8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Дэнзэнг баривчилж, Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон асуудлаар мэдээлэл хийсэн өдөр

2016-09-29 18:18:00

Та одоо байгаадаа сэтгэл хангалуун байна уу? Хэрэв үгүй бол өөрийгөө өөрчилж, амьдралаа өөрчил! Яаж вэ гэвэл өөртөө тусгайлан цаг гаргаж байгаад өөрийгөө хэн бэ гэдгийг тогтоож, үнэлгээ өгөх нь зүйтэй. Амьдралдаа ойлгож аван насан туршдаа хэрэгжүүлж байгаа зарчим маань аливаа зүйлийг ахин дахин оролдож, бууж өгөх гэдэг үгийг  үгийн сангаасаа хасах хэрэгсэл юм. Бусдын хийхийг хүсээгүй зүйлийг өнөөдөр хийж чадвал маргааш нь бусдын амьдарч чадаагүй амьдралаар амьдарна. Энэ үдшийн мэндийг хүргэе. Нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.  

Чухал баривчилгаа: Г.Дэнзэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорилоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг баривчилжээ. Тодруулбал, өчигдөр буюу 9-р сарын 28-ны өдөр АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар ийнхүү баривчилсан байна. Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тиймээс энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна.

Чухал мэдээлэл: Ц.Нямдорж: Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү

Сонгуулийн өмнөхөн Оросын талд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өмнөх Засгийн газрын эрхмүүд бусдад нууцаар хуйвалдаж зарсан гэх асуудал дэгдэж, эрх баригч намынхан энд анхаарлаа хандуулж шалгахаа тухайн үед мэдэгдсэн. Тухайлбал, "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банк түүний төлөөний компани болох “Монголын Зэс” компани хувьчилж авсан тухай мэдээлсэн. Харин яг одоо төрийн ордонд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой” хэмээн мэдэгдэж байсан бөгөөд Засгийн газарт энэ талаар бичиг хүргүүлсэн гэлээ. Мөн "Эрдэнэт үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл огт байхгүй болсон. ТУЗ-ын дарга хэн гэдэг нь ч ойлгомжгүй байна. 280 тэрбумыг татварт төлж байсан Эрдэнэт энэ жил 20 тэрбумыг төлсөн. Ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Оюутолгой 244 тэрбумыг энэ жил татварт төлсөн байна. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчихсан юм биш үү гэдэг дүр зураг харагдаад байна. Энэ луйврыг илчилж, ард түмэнд мэдээлэл өгнө" гэв. Дэлгэргүй мэдээлэлийг удахгүй хүргэх болно. 

Чухал томилгооЦЕГ-ын дэд дарга нарыг чөлөөлж, орны хүмүүсийг томилов

Хууль зүй дотоод  хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний оронд тэргүүн дэд даргаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, цагдаагийн хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж нарыг томилжээ. 

Чухал мэдээ: Оффшор бүсэд мөнгө байршуулахыг хориглох хуулийг УИХ-д өргөн барихаар боллоо

Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар боллоо. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна. Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзжээ. 

Г.Батсүрэн: Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байгаагүй

Манай улс өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дийлэнх хувийг гаднаас импортолж оруулж ирдэг. Гэтэл зарим импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүн нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан зүйл, заалтыг зөрчих, хяналт шалгалт хийхэд зөрчил илрэх тохиолдол их гардаг аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт НМХГ-аас шаардлага хангархгүй бараа бүтээгдэхүүн илэрсэн талаар бид мэдээлэлсэн.  Тухайн үед ямар бараа, бүтээгдэхүүнээс хэр зөрчил илэрсэн талаар НМХГ-ын Экспорт, Импортын хэлтсийн дарга Г.Батсүрэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн 7 хоногт танай байгууллагын зүгээс зөрчилтэй бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгсөн. Зөрчилтэй гарсан бүтээгдэхүүнүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?

-Шалгалтаар БНСУ, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг улсаас импортоор орж ирсэн бараа, бүтээгдэхүүнээс зөрчил илэрсэн. Тухайлбал, АНУ-аас импортолсон 3.4 сая төгрөгийн 217 кг "Buttermilk Ranch" нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан. Энэ нь "Хүнсний тухай" хуулийг зөрчсөн тул 8,640,000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулан бүрэн барагдуулж, саатуулах акт үйлдэн бүтээгдэхүүнийг хурааж, гаалийн хяналтын талбайд саатуулсан. БНСУ-аас импортолсон 250,0 мянган төгрөгийн 32.5 кг "Berrymix" нэрийн жимстэй иогуртаас лабораторийн шинжилгээ хийхэд хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан.  ОХУ-аас импортолсон 2.1 сая төгрөгийн 25 кг хэмжээтэй "Фуросемид" нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан байсныг илрүүлж  бүтээгдэхүүнийг хурааж, устгах тухай акт бичиж гаалийн горимоор устгаад байна.  Грек улсаас импортолсон 2 сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй "Septona" хуруу боолт импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн, БНХАУ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр импортолсон 6 сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг "Вэй Эр" нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын лабораторит шинжлүүлэхэд шинжилгээний хариу шаардлага хангахгүй гарсан. Тиймээс шинжилгээний дүнд үндэслэн эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд одоогоор шилжүүлээд байна.

-Зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг зарласны дараа иргэд эдгээр бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гарсан гэсэн ойлголт авсан байсан. Гэтэл Гаалийн гүний хил дээр эдгээр зөрчлийг илрүүлж тухайн үед арга хэмжээ авсан гэж та сая ярилцаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Гаалийн гүний хяналт хийхэд эдгээр зөрчил илэрсэн. Түүнээс худалдаанд гарсан хойно нь хяналт, шалгалт хийж илрүүлсэн юм биш. Улаанбаатар руу ороод ирлээ гэхээр иргэд хот руу орж ирээд үйлчилгээнд гарчихсан гэсэн бодолтой байдаг. Тийм биш. Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байгаагүй. Хилээрээ яривал манайх Гаалийн гүний хил. Гүний хил дээр байгаа улсын байцаагч нар бараа, бүтээгдэхүүнд хяналт, галгалт хийж зөрчил илэрсэн бол ерөөсөө Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд тэр даруйд нь хурааж, устгалд оруулдаг. Гаалийн горимоор гааль дээр төлбөр, татвараа төлөхгүйгээр шууд устгуулдаг. Наашаа орж  ирсэн тохиолдолд дээж авч лабораторийн шинжилгээнд оруулна. Шинжилгээний хариу хэзээ гарна тэр хүртэл нь хяналт тавьж агуулахад нь байлгаж худалдаанд гардаггүй.  Хэрвээ лабораторийн шинжилгээ муу гарсан тохиолдолд татаж аваад устгалын коммист өгч устгалд оруулдаг. Үргэлжлэдийг энд дарж уншина уу. 

Ерөнхий сайд ОУВС-тай хэлцэл хийж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр  ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын эхэнд Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцөлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуусан байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлэв. Түүнчилэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа энэ үеэр мэдэгджээ.

Эмчийн буруутай үйлдлээс болж дөнгөж төрсөн нярай энджээ

“Амгалан” амаржих газарт төрсөн нярай эмчийн буруутай үйлдлээс болж эндсэн тухай хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргажээ. Тодруулбал, Баянзүрх дүүгийн 19-р хорооны иргэн 25 настай Ө хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр “Амгалан” амаржих газрыг зорьжээ. Тухайн үед ураг хэвлийдээ буруу байрлалтай буюу өгзөг түрүүлэлттэй байсан гэнэ. Харин эх барих эмч нь  “Төрүүлэхэд хэвийн. Кисерова хагалгаа хийх шаардлагагүй” хэмээгээд бүсгүйг амаржихаар хэвтсэнээс нь хойш гурав хоногийн дараа өөрөөр нь төрүүлжээ. Гэвч энэ үед эхийнхээ хэвлийгээс төрсөн нярай амьсгалж чадахгүй байсаар эндсэн талаар ар гэрийнхэн нь мэдэгджээ. Гэтэл нярайг эндсэний дараа эх барьсан эмч нь “Ураг бүтэлттэй байсан учир эндлээ” гэх тайлбарыг ар гэрийнхэнд нь өгчээ. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн тус эмнэлэгийнхэнд гомдолтой байгаагаа илэрхийлж, цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. 

103-ийн эмч жирэмсэн эмэгтэйг чимхэж тамласан гэх асуудлаар шуурхай хуралдаж байна

 

Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа "төрж болохгүй шүү" хэмээн чимхэж тамласан талаар мэдээлэл хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гарч байгаа. Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 27-ны өдөр нэгэн эмэгтэй дуудлага өгсөн бөгөөд түргэнээр авч явсан эмч машин дотор төрүүлэхгүй хэмээн ийм үйлдэл гаргасан тухай цахим хуудсуудаар бичигдэж байгаа юм. Бид энэ талаар түргэн тусламжийн төвөөс тодруулахад " Бид яг одоо энэ асуудлаар хуралдаж байна. Манайхаас ийм дуудлагад явсан нь үнэн. Гэхдээ зодож чимхсэн асуудал гараагүй" гэсэн мэдээллийг өглөө.

7 настай хүүгийн дурсгалд зориулж нутгийнхан нь зул өргөв

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 7 настай хүүгийн дурсгалд зориулж зул өргөжээ. Зул өргөх үйл ажиллагаа өчигдөр буюу энэ сарын 28-ны үдэш Дорнод аймагт болсон байна. Энэхүү үйл ажиллагаанд  нутгийн иргэд оролцож эмгэнэл илэрхийлжээ. 

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажил үйлсэд амижилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл