж байгаа нь одоо хүртэл тодорхой бус байна. Түүнийг энэ сарын 21-ний өдөр саатуулжээ. Д.Доржпүрэвийг албан тушаалаа хашиж байх хугацаандаа ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг сая ам.долларыг нь завшсан хэмээн буруутгаж байгаа эх сурвалж онцолжээ.
Харвони эмийн үнэ өнөөдрөөс хямдарлаа
Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг Монгол Улсад 400 ам.доллараар худалдаалж байсан юм. Харин энэ эмийн үнийг өнөөдрөөс бууруулахаар болжээ. Тодруулбал, нэг хайрцаг эмийг 300 ам.доллар буюу 700 орчим мянган төгрөгөөр, нэг курсийг 900 ам.доллараар авах боломжтой болж байна.
Барилгын хана нурж долоон хүн дарагджээ
Барилгын хана нурж долоон хүн дарагджээ. Тодруубал, Налайх дүүргийн зургадугаар хорооны “Мэлхий хад” хэмээх газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ний баригдаж байсан барилгын хана нурсан байна. Энэ талаарх дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс есдүгээр сарын 22-ны өдөр хүлээн авчээ. Дуудлагын дагуу 11 албан хаагч, 2 автомашинтай шуурхай ажиллаж дарагдаж гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлсэн байна.
“Yahoo” нууц үгээ солихыг анхаарууллаа
“Yahoo”-аас мэдээлсэнээр “2014 онд манай компани 500 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдаж, хакердуулж байсан. Тухайн алдагдсан мэдээллээс харахад хувь хүний мэдээлэл буюу нэр, цахим хаяг, нууц асуултууд багтдаг. Үүнд хараахан зээлийн картны мэдээлэл ороогүй бөгөөд тус халдлагыг улс төрийн зохион байгуулалттай хэрэг хэмээн таамаглаж байна” гэв. Холбооны мөрдөх товчооноос тус халдлагын талаар шалгаж байгаа аж. Харин наймдугаар сард “Энх тайван” хэмээн алдаршсан хакерч “Yahoo”-ийн 200 сая хэрэглэгчийн мэдээллийг зарах оролдлого хийж байжээ. Хэрэглэгчийн мэдээлэл гэдэгт нэр, цахим хаяг, утасны дугаар, төрсөн он сар өдөр, нууц асуултууд багтдаг бөгөөд “Yahoo” компани 2014 оноос хойш хэрэглэгчидээ өөрсдийн нууц үгийг даруй солихыг шаардаж байна. Харин долдугаар сард “Yahoo” компани АНУ-ын харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Verizon”-д 4,8 тэрбум ам.долларын хувьцааг арилжсан байна.
“Verizon” BBC-д мэдээлж буйгаар хакерууд нууц мэдээллийг хүртэл авахыг оролдсон. Тэгэхээр манай компанийн зүгээс хэрэглэгч, үйлчлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн сонирхол уу гэдгийг олох болно. Тиймээс тэр хүртэл дахин тайлбар хийхгүй” гэдгийг санууллаа. “Yahoo”-ын хэлж буйгаар “Улс төрийн зохион байгуулалттай энэ төрлийн хэргүүд технологийн салбарт жил ирэх тусам нэмэгдэж байна” гэв. Ройтерс агентлагаас мэдээлэхдээ нэрээ нууцлахыг хүссэн гурван албаны хүн тус хэрэг нь улс төрийн зохион байгууллалтай. Ийм хэрэг ОХУ-д өмнө болж байсан гэжээ. Техник технологийн түүхэнд энэ хэрэгтэй ижил 10 том хэрэг байдаг аж. Тухайлбал “My space” 359 сая, “Linked In” 164 сая, “Adobe” 152 сая, “Badoo” 112 сая, “VK” 93, “Dropbox” 68 сая, “Tumblr” 65 сая, “Imesh” 49 сая, “Fling” 40 сая, “Last.fm” 37 сая мэдээлэл тус тус алдаж байжээ.
Эх сурвалж: BBC
"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.