8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нарын бүтээлч санааг дэмжсэн төсөл амжилттай хэрэгжиж байна

2016-09-30 09:28:01

БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад  БЗД-гийн 87 дугаар сургуулийг зорьсон юм. Улиастайд байрлах тус сургууль нь дээрх төслийн хүрээнд “Бага ангийн байгалийн ухааны кабинет” байгуулж нэг ангийг иж бүрэн тохижуулсан байна. Байгалийн ухааны кабинет байгуулах төслийг тус сургуулийн сургалтын менежер Ж.Гантуяа бусад багш нарынхаа хамтаар бичиж төсөл нь шалгарч ийнхүү үр дүнтэй хэрэгжиж эхэлсэн байна.

Хүн байгалийн ухааны хичээл нь биологи, хими, физикийн хичээлийн үндэс суурийг тавьж өгдөг гэдэг утгаараа энэ хичээлийг сонгон авсан талаараа тус сургуулийн багш нар онцолж байсан юм. Тийм ч учраас энэхүү хичээлийг дэвтэр дээр бичүүлж, онолын хичээл болгохын хүссэнгүй. Сурагчид хүн байгалийн харилцан уялдаа холбоо, тэдгээрийн мөн чанарыг өөрийн биеэр мэдэрч, бичил туршилт хийх зэргээр оюун ухаанаа хөгжүүлж өөрийн мэдлэгээ тэлэх боломжийг энэхүү хичээлээс олж авч байна.

Манай улсад байгалийн ухааны хичээлд ашиглагдах техник, багаж хэрэгсэлийн олдоц тийм ч сайнгүй. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зүтгэж буй багш нар Нарантуул захаас эхлээд гадаадын улс оронтой холбоо тогтоож энэхүү анги танхимаа тохижуулсан талаараа ярьж байсан юм. Мөн үүнд эцэг эхчүүдийн оролцоо ч чамгүй их. Хүүхдүүдээ тохилог анги танхимд сургах  хүсэлтээ эцэг эхчүүд тус ангид модны хэлбэртэй номын санг өөрсдийн хүч хөдөлмөрөөр байгуулж өгсөн байна.

Тохилог анги танхимд суралцах болсон сурагчид “Байгалийн ухааны хичээл хэзээ орох вэ” гэж багшаасаа байнга асуух болсон гэнэ. Арга ч үгүй байх. Энэ анги яг музей шиг монгол ахуйг харуулсан бичил цэцэрлэг, од эрхэсийн талаарх олон сонирхолтой үзмэр, тив тивийн амьтдын талаарх сонирхолтой үзмэр, хүний биеийн антомийн хэрэглэгдэхүүн гээд үзэж харах, судлах зүйл ихтэй. Биднийг очиход 4 дүгээр ангийнханд Байгалийн ухааны хичээл орж байсан юм.  Хүүхдүүдээ 3 бүлэгт хуваагаад нэг хэсэг нь микроскопоор ургамлын навчны бүтцийг судлан үзэж байсан бол нөгөө хэсэг нь хүний биеийн арга ясны талаар судлан үзэж байлаа. Сурагчдын хувьд хичээлийн 40 минут нүд эрмэхийн зуур л өнгөрч байсан. Хичээлийн цаг дуусчихсан уу гэж гомдлох нэгэн ч байлаа.

 

-Бага ангийн багш Б.Гажидмаа

-Танай сургуулийн байгалийн ухааны кабинет их тохилог, бас сурагчдын хичээлд ашиглах зүйл олон харагдаж байна?

-Манай энэ танхим улсын хэмжээний жишиг кабинет болсон. Улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж байгаа. Бусад сургуулиудаас багш нар ирж туршлага судалдаг. Энэ төслийн хүрээнд ийм сайхан анги танхимтай болсондоо баяртай байдаг.

-Өмнө нь сурагчдад Байгалийн ухааны хичээлийг хэрхэн ордог байсан бэ?

-Багш нарын хувьд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад орно. Жишээ нь шинэ жилийн гэрлэн чимэглэлийн гэрлийг ашиглаж хичээлээ ордог байсан. Харин одоо бол шаардлагатай бүхий л техник хэрэгсэл нь байна.

-Хичээлд ашигдагдаж байгаа зүйл сурагч бүрт хүртээлтэй байж чадаж байгаа юу?

-Хүрэлцээтэй байгаа. Төслийн зүгээс ч тэр бас чамгүй мөнгө тусгасан. Сургуулийн захиргаа, эцэг эхчүүд багш нарын оролцоотой энэ танхим бий болсон гэж хэлж болно. Хүүхэд бүр сургалтын материал ашиглаж байгаа. Мэдээж хэрэг зарим нэг зүйл цөөн тоогоор байдаг. Гэхдээ бид бүх хүүхдэд хүрч ажилладаг.

Энэхүү “Бага ангийн байгалийн ухааны кабинет”-д  1071 хүүхэд суралцаж байгаа нь БСШУСЯ Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл ихээхэн үр өгөөжөө өгч байгааг гэрчилж байна.

87 дугаар сургуулийн 4 в ангийн сурагч С.Сүх-Очир

-Өнөөдөр танай ангид нь Байгалийн ухааны хичээл орлоо. Багш нь ямар хичээл заасан бэ?

-Хүний биеийн антомын хичээл орсон. Их сонирхолтой байсан. Хүний биед хэдэн яс байдаг вэ, ямар ямар нэртэй вэ гээд их олон зүйл сурсан. Багш бид нарт хүний биеийн араг ясанд дээр үзүүлж тайлбарласан нь гоё байсан. Манай ангийн хүүхдүүд байгалийн ухааны хичээлд их дуртай.

Ийм сайхан тохижуулсан анги танхимаа цаашид улам л тохижуулаад явна даа гэж тус сургуулийн сургалтын менежер Ж.Гантуяа хэлээд “Багш нар маань ажлын байрандаа өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээгдэж байгаа” гэлээ. Ийнхүү 87 дугаар сургуульд хэрэгжиж буй энэхүү төсөл амжилттай хэрэгжиж улсын хэмжээний жишиг төсөл болоод зогсохгүй олон сургууль үүнээс жишээ авч байгалийн ухааны хичээлийн танхим байгуулах санал санаачилга гаргах болсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл