8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 3500 ширхэг бүртгэлгүй эмийг хурааж, анхны цас орсон өдөр

2016-09-26 18:39:00

Намрын налгар өдрүүд ард үлдэж цав цагаахан өвөл цаг айсуй. Хөл доор хөглөрөх шаргал навчис , анхны цасаар сэмхэн  хучигдлаа. Хүн бүхний сэтгэлд гэгээ нэмж ирсэн анхны цастай өдрийн мэндийг уншигчиддаа хүргэж байна. Энэ өглөө хэдийгээр бүүдгэр, жиндүү байсан ч анхны цасыг харсан хүн бүхэний  сэтгэлд гэгээ татна. Хөгшин залуугүй цас, цас хэмээн уулга алдаж цаанаа л нэг хөнгөн баярт автах нь туйлын аз жаргалтай харагдана. Яагаад ч юм анхны цас хүн бүхэнд сайхан дурсамж үлдээдэг гэдэгт итгэлтэй байна .Анхны цасанд хайрагдсан тэр охины ягаахан хацар ,нэгэн хөвгүүний сэтгэлд оч бадрааж хайрын дөлыг асаана. Арван сар тэсэн ядан хүлээсэн үрээ анхны цаснаар анх харж аав, ээж хэмээх алдрыг зүүсэн гээд хүн бүхэнд өөр өөрийн нандин дурсамжийг үлдээсэн бизээ. Энэ бүх цасан ширхэг шиг энэ хорвоо бүхлээрээ гэрэлтэй бол ямар сайхан бэ? яг л миний, бас таны хүүхэд насны мөрөөдөл шиг. Анхны энэ ариухан цас хүн бүхэнд аз жаргал авчрах болтугай . Эрхэм уншигчидаа үдэш болгоны энэ цаг мөчид таньд хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Шинэ, содон бүхнээр дүүрэн тойм мэдээлэлээ хүлээн авна уу. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Чухал сануулга:“Бүргэд хилл” ХХК-ийн барилга нурж, долоон хүн дарагджээ

Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хороо нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурсан хэрэг гарчээ. Тус нурсан барилгад   долоон хүн нурангид дарагджээ. Барилгад дарагдсан  дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба бусад хөнгөн гэмтэл авсан байна.  Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байжээ. Нэгдүгээр давхрын цутгалтаа хийж байх явцад ийн нурсан байна. Ослын дүгнэлт гараагүй аж.

Чухал урамшуулал: .Ууганхүү,Э.Содномпэлжээ нарыг сар бүр хоёр сая төгрөгөөр урамшуулна

Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг нэг удаа мөнгөн шагналаар шагнахаас гадна сар бүр урамшуулдаг. Энэ дагуу “Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Б.Ууганхүү,  пауэрлифтингийн төрөлд  хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нарыг  нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно. Паралимпийн наадамд алтан медаль хүртсэн тамирчинг 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинг 60 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар журамд заасан байна.

Чухал сэрэмжлүүлэг: 3500 ширхэг бүртгэлгүй эмийг хураажээ

МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамрууллаа.
Энэхүү хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой юм.
Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэв. Үүнээс нэг асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж ажилласан байна. 

Чухал шийдвэр: Та нохой бол татвар төлнө 
 

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нохой, муур устгалтай холбоотой мэдээлэл гарч, нэлээдгүй маргаан дэгдээгээд байсан билээ. Тодруулбал,  “Нохой,  муур устгалын ажилд 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавих замаар устгалын ажлыг эхлүүлнэ” гэдэг мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл болохыг албаныхан хэллээ. Мөн үүнээс гадна 
Татварын ерөнхий хуульд нохойны албан татварыг нохойтой иргэдээс авах талаар заасан байдаг аж. Ийм заалт байдаг ч өнөөдрийг хүртэл төсвийн мөнгөнд нохойны татвар гэсэн нэг ч төгрөг суудаггүй аж. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ыг  шинэчлэх төслийг боловсруулж, Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татварыг нохой тэжээдэг иргэдээс авдаг байхаар тусгажээ.  Журмын төсөлд одоогоор татварын хэмжээг нэгдсэн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулсан байна.

Малчидын анхааралд:Өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 30 хүртэл сунгана

Ховд аймгийн 11 суманд малын гоц халдварт бог малын "Мялзан төст" өвчин гарсны улмаас энэ сарын 13-наас эхлэн 10 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байсан билээ. Тэгвэл өчигдөр тус аймгийн комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Хэдийгээр өвчлөл буурч байгаа ч халдвар тарах эрсдэл их хэмээн үзсэн байна. Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтыг ирэх сарын 1-нээс хийхээр болжээ. Вакцинжуулалтын хугацаанд махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй учраас эрүүл бүсээсээ мах нөөцлөх ажлыг яаралтай зохион байгуулахыг Аймгийн засаг дарга үүрэгдсэн байна. Иймээс аймгийн төвийн иргэдийн хэрэглээний гурван долоо хоногийн махыг эрүүл бүсээс нийлүүлж нөөцлөх ажээ. Ховд аймагт одоогоор 11 сумын 65 голомтод 71249 мал өвчилсөнөөс 55908 мал эдгэрч, 11767 мал хорогдож ,3539 толгой мал өвчтэй байгаа аж.
Чухал сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй

Өчигдөр Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад цас орж, зарим сумдад хөрсөн дээр цочир хүйтэрсэн. Харин өнөөдөр 09.00 цагийн байдлаар Дундговь, Говьсүмбэр аймгууд, 10.00 цагийн байдлаар Дундговь, Баянхонгор, Булган, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Хэнтий аймаг хүртэл, Төв аймгийн сумдад цас орж, явган шуурга шуурч байгаа тухай мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс  өгч байна.
Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих, цаг агаарын байдлаас шалтгаалж хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй байгааг анхааруулжээ.


Чухал уриалга: Г.Түмэндэлгэр: Засгийн газарт хямралаас хурдан гараасай гээд 100 хонь хандивласан


Монгол улсад төрөөс төрсөн тэрбумтан хэмээх хэлц бий болоод нэлээд удлаа. Эдийн засаг хямралын энэ үед Төрөөс төрсөн тэрбумтан, төрийн өндөр албан тушаалтануудын идэж, уусан хэрэг АТГ-т шалгагдаж, зарим нь аавын хаалга татаад байгаа. Энэ жилийн хувьд эдийн засаг хүнд байгаа, ирэх онд үүнээс ч илүү хүндэрнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Хэдэн өдрийн өмнө зарим нэг гишүүд идэж, ууж ханасан бол улс орондоо буцааж өгөх цаг болсон хэмээн маргалдаж суусан. Тэгвэл, эрхэм гишүүд, эрхэм олгиархуудаа таньд нэгийг бодогдуулах мэдээлэлийг бид хүргэх гэж байна. Засгийн газрын гишүүн, УИХ-н гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдийн хамт  Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумдад ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн байна.
Дархан суманд хийсэн уулзалтын үеэр Улсын аварга малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж мянгат малчин бүр мал хандивлахыг уриалж, өөрөө 100 хонь хандивлахаа илэрхийлсэн мэдээлэлийг бид өмнө нь хүргэсэн билээ. Энэ талаар бид Улсын аварга малчин Н.Шаравжамцаас утсаар тодруулах гэсэн боловч,  сумын төвөөс нэлээд хол, утасны сүлжээгүй газар нутаглаж байгаа юм байна. Харин Улсын аварга малчин Н.Шаравжамцын гэргий Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зээгээ цэцэрлэг сургуульд зөөх ажилтай төвд өвөлжих гэж байгаа аж. Бид энэ үеэр Улсын аварга малчин Н.Шаравжамцын гэргий Г.Түмэндэлгэрээс тодрууллаа.


-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Юуны түрүүнд та өөрийгөө манай уншигчддад танилцуулахгүй юу?
-Сайн. Сайн байна уу. Энэ жилийн хувьд намаржин сайхан боллоо. Намайг Г.Түмэндэлгэр гэдэг. Би 63 настай. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул иргэн. 4 ангиасаа л хөдөө гарч өнөөдрийг хүртэл мал маллаж байна даа.
-Хэд хоногийн өмнө Засгийн газрын гишүүн, УИХ-н гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдийн Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумдад ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн юм билээ. Тэр үеэр танай гэр бүл буюу Улсын аварга малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж 100 хонь хандивласан байна лээ. Ер нь яагаад 100 хонь хандивлахаар болов?
-Улс орон хямралтай байгаа учраас 100 хонь хандивласан. Хямралаас хурдан гараасай  гээд л  хандивласан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Чухал зөвөлгөө: Бөгжөө хэрхэн зөв сонгох вэ


Chuhal.mn сайтын уншигчиддаа зориулан “Зөвлөгөө” буландаа аль хуруундаа ямар төрлийн бөгж зүүх талаар зөвлөгөө хүргэж байна. Магадгүй та их гоёл чимэглэл зүүдэг бол үүнийг уншиж, зохистой хэрэглэх санааг аваарай.
Насандаа тааруулж бөгж сонгох
Өдөр тутмын хувцаслалтаас хамааран бөгжөө сонгох нь зүйтэй. Хэрэв та жижиг хумсны толь, хуруутай бол жижиг шигтгээтэй бөгж сонгоорой. Энэ нь таныг оворгүй, ухаалаг, дэгжин харагдуулах болно. Хэт их гоёл чимэглэл гартаа төвлөрүүлж, зүүх нь зохимжгүй харагддаг гэдгийг байнга санаарай. Том овор ихтэй чулуун бөгж гарын өө сэвийг тодруулж харагдуулдаг.
Гарын хэлбэр, хэмжээнд тааруулан бөгж сонгох
Хэрэв та жижигхэн хуруутай бол том биш хэрнээ урт шовх, нарийн хэлбэртэй бөгж сонгоорой. Энэ нь гарыг урт нарийн харагдуулах сайн талтай.  Харин та хэт урт хуруутай юу?  Тэгвэл дунд хуруундаа хоёр бөгж, зэрэгцүүлэн зүүх нь зохимжтой.
Том ястай хуруутай бол...
Бидний хэлж заншисанаар мойног том ястай хуруутай бол том чулуун бөгж сонгож, худалдан авахын оронд дугуй хэлбэр бүхий дунд зэргийн овортой бөгжийг сонгоорой. Энэ нь хурууны том ясыг жижиг болгож, зохистой харагдуулдаг. Геометрийн дүрстэй бөгж, гоёл чимэглэл хурууг жижиг хэмжээтэй харагдуулна.
Ямар бөгжийг хаана хэрэглэх вэ
•    Алмазан эсвэл шигтгээтэй бөгжийг чөлөөт хувцас дээр зүүх зохимжгүй харагддаг. Харин оройн үдэшлэг, хүлээн авалтанд даашинзтай хослуулж өмсөх нь зохимжтой бөгөөд хувцаслах соёлд сайн суралцсаныг илтгэнэ.
•    Нэг гарт хэт их бөгж байх зохимжгүй. Аливаа зүйлийн тун хэтрэх нь хувцаслалтандаа онцгой муу нөлөө үзүүлдэг. Энгийн хэрнээ дэгжин байх тусам сайхан харагдуулна.
•    Өөр өөр төрлийн материал, өнгө орсон бөгж нэг гарт хамтдаа байх зохимжгүй. Тухайлбал  алт, мөнгө, монет зэрэг орсон бөгжийг хамтад нь нэг дор зүүх ёсгүй.
•    Хумсаа тод өнгөөр будсан бол тод гялалздаг бөгж бүү сонго. Энэ нь таны гарыг бүдүүн , өргөн харагдуулдаг. Хэт тод өнгийн зүйлс нэг дор байрлах “гоёх гэж ядсан” мэт харагдуулна.
•    “Dress Code” заасан үдэшлэгт очих гэхээр ямар бөгж, ээмэгээ сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл хуримын бөгжөө зүүгээд гараарай. Энэ таныг илүү сайхан харагдуулж, соёлч хүний хувьд эерэг сэтгэгдэл төрүүлнэ.
•    Та эрхий болон чигчий хуруундаа бөгж зүүдэг бол элдэв содон өнгийн биш энгийн бөгж зүүхийг санал болгож байна.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл