8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Ангараг: Бид "Атганд үлдсэн эрдэнэ", "Чингисийн хүүхдүүд" гээд хоёр кино экспортлож чадлаа

2016-09-28 11:00:00

“Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан” зэрэг олон кинонд зураглаачаар ажилласан кино зураглаач,  гэрэл зурагчин СТА Д.Ангарагтай ярилцлаа. Тэрээр энэ зун уран бүтээлийн олз омог дүүрэн байж, цоо шинэ уран бүтээл болох “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кинон дээр ажиллажээ. Түүнтэй хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэе. Хамгийн сүүлд “Чингисийн хүүхдүүд” гэсэн уран бүтээл дээр ажилласан гэж сонссон. Түүхэн сэдэвтэй кино юу?

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Киноны хувьд “Чингисийн хүүхдүүд”  гэхээр хүмүүс түүхэн кино гэж төсөөлж, Чингис хааны тухай юм байна гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ кино бол Чингис хааны  тухай биш, түүхэн кино ч биш, орчин цагийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулсан уянгын,монгол хүний ахуй, амьдрал, соёлын тухай өгүүлэх кино юм. Үйл явдлын тухайд задалж ярих боломжгүй . Гэр бүлд зориулсан уянгын драм, ер нь бол 70 хувь нь хүүхдүүдийн талаар гарна. Нэг гэр бүлийн морь унаач гурван хүүхдүүдийн талаар өгүүлнэ.

-Бага насны хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж зарим хүмүүс ярьдаг. Нөгөө хэсэг нь морь унах нь уламжлагдаж ирсэн соёл гэдэг талаас авч үздэг. Таны кинонд хүүхдийн эрхийн асуудал хэр тусгагдсан вэ?

-Ерөөсөө сэдвийн хувьд үүнийг барьж авсан. Уран сайхны кино учраас бүх юм багтсан. 1 цаг 30 минутын турш энэ киног үзсэн хүн монгол ахуй, соёл гэж юуг хэлдэг, монгол хүний агуу сайхан зан чанар, морь унаач хүүхэд гэж ямар энхрий зөөлөн байдаг тэр ертөнцөөр аялаад гарна. Энэ кинонд хар бараан, орилсон, чарласан, зодоон нүдээнтэй юм гарахгүй. Мэдээж уран сайхны кино учраас эсрэг дүртэй. Уран сайхны кинонд байж болох бүх л элементүүдийг шингээсэн. Ерөнхий найруулагчаар нь бид бүхний сайн мэдэх Монгол филм группын найруулагч Д.Золбаяр ажилласан. “Аравт”, “Үхэж үл болно” гээд кинонууд дээр ажиллаж байсан монголдоо урдаа барих найруулагчдын нэг ажилласан.

-Шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хэзээ хийхээр төлөвлөсөн вэ?

-Ирэх 2017 оны зургадугаар сард нээхээр төлөвлөөд, ярилцаж байна.

-Киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ. Холливудын залуу жүжигчин тоглосон гэсэн. Нууц биш бол ямар жүжигчин тоглосон вэ?

-Холлиувудаас залуу жүжигчин ирж тоглосон.

Хамгийн сүүлд “Ээжүүдийн өдөр” гээд Америкт 2016 оны 4 дүгээр сард нээлтээ хийсэн кинонд Женнифер Анистон, Жулия Робертс нартай хамтран тоглосон залуу жүжигчин Britanny Belt тоглосон.

Жүжигчины хувьд Америкт ид гялалзаж, моод болж байгаа эмэгтэй. Ажлынхаа гарааг телевизийн олон ангит киноноос эхлээд одоо бүрэн хэмжээний уран сайхны кино руу орж байгаа залуу уран бүтээлч киноны минь гол дүрийг өнгөлсөн.

-Киноны утга найруулга нь өөрөө монголын тухай түүх соёл, монгол хүний тухай өгүүлнэ гэсэн. Тэгэхээр Холливудын залуу жүжигчин энэ ахуй соёлтой хэр зохицож чадаж байна бэ?

-Кино гарахаар энэ жүжигчний ямар дүр бүтээснийг мэдэх болно. Мэдээж манай алдартай эмэгтэй жүжигчин бас  тоглосон.

-Кино бүтээх багийн хувьд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан гэсэн. Энэ кинонд хичнээн уран бүтээлчид оролцсон бэ?

-Анхнаасаа  энэ киног том цар хүрээнд харж хийсэн. Гуравдугаар сард анх киноны зохиолтой танилцаж эхэлсэнээс хойш,  “Чингисийн хүүхдүүд” гээд кино брэндийг яаж гаргаж ирэх вэ, яаж олон нийтэд хүргэх вэ? гээд маш том компанит ажил явсан. Энд маркетинг, санхүүгийн хэлтэс түүнээс гадна гадаад харилцаа хариуцаж байгаа хүмүүс ч ажиллаж байна. Гадаадын том кино компаниуд төлөөлөл,зөвлөхөөр манайхта хамтарч ажиллаж байна. Нэг талаар монголын кино урлагт маш том өөрчлөлт, ахиц дэвшил авчирч байгаа. “Чингисийн хүүхдүүд” гэдэг кино брэндийг гаргаж ирэхийн төлөө 250 гаруй уран бүтээлчид ажиллаж байна.

-“Чингисийн хүүхдүүд” УСК Америкт гарна гэж ойлголоо. Харин монголдоо нээлтээ хийнэ биз дээ?

-Кино эхлэхээсээ өмнө бүх юмаа тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь хаана гаргах, зах зээл нь хаашаа юм, үзэгчид нь хаана байгаа юм гээд л төлөвлөх хэрэгтэй. Бид бүхэн өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд төлөвлөгөө гаргаж, ажилласан. Мэдээж энэ кино Америкийн зах зээл дээр экспортлох кино. Энэ кинонд дотоодын 2-3 том компани орж ажиллаж байгаа. Монгол жүжигчид тоглосон учраас Монголдоо албан ёсны нээлт хийнэ. Монголд гаргах эрхээ авахаар нэлээд сайн ажиллаж байна. Манай монголчууд оюуны бүтээлээ экспортлоод эхэлсэн. Өмнө нь зүгээр дотооддоо кино хийдэг байсан бол одоо нэг шат ахисан. Урлагийн хувьд маш том өөрчлөлтийг хийгээд явж байна.

-Та өнгөрсөн жил Хувьсал продакшины “Атганд үлдсэн эрдэнэ” кино уран бүтээл дээр ажилласан. Тухай үед кино удахгүй Америкийн кино театруудад гарна гэж байсан. Энэ асуудал юу болсон вэ?

-“Атганд үлдсэн эрдэнэ” УСК монголоос анх удаагаа дотоодын хөрөнгө оруулалтаар 100  хувь бүтсэн, эвлүүлэг, монтаж гээд бүх ажил нь Америкт бид нарын яриад байгаагаар Холливудад хийгдсэн кино. Энэ бол монголоос хамгийн анх экспортолсон кино. Үүний дараа бид “Чингисийн хүүхдүүд” гээд брэндийг гаргаж ирж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард “Атганд үлдсэн эрдэнэ” кино Монголд нээлтээ хийсэн, төлөвлөгөө ёсоор энэ оны сүүлээр Америкийн зах зээл  дээр гарч эхэлнэ.  

-Дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн анхны кино дэлхийн зах зээл дээр гарч байгаа гэдгээрээ бас сонин содон болж байна?

-Анхны гэдгийг бас ялгаж ойлгох хэрэгтэй. “Атганд үлдсэн эрдэн”киноны хувьд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, монголчуудын оюуны бүтээл. Мөн монголоос Америкт очиж хийсэн анхны кино гэдэг онцлог чанартай. н.Бямбаа найруулагчийн “Алсын удирдлага” УСК байна. Монголд зураг авалтаа хийсэн, гадны уран бүтээлчид ирж ажилласан. Гадна, дотны хамтарсан санхүүжилтээр бүтсэн кино. Тэгэхээр энэ киног Монголын анхных гэх үү, тэр улсын кино гэх үү? гээд бас зөрүүтэй ойлголт. За тэгээд “Хадаг” УСК байна. Монголд зураг авалтаа хийсэн, гадны хөрөнгө оруулалттай кино. н.Бямбасүрэн найруулагчийн “Ингэн нулимс”  гээд Германы хөрөнгө оруулалтаар хийгдсэн кино байна. Харин дотоодын хөрөнгө оруулалтаар бүтээгдсэн гэх юм бол яах аргагүй Хувьсал продакшины “Атганд үлдсэн эрдэнэ” УСК юм.

-“Атганд үлдсэн эрдэнэ” киног үнэ өртөгийн хувьд хэдэн төгрөгөөр гэрээ хийсэн вэ ?

-Энийг олон нийтэд зарлах боломжгүй. Монголчууд оюуны бүтээлээ үнэлүүлж чадсан.

 Америкт хамгийн багаар тооцоход 1,5 сая ам.доллараас дээш экспортлож байгаа.

- Дэлхийн зах зээлд гарахад киноны сэдэв санаа чухал уу?

- “Атганд үлдсэн эрдэнэ” кино жендерийн  эрх тэгш байдал, хүний эрхийн талаар хөндсөн. Ер нь кино хаанаа гаргах вэ гэдгээс хамаараад киноныхоо сэдвийг мөн уялдуулж өгөх ёстой. Тэгэхгүй бол хаа хамаагүй зодоон нүдээнтэй, янз бүрийн сэдэвтэй кино хийчээд дэлхийн зах зээлд гаргана гэдэг хэцүү. “Атганд үлдсэн эрдэнэ” кинон дээр өгүүлж байгаа жендерийн эрх тэгш байдал, хүний эрхийн асуудал нь өөрөө хаана ч  маш эмзэг асуудал. “Чингисийн хүүхдүүд” киноны сэдвийн хувьд арай өөр. Монголоос өөр оронд 3-6 настай хүүхдүүдийг өвөл хурдан морь унуулаад байдаг улс орон байдаг юм болов уу, мэдэхгүй байдаг ч байж магадгүй. Гэхдээ энэ өөрөө манай улсын уламжлагдаж ирсэн соёл гэдгийг харуулна.

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны  зохиолыг уншаад таньд ямар сэтгэгдэл төрсөн  бэ. Зохиолыг уншаад шууд Америкийн зах зээлд гаргах талаар бодож эхэлсэн үү?

-Зохиолыг уншаад маш сонин мэдрэмж төрсөн. Маш өвөрмөц, ер бусын санагдсан. Ер нь анх хүн зохиол уншаад төрсөн тэр мэдрэмжээ сайн анзаарах хэрэгтэй юм байна лээ. Зохиолыг уншаад Монголд тийм амьдрал байдаг гэж ерөөсөө бодоогүй. Америк, Японд ч юм уу эмэгтэй хүүхдийг эрэгтэй мэт амьдруулдаг байсан байж болно. Анх кино зохиолоо Америкт надтай хамтарч кино компани байгуулж, ажилладаг Л.Нямжаргал гээд хамтрагчтайгаа ярилцаж байсан. Тэгээд би хоёр ярилцаад хүмүүст ийм зохиол байна гээд л танилцуулсан.

Тэгэхэд хүмүүс “Wow, ямар гайхалтай юм бэ, монголд ийм сэдэв байдаг гэж үү” гэсэн хандлагаар хүлээж авсан. Бид нарын баримталдаг  бодлоготой яг таарсан. 

Ямар нэгэн бүтээл хийхдээ ерөөсөө зах зээлийн судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Сайн судалгаа хийж, баг хамт олноороо ажилласаны хүчинд монголоос хоёр кино экспортлож байна. Манай доллар гадагшаа гарч байгаа гэж их ярьж байгаа.  Харин бид доллараа гаднаас оруулж ирье гэж хичээж байна. Бид нар алт ухаж юмуу, газрын наймаа хийгээгүй цэвэр оюуны бүтээлээрээ дамжуулаад гаднаас доллар оруулж ирж байгаа.  Оюуны бүтээлээ үнэлүүлж чадсан нь бидний хамтдаа бүтээж чадсан амжилтын эхлэл юм.

-Уран бүтээлчид  бага зардлаар кино хийгээд тренд болж байгаа жүжигчнийг тоглуулаад ашиг олно гэсэн бодолтой байх шиг байна. Мэдээж сайн уран бүтээл хийхэд зардал мөнгөний хувьд их гардаг нь хамгийн том бэрхшээл болж байна. Дэлхийн кино урлагтай хөл нийлүүлж алхахын тулд гол нь юуг анхаарах ёстой юм бэ?

-Их гоё асуулт байна. Уран бүтээл хийж байгаа хүмүүсийг буруутгаж болохгүй. Ямар ч уран бүтээлчид сайн судалгаа хийх хэрэгтэй. Бизнесийн ухагдахуунтай болох ёстой, кино бизнес яаж хийдэг гэдгийг мэдэж, суралцах ёстой юм байна. Хүмүүс намайг зураглаач гэдгийг мэднэ. Одоо продюсер болж байна. Энэ хугацаанд маш их юм сурлаа. 2013-2015 он миний хувьд сургалт судалгаа руу чиглэсэн, суралцах жилүүд байсан. Гадна, дотны уран бүтээлчидтэй хамтарч ажилласаны үр дүнд боломжийг олж харж байна. Мэдээж, би энийг ганцаараа хийгээгүй. Миний ард манай хамт олон, хамтрагчид байсан. Ер нь кино урлаг арилжааных юм уу жинхэнэ урлаг байх ёстой юу? гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Түрүүний таны хэлдгээр хайр дурлалын кинон дээр хоёр залуу хос бие биедээ дурлаад л гарч байна. Энэ манай хүмүүсийн үзэх дуртай л сэдэв. Үзэгчид юу үзэхийг хүсэж байна,  тэр контентийг үйлдвэрлэх хэрэгтэй. Мөн үүнээс гадна эдийн засгийн тооцоог сайн хийх хэрэгтэй. Надаас хэд, хэдэн хүн асууж байна. Америк, Турктай хамтраад уран бүтээл хийхэд асар их мөнгө ордог уу гээд асууж байсан . Энэ бол хөөс. Гадны хүмүүстэй хамтраад уран бүтээл хийхэд тийм их мөнгө орохгүй. Төсвийг зөв зарцуулж, төсөвлөх хэрэгтэй.

-Манай уран бүтээлчдийг чадвартай гэж дүгнэдэг. Харин гадны жүжигчиний дэргэд өөрийгөө үнэлэхгүй байх сул тал ажиглагдаад байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Энэ ойлголт чинь ерөөсөө  киноны зах зээлийг мэдэхгүй дээ л байгаа. Мэдээгүй хүмүүс л тэгж бодож байгаа.“Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” гээд киноны төсвийг 2,3 сая ам долларын төсөвтэй гэж харж байгаа. Үгүй л дээ, хэзээ ч тийм байгаагүй. Дотоодын кино хийдэг төсвөөс арай их . Бид нар төсвөө тодорхойлоод нарийн зохион байгуулалттай ажиллаж  чадаж байна. Мөнгөний их, бага хэмжээнээс хамаараад сайн, муу бүтээл болно гэж хэлж болохгүй.

-Уран бүтээлч хүний хувьд та маш том ажлыг эхлүүлсэн, урдаа зорилготой байгаа юм  байна. Бүтээлч хүнийхээ хувьд ийм л кино хийнэ дээ гэсэн мөрөөдөл байдаг уу?

-Үлгэрийн кино хийх миний туйлын хүсэл. Өнөөдөр биш юмаа гэхэд, маргааш хийнэ. Үүнийг хийхийн тулд бас суралцаад л явж байна. Би зураглаач байсан бол, продюсер болсон байх жишээтэй. Бэлтгэл ажлаа хийгээд л явж байна даа.

-Бага насны хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн кино ерөөсөө манайх хийдэггүй. Та энэ сэдвээр уран бүтээл хийе гэсэн бодол байдаг уу?

-Хэдэн хоногийн өмнө уран бүтээлч хэсэг залуучуудтай уулзсан. Тэд нар хүүхэлдэйн кино хийж байгаа юм байна лээ. Сайн мэдээ нь монголын үзэгчид удахгүй  хүүхэлдэйн кино үзэх боломжтой. Хүүхэлдэйн кино өөрөө нэлээд ажиллагаатай. Бид нар хийж чадахгүй дээ хойшоо тавиад байгаа юм биш. Аль 10 жилийн өмнө ярьж байсан. Эдийн засгийн боломж нь гарч ирээгүй байна. Гэхдээ бид  судлаад л явж байна. 6-15 насны хүүхэд юу үзэхийг хүсэж байна. Супер баатар уу, эсвэл монгол баатар уу? гэх мэт судалгаа хийж байна. Сайн уран бүтээл хийхийн тулд өөрсдөө боловсрох хэрэгтэй.

-Таны аавыг Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Танай аав урлагийн хүн учраас та урлаг руу  татагдсан уу. Эсвэл зураглаач талдаа авъяастай учраас урлагт хөл тавьсан уу?

-Манай аав урлагийн хүн. Гэхдээ би зураглаач, зурагчин болъё гэж анхнаасаа бодоогүй.  Арван жилд байхдаа ч  зураг авч байгаагүй, магадгүй өөр ч мэргэжилтэй байх байсан ч юм бил үү. Их л аз юм даа гэж боддог. Тууштай уран бүтээл хийж яваа. Би өөрийгөө урлагийн хүн гэж боддоггүй. Харин би өөрийгөө технологийн хүн гэж боддог. Кино зураглаач хүн гэдэг бол техник, кино урлагийн талаар асар том мэдлэгтэй байх ёстой. Кино зураглаач гэдэг бол энэ хоёрын гүүр. Тэр техникийг энэ урлагтай яаж хослуулж болох вэ гэдгийг харуулдаг гүүр нь гэж хэлж болно.

-Уран бүтээлч гэхээсээ илүү хувь хүн талаасаа ямар  зан төрхтэй хүн бэ. Ажлаа хийж байхдаа одоо байгаагаас эсрэг тэсрэг өөр хүн болдог уу.

-Сонин, өвөрмөц асуулт байна. Ямар ч цаг үед нэг л ааш зангаараа байдаг. Гэхдээ хүн юм чинь заримдаа уурлах бухимдах үе гарна. Харин бусад үед нэг л янзраа байна. Онгироо хөөрүү зан, хэт даруухан ч зан байхгүй. Миний үс одоо нэлээд ургачихсан байна. Зарим хүн , яагаад үсээ ургуулчихсан юм бэ гээд л асуудаг. Хэн нэгэнд таалагдах гэж биш,  ургуулмаар санагдаад л ургуулж байгаа. Сүүлийн нэг сар би сахлаа аваагүй. Сахал тавьдаггүй, гэтэл саяхан  сахал тавьмаар санагдаад л тавьчихсан. Тэгэхээр өөрийг тодорхойлж хэлэхэд би өөрийнхөө сонин ертөнцөд байдаг гэж хэлнэ. Миний ертөнцөд би л байна. Манай эхнэр, гэр бүлийнхэн аялаж чадахгүй.

-Гэхдээ уран бүтээл хийж байх үедээ  уурлах, бухимдах үе байна биз дээ?

-Би уран бүтээл хийхдээ зарим хүмүүс шиг шатаад л шөнө зүүдэлж хоноод өглөө босоод биелүүлэх л гээд явдаг хүн биш. Бодит юман дээр үндэслэж уран бүтээлээ хийдэг. Бусад найруулагч шиг тав хоног хөдөө яваад ганцаараа унтаад л эсвэл тав хоног уран бүтээлээ хийх гэж архи уугаад л, би бол тийм хүн биш. Гэхдээ бусад уран бүтээлчдийн тэр арга барилыг хүлээн зөвшөөрнө, тэд тэгж байж л ажил хийнэ.   Би бол эрсдэлийг тооцож уран бүтээл хийнэ. Эрсдэлээс айх биш, харин ч би эрсдэл рүү орно . Эрсдэлтэй юмыг даван туулаад цаана нь гарна гэдэг бол хамгийн том “кайф” бас үр дүн.

-Ямар нэгэн киноны санал ирэхэд уран бүтээлчийнхээ хувьд ямар зарчим баримталдаг вэ?

-Өнөөдөр надад түүхэн киноны санал ирж байна. Хэрвээ би түүхэн кинон  дээр ажиллах гэж байгаа бол энэ цагаас хойш түүхэн кино үзэхгүй. Жишээ нь хурдан морьны тухай киноны санал ирвэл морь, хурдан морьны талаар нэг  ч кино үзэхгүй.  Өөрийгөө блоклочихдог гэсэн үг. Ажлын талбай дээр очихдоо би зөвхөн өөрийнхөө харах өнцөгөөр л хийнэ. Тэгж байж дараа нь энэ миний кино гэж хэлж чадна. Энэ үзэл баримтлал миний баримталдаг зарчим. Би өөрөө ямар уран бүтээл ажилламаар байна, түүндээ л би ажиллана. Үзэхийг хүссэн киногоо  өөрөө амилуулахыг хүсдэг. Үүнийг хийхийн тулд сайн хамт олон байх ёстой. Кино гэдэг бол багийн тоглолт.

Хэрвээ өнөөдөр Д.Ангараг амжилттай явах юм бол түүний баг сайн байна гэсэн үг. Хамтдаа өсөж дэвжье гэсэн зарчим тавьж ажилладаг.

Манайд нэг буруу ойлголт яваад байна. Гадны хүн гэхээр л бурхан мэт тахьдаг. Манайханд бас  сайн уран бүтээл хийх чадвар байна гэж би хардаг. Миний нэг амбиц юу вэ гэхээр гадныханыг  өөрийнхөө боол мэт ажиллуулж, дотоодын  уран бүтээлчдийг хамтрагч, миний анд мэт ажилладаг.

-Та одоо хэдэн хамтрагчтай уран бүтээл туурвиж байна?

-Маш олон хамтрагч байдаг. Бүх хамтрагчидаа нийлүүлээд  хэлэх юм бол 200-д хүн байгаа. Миний хамтрагч нар өөрийн гэсэн уран бүтээлээрээ танигдсан, урлагийг өнгөлж яваа хүмүүс байгаа. Би өөрөө илүү багийн тоглолтонд дуртай учраас багаараа урагшлах дуртай.

-Таны ярианаас сонсоход уран бүтээл арвинтай хийж бүтээхийн төлөө зорьж яваа юм байна. Харин хувь хүн талаасаа хэр сайн гэрийн эзэн, аав хүн вэ?

-Манай гэргий, гэр бүл, аав ээж маань маш их түшигтэй. Өнөөдрийн энэ өчүүхэн амжилттай яваагаа эхнэр, аав ээжтэйгээ маш их холбож боддог. Намайг эхнэр маань  ажлаа хий, би гэрийнхээ ажлыг хийе гэдэг. Хөдөө олон сараар яваад ирэхэд бүх л ар талын ажлыг хариуцдаг, маш сайн гэрийн эзэгтэй. Сайн аав, сайн хань байхаа сайн биелүүлж чадахгүй л байгаа. Амралттай байгаа үедээ манай гэр бүлийнхэн бүгд кино театрт кино үздэг. Гэхдээ тийм аймар гүн гүнзгий философитой,  cool кино үзэх дургүй. Инээдмийн, супер баатартай кино үзэх дуртай. За тэгээд хүүхдүүдтэйгээ парк орж тоглоно.

-Тэгэхээр зан төрхийнхөө хувьд хүүхэд зантай юм биш үү?

-/Инээв/ Тэгж хэлж болно. Хүүдүүдтэйгээ нийлээд компьютер тоглоом тоглоно. Хүүхдүүдээ дагуулаад галзуу хулгана дээр ч бас суудаг гэх мэт.

За баярлалаа. Таньд уран бүтээлийн амжилт хүсье?

-Баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
David white
Далайн Зээлдүүлэгч болон Барьцаа зээл нь жижиг, том хэмжээний хязгаарлагдмал. Бид зээлийг 2% хүүтэйгээр гарч өгнө Манай мэргэжилтнүүд мөнгө хэрэгтэй хүмүүсийн тусламж болон бидний үйлчилгээг хүн бүрт
2016/10/05 197.211.58.74