Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно. Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш хэмээн Дэлхийн тэрбумтан Жек Магийн хэлсэн үгнээс иш татлаа. Та юу хийж амжилтанд хүрэх талаараа төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөөрэй. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар луйвардаж авсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Уг асуудлаар түүнтэй ярилцлаа.
БИ “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛААР НАМД ЗАХИРАГДАХГҮЙ
- Та “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирч чадлаа. Гэтэл улс төрийн хүрээнд хэн ч уг асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээхдээ өргөн хүрээний асуудлаар үг хэллээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг огт хөндсөнгүй. Үүнийг та юу гэж харж байна вэ?
- УИХ-ын дарга намрын чуулганыг нээж үг хэлэхдээ уг асуудлыг яагаад хөндөөгүйг мэдэхгүй байна. Хэлэх ёстой юм аа л хэлж байгаа гэсэн үг. Шалгасан дүнг нь танилцуул гэж ээлжит бус чуулганы хаалт дээр М.Энхболд хэлж байсан шүү дээ.
- Таныг “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлыг хөндөөд эхлэнгүүт бүлгийн гишүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Би “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар анх удаа ярьж байгаа юм биш. 1998 онд ийм зүйл болж байсан. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байх үед буюу 1998 оны долдугаар сарын 20-дын үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсоны дараа Эрдэнэтийн хаалгыг сүхдэж байгаад эзэлж байлаа. Түүний дараахан “ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдвал манайх татгалзахгүй, манайх өөрт ногдох хувиа иймэрхүү байдлаар авбал танайх дуугүй байгаарай” гэсэн утгатай бичгийг тухайн үеийн ерөнхий сайд Орос руу явуулсан. Орост очсон тэр бичгийг Москвагаас З.Энхболд олж аваад энд авчирч Н.Энхбаярт өгч байсан. Уг бичгээс болж Засгийн газар огцорч байлаа. Тэр шалгалтыг ахалж ажиллаж байсан хүн нь би шүү дээ. Одоо энэ хоёр дахь нь.Тэр хэрүүл ид явагдаж байх үеэр буюу аравдугаар сарын 2-нд С.Зориг алагдсан юм шүү дээ. Одоо юу болох юм би мэдэхгүй байна. Тухайн үед хойд айлтай далдуур хуйвалдсан арга өнөөдрийнхтэй яг агаар нэг. Эзэн нь л өөр.
- Эзэн нь хэн гэж. Та нэрлэж болох уу?
- Одоогоос гурван жилийн өмнө буюу Ч.Ганзоригийг захирлаар нь ажиллаж байхад Сингапурт нэг уулзалт болсон. Тэр уулзалтанд ХХБ-ны Ц.Эрдэнэбилэг Ростехийн төлөөний нэг буриад генерал хоёр уулзаж Эрдэнэтийг зарах тохироо хийсэн. Тэр уулзалтын гэрч болсон үед эх орноо гэсэн сэтгэлтэй нэг залуу надад “Тэнд Эрдэнэтийн асуудлыг шийдчихлээ. Энэ аюултай юм болох гэж байна. Ямартай ч үүнийг таньд дуулгъя гэж” хэлж байсан юм. Би арай ч ийм зүйл болохгүй байлгүй дээ гэж дотроо бодоод байдлыг ажиглаад байж байтал сая яг хийлээ. Ийм л учиртай. Энэ асуудлыг улс төрийн нэг хүчин дангаараа шийдвэрлэж чадахгүй. Учир нь дөрвөн жилд нэг удаа сонгууль болж Засгийн эрх солигддог мөчлөгтэй. Тэгэхээр заавал хоёулантай нь ярьж, ойлголцож байж урьдчилсан байдлаар ажлаа явуулдаг. 1998 оных ч тийм л байсан. Бас л хоёр талын оролцоо байсан. Тэгэхээр энэ бол явдалтай эд шүү. 1998 онд Ж.Наранцацралтыг ерөнхий сайдаар томилогдох хүртэл бөөн юм болж байсан.Даваадоржын Ганболдыг 7 удаа буцаасны цаад шалтгааны нэг нь Эрдэнэтээр тохиролцож чадаагүй явдал байсан. Да Ганболд энэ тухай хэвлэлийн бага хурал хийх гээд айгаад чадаагүйг хүртэл би мэднэ. Ингэж 18 жил “төөрч” яваад Эрдэнэтийн ТУЗ-ын дарга боллоо доо. Энэ удаад Ц.Эрдэнэбилэг гэдэг хүн л энэ бүх зүйлийг хийчихлээ. Гэхдээ Ц.Эрдэнэбилэг маш жижигхэн хүн. Энэ бол Монголын бүх том дарга нартай урьдчилан тохироод хийгдсэн ажиллагаа гэдэг нь дэндүү ойлгомжтой. Үүнд баримт ч хэрэггүй. Хэрвээ том дарга нартай тохирохгүйгээр очоод хийлээ гэж бодоход ирснийх нь дараа УИХ, ЗГ эсхүл шинээр Засгийн эрх авсан хүчин гэхэд “үгүй” гээд ганцхан гишгэхэд бүх юм дуусна биздээ. Тэгэхээр энэ бол төрийн томчууд оролцсон хуйвалдаан. Ер нь болМонголын төрийн томчууд Эрдэнэт, Худалдаа хөгжлийн банк гэсэн хоёр зүйл дээр зодолддог. Худалдаа хөгжлийн банкыг хувьчлах шийдвэр 2002 оны үед гарсан. Гэтэл хувьчилна гэж худлаа ярьж баахан алгуурласан. Тэр үед Худалдаа хөгжлийн банк улсын төсөвт 12 тэрбум төгрөгийг нэг жилд төлдөг байсан. Гэтэл хувьчлагдах шийдвэр гарсан намар улсын төсвийн тодотголоор зургаан тэрбум төгрөгийн татварыг нь байхгүй болгосон. Эндээс үүдэлтэй бөөн маргаан тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд ил далд их явагдсан даа. Ингэж наад банк чинь хувьчлагдах ч юм шиг, үгүй ч юм шиг байж байгаад нэг л мэдэхэд Ц.Эрдэнэбилэг гэдэг хүний гарт орсон. Үүнээс болж Н.Багабанди 2003 оны 12 дугаар сард “урт шар дээлтээс болгоомжил” гэсэн үг хэлж УИХ-ын 2004 оны хаврын чуулганы нээлт дээр “шинэ сонголтын жил байх болно” гэж хэлж байлаа. Ер нь Монголын томчуудын ил, далд тэмцэл энэ хоёроос л болдог. “Эрдэнэт”-тэй харьцуулах үйлдвэр өнөөдөр байна уу. Худалдаа хөгжлийн банктай харьцуулах банк байна уу. Социализмын үед боссон Монголын эдийн засгийн хоёр акул нь энэ хоёр юм шүү дээ. Х.Баттулгын 26 саяар авчихдаг Баянгол зочид буудал бол хажууд нь юу ч биш. Тэгэхээр Эрдэнэт, Худалдаа хөгжийн банкны асуудал чинь эдийн засгийнхаас гадна илүү улс төр эрх мэдлийн шуналыг байнга дагуулж байдаг юм.Одоо эргээд харахад өнгөрсөн 70 жилийн ард түмний хөдөлмөр нэг хүний өмч болох гэж байна. “Эрдэнэт”-ийг хувьчлах асуудлыг жижиг банкны захирал хийчихдэг юм биш.
АРДЫН НАМ ЭНЭ ХУЙВАЛДААНД ОРОЛЦООГҮЙ ГЭДГЭЭ БАТЛАХ ГАНЦ АРГА БАЙНА
Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
Чухал дуулиан: “Хаан банк”-ны харилцагчийн данснаас хоёр сая төгрөг алга болов
“Хаан банк” харилцагчийнхаа хөрөнгө болон хувийн мэдээллийг найдвартай хадгалж чаддаггүй гэдгийг илтгэх нэгэн үйл явдал боллоо. Тодруулбал, өчигдөр "Хаан банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон байна. Түүний дансанд өчигдөр 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа эргэн зарлага болон гарчээ. Дансан дахь хоёр төгрөг нь гэнэт алга болсон асуудлаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Цагдаад ханд” гэх хариуг өгсөн байна.
Угтаа бол "Хаан банк" нь харилцагчдынхаа мэдээллийг найдвартай хамгаалж чадах итгэлтэй түнш хэмээн өөрсдийгөө сурталчилдаг. Гэтэл харилцагчийнх данснаас мөнгө ор, мөргүй алга болсон уг асуудалд хүйтэн сэтгэлээр хандаж “Бид мэдэхгүй. Цагдаадаа ханд” гэсэн нь олны дургүйцлийг ихээхэн төрүүлээд байна.
Э.Бат-Үүл: Б.Чойжилсүрэн эдийн засгийг дампуурчихсан гэж орилоод драмм тоглоод л
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцож С.Зоригийн аллагын хэрэгт өөрийг нь холбогдуулан шалгаж буй асуудлаар болон улс төр дэхь олигархиуд Монголын эсрэг хэрхэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр мөн АН-ын шинэчлэл болон намын нөхдийнхөө талаар ямар байр, суурь илэрхийлсэнийг Chuhal.mn онцолж байна.
1. 2000 онд намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулан “Ганц худагт” хориогүй юм. Үүнийг хүмүүс андуураад байдаг. Намайг Мальш Б.Энхтүвшинийг зодсон гэж гүжирдээд хорьсон байдаг юм.
2. Э.Бат-Үүл нөхрийгөө хөнөөчихсөн гэх эх, мадаггүй гүжирдлэг явж байсан. Заримдаа энэ бүх гүжигдлэгийг яаж давж гарав аа гэж боддог.
3. Цагаан малгайнаас өөр ямар үндэслэлээр намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулаад байгааг мэдмээр байна. Шаардлагатай бол хорь.
4. С.Зоригийг алагдсан орой би гэртээ хадам ээжтэйгээ зурагт үзээд сууж байсан. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан Ганболд гэрт ирж намайг хэрэг болсон газарт дагуулж очсон.
5. Хэргийн газарт очоод би үнэхээр гайхсан. Тэгээд дотроо Бошигтынхон ингэчихдэг юм байхдаа гэж бодож байсан. Хэрэг гарсан хавар Бошигтынхон цуглаан хийгээд С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг цаазлах хэрэгтэй гэсэн юм ярьж байсан.
6. С.Зоригийн аллагын дараа олон хүн цуглаад МАХН-ын байр руу дайръя гэж байхад нь би болиулсан. Манай намынхан наад хүмүүсээ дагуулж очоод МАХН-ын руу дайр гэж хүртэл хэлж байсан.
7. М.Энхсайханаас бусад бүх хүний нэр С.Зоригийн аллагад нэр холбогдсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.
Баянголын АН Б.Оросоогоо С.Одонтуяагаар солих уу
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эд өрнөж буй энэ үед Баянгол дүүргийн АН-ын сонгуулийн амлалт олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тодруулбал, орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн АН-ын олонхи болж чадвал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа рекламны самбарт хүртэл байршуулсан байна. Энэ талаар цахим ертөнц дэхь идэвхтэнүүд“Баянголчууд сайн Засаг даргатай болохын тулд АН-аас хэн ч байсан дугуйлах болжээ” хэмээн жиргэжээ. Мөн зарим нь “УИХ-ын экс гишүүн С.Одонтуяа нам нь ялбал БГД-ийн засаг дарга болно гэж С.Эрдэнэ гуайн гараас хөтөлж байгаад хэлчихлээ. Тэгэхээр одоогийн засаг дарга Б.Оросоогоо өөрчлөх юм? БГД-ийнхээ сайн бүхнийг үргэлжүүлэх уриа дэвшүүлсэн юм бол сайхан бүхнийг бүтээгчээ яагаад солино гэж байгаа юм? Б.Оросоо нь утсан хүүхэлдэй биш юм бол яагаад чимээгүй суугаад байна, эсвэл муу ажилласан гэдэгтэйгээ эвлэрч байгаа хэрэг үү?” гэжээ.
Ямартай ч Баянголын АН сонгуульд ялсаны шагналдаа С.Одонтуяаг Засаг дарга болгох бололтой. Харин тэдний энэхүү PR сонгуулийн үр дүнд нь хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.
Чухал зөвлөгөө: Гадаад улсад зорчихдоо иргэд юуг анхаарах ёстой вэ
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд хилийн чанадад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих хөдөлгөөн өсөн нэмэгдсээр байна. Гэвч манай иргэдийн дунд төөрч будилах, санаатай, санамсаргүй хэлбэрээр хэрэг төвөгт холбогдох, халдлагад өртөх, хүний наймааны золиос болох, хар тамхи, мансууруулах бодис, хориотой бараа хууль бусаар зөөвөрлөх, бүлэглэн хулгайн болон эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, саатуулагдах, хоригдох, ял эдлэх зэрэг таагүй асуудал гарсаар байгаа юм.Иймд, иргэд гадаад улсад зорчихдоо хүний дайсан эд зүйлс авахгүй байх, аялаж буй газраасаа ар гэр холбоотой хүмүүстээ тогтмол мэдээлэл хүргэж байхыг анхаарууллаа.
Чухал сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цочир хүйтрэхийг анхаарууллаа
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Маргааш, нөгөөдөр буюу 5, 6-нд зарим газраар, 7-нд төв, зүүн говийн аймгуудын зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Чухал мэдээ: Хүүхдийн мөнгө өгч эхэлнэ
2012 оны аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2012 оноос хойш тасралтгүй олгосоор ирсэн хүүхдийн мөнгө энэ оны зургадугаар сараас эхлээд төсөв санхүү хүндрэлтэй байгаа учраас олгоогүй билээ.Зургаан сараас хойш олгогдоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох талаар мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ.
Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцоод байгаа. Гурван сар хүлээгдээд байгаа хүүхдийн мөнгийг энэ долоо хоногийн сүүлчээс эхлэн өгч эхлэх талаар албаны хүн мэдээлэл өглөө.
Тэд бидний тухай: Олон улсын томоохон хэвлэлүүд Монголын эдийн засгийн хямралыг онцолж байна
Шинэ засгийн газрын танхим бүрдсэнээс хойш буюу өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаж эхэлсэн. Төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх үеэр уг хөтөлбөрт манай улс хамрагдах нь нэгэнт тодорхой болчихоод байсан ч гэж болно.
Сүүлийн өдрүүдэд төр засгийн удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй шат дараалсан уулзалт хийж, Стэнд байн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрт хамрагдах шат дараатай бэлтгэл ажлуудын хүрээнд хэдэн хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан АНУ-ыг зорьсон билээ. Манай улсад үүссэн нөхцөл байдлын талаар гадны хэвлэлүүд нэлээд онцолж байна.
Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орж, Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж хүссэн тухай "Financial Times" сонин мэдээлжээ.Уг асуудлаар ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан баг энэ сарын сүүлээр Улаанбаатар хотноо ирж, Засгийн газартай хэлэлцээ хийхээр болсон байна.
Монгол Улс ОУВС-ийн "Стэнд Бай" хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааюм.
Мөн Монгол Улс Хятад улсад нийлүүлдэг нүүрс, зэс, алтны экспортоор эдийн засгаа сайжруулна хэмээн горьдлого тавьж байгаа ч түүхий эдийн үнэ энэ намар хамгийн доод цэгтээ хүрээд буй. Түүнчлэн тус улсын төсвийн алдагдал, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн зэрэг нь эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэснийг илтгэх болжээ.
Цаашид Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрч, ирэх онд тус улсын хувийн болон улсын өр хоёр тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Улсын нийт өр нь 23.5 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 12 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус улсын эдийн засгаас хоёр дахин их үзүүлэлт юм.
Үүнээс 8.4 тэрбум ам.долларыг Засгийн газрын өр эзэлж байгаа аж. Тус улсад нүүрлэж буй эдийн засгийн хүндрэл, дотоод валютын уналтын эсрэг Монгол Банкнаас арга хэмжээ авч бодлогын хүүг 4.5 хувиар өсгөөд байгаа юм.
ОУВС-ийн хөтөлбөр ирэх долоо хоногт Вашингтон хотод эхэлнэ гэж "Financial Times" мэдээлжээ.
Дэлхий дахинд: Аймшигт алан хядах ажиллагаа болно гэдгийг зөгнөлөө
Агуу зөнч Вангагийн цорын ганц залгамжлагч Каедэ Убер "Ойрын хугацаанд том, том алан хядах ажиллагаа дэлхийг донсолгож, асар олон хүн амь үрэгдэнэ" хэмээн зөгнөсөн байна. Тэрбээр хэлэхдээ "Дараачийн том алан хядах ажиллагаа Америкт болно. Олон хүнийг алж хөнөөнө. Маш их цус асгарч цусан далайд умбана. Энэ аймшигт үйл явдал 4 сарын дараа тохионо" гэж Каеде мэдэгджээ. Залуу зөнчийн ээж "Охин маань сүүлийн үед Ойрхи Дорнодын цагаачдаас үхтлээ айдаг боллоо. Тэд хаа сайгүй, сургууль дээр, хотод, улс даяар их олон байна. Арабууд үхэл авч ирнэ гэж охин маань байнга давтан хэлдэг" хэмээн ярив.
"АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа Хиллари Клинтон гүн стресст орчихсон байна. Энэ хүний дэргэд үргэлж эмч байж түүнийг эмчилдэг. Мөн Хиллари Клинтон өөр олон өвчтэй. Гэхдээ тэр энэ удаа ялж, Дональд Трамп ялагдана" гэж зөнч охин айлдлаа.