8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Тамир: Сингапурын хоёр дээд зэрэглэлийн ресторанд өөрсдийн программ хангамжийг борлуулж чадсан

2016-10-06 11:04:00

Сhuhal.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулан техник, технолгийн салбарт амжилт, ололтоор дүүрэн хөдөлмөрлөж яваа залуучуудтай уулзуулах гэж байна .Анхны дугаараар “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгч М.Тамиртай программ хангамж, мэдээллийн технолгийн салбарын ололт амжилт, GovTech цахим засгийн чуулганы талаар ярилцлага хийснийг хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө болон холбооны талаар танилцуулаач?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.  Намайг Жаргалсайханы Тамир гэдэг. Монголын Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний албан тушаалыг хашиж байна. Манай байгууллагын хувьд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагыг дэмжиж ажиллах, салбарт тулгарч буй асуудлыг нэгдсэн байдлаар төрд дамжуулах, гишүүнчлэлтэй байгууллага тул гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн цаашидаа программ хангамжийн чиглэлийг олон нийтэд танилцуулах ажлыг хийх болно.

-Монголд программ, хангамж, контент үйлдвэрлэлийг хэрхэн үнэлэж байна вэ, өндөр хөгжсөн орнуудад үнэлэмжийн асуудал хэр вэ?

-Монголд программ, хангамж, контент үйлдвэрлэлийн үнэлэмжийн асуудал сайн үзүүлттэй биш. Хаа сайгүй контентийн хулгай буюу оюуны өмчийн хулгай ил хэлбэрээр явагдаж байна. Тухайлбал телевиз үзэгчдэд албан ёсны зөвшөөрөлгүй киног үзэгчдэд шууд үзүүлж байна. Хэрэглэгч буюу үзэгчид үүнийг жирийн байдаг л зүйл мэтээр хүлээж авч байгаа нь харамсалтай.

-Оюуны өмчийн хулгайн асуудалтай хэрхэн тэмцэх вэ?

-Мэргэжлийн байгууллага, иргэд, төрийн оролцоо маш чухал. Санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулж,  тусалж, дэмжихээс илүүтэй хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Эс тэгвээс хулгайн контентийг хэрэглэгчид хэрэглэж, оюуны өмчийн асуудал хүнд байдалд байсаар л байх болно. Тиймээс эрх зүйн орчинг дэмжиж, үйлдвэрлэгчдэд таатай болгох, хэрэглэгчдэд илүү өгөөжтэй, нээлттэй, ил тодоор хүргэх шаардлагатай байна. Энэ ажлыг төр, холбоо, хэн нэгэн байгууллага дангаараа бус нийтээрээ хамтарч ажиллах нь зөв.

-Дотоод, гадаадын зах зээлд  хэрэглэгчдэд яаж оюуны бүтээлийг танилцуулж, үнэлүүлэх вэ?

-Дотоодод оюуны үйлдвэрлэлийн үнэлэмж бол харьцангуй доогуур түвшинд байна. Тиймээс оюуны бүтээл, өмч гэдгийг нийтээрээ мэдэж, ЕБС сурагчдад хүртэл энэ талаарх зөв мэдлэг олгох нь чухал байна. Бид дотоодод элэг нэгтнийхээ бүтээлийг үнэлэхгүй бол гадаадад үнэлүүлнэ гэж байхгүй. Гэхдээ дотооддоо тийм өндөр үнээр худалдаж, борлуулна гэсэн үг биш.

-Манай улсад сүүлийн үед Монгол залуучууд программ, хангамж, үйлдвэрлэлийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа. Өөрсдийн бүтээлээ олон улсад хэр танилцуулж чадаж байна вэ

-Сүүлийн үед “Start-Up” компаниуд хүч төрөн зах зээлд гарч байна. Энэ нь маш богино хугацаанд олон хэрэглэгчийг татаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулж, зах зээлд эрчтэй гаргах байгууллага юм. Монголын зах зээл жижиг, хумигдмал тул таниулах, гаргах боломжгүй болоод байна. Харин интернет энэ сул талыг давуу тал болгож, гадны томоохон улсуудад шууд гаргаж болж байна.

Тухайлбал Сингапурын хоёр дээд зэрэглэлийн ресторанд өөрсдийн программ хангамжийг борлуулж чадсан. “Болор Софт” компани өөрийн бүтээгдэхүүнээ Германд болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр амжилттай танилцуулсан.

-“Start-Up” болон программ хангамжийн төрлийн компаниудад санхүүгийн асуудал хүнд бэрхшээлтэй байна уу?

-Ер нь л бүх асуудлыг төрийн байгууллага руу нялзааж болохгүй. Харин үүний оронд төрөөс оюуны өмч, хууль эрх зүйн орчинг сайжруулж, хэрэгжилтэнд анхаарвал болж байна.

Хэрэв “start-up- төслийг хөрөнгө оруулж байгаа байгууллага нь үндэсний компани байх юм бол тухайн байгууллагыг татвараас нь чөлөөлж, хөнгөлөх тогтолцоо бий болгож болно. “Start-Up” гэдэг нь оюуны бүтээл үйлдвэрлэгчид шүү дээ.

 Тэднийг  хууль эрх зүйн орчинг сайжруулж, дэмжих хэрэгтэй.

-Энэ сарын 7-ны өдөр болох “Цахим засгийн чуулган”-ны талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай холбооны зүгээс “Govtech” арга хэмжээг зохион байгуулж байна. Засгийн газрын төрийн үйлчилгээ, мэдээ бүртгэлийг цахимжуулах тал дэр төрийн болон төрийн бус байгуулллага, албан хаагчидтай хамтран санал солилцох юм. Энэ арга хэмжээний зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд аль болох амар хөнгөнөөр хэрхэн шийдэж болох талаар хамтран зөвлөлдөх юм.

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, ТҮЦ машин зэрэг ажиллаж байна. Нэг үеийг бодвол амар хөнгөн болсон. Салбарын зүгээс  энэ ажлууд нь хэр хангалттай байна вэ?

-Мэдээж хийсэн бүхнээ үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ хангалтгүй байна. Ер нь төрийн үйлчилгээг 80 хувь хүртэл нь цахимжуулж, иргэдэд амар хөнгөн болгох  боломжтой.

Цаасан хэлбэрийг тэр чигт нь устгаж, софт хэлбэрээр буюу онлайн байдлаар шууд үзэх боломжийг бий болгох хэрэгтэй.

Энэ нь төрийн албан хаагчдын бүтээмжийг өсгөхөөс гадна иргэдийн цаг завыг хэмнэх олон давуу талтай.

-Төрийн үйлчилгээг яагаад цахимжуулах шаардлагатай вэ?

-Төр өөрийн бүх шатыг цахимжуулах албагүй. Харин шаардлагатай хэсгүүдэд цахимжуулсанаар иргэдэд хүндрэлгүй, ил тод, нээлттэй байлгах үүд хаалга нээгдэж байна.

-Программ хангамж, мэдээлэл технолгийн чиглэлээр ажиллаж буй хүмүүст анхаармаар зүйлс байна уу?

Ажилчдын ур чадварыг сайжруулж, адистетчлах шаардагатай байна. Тэгсэнээр төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн мэдээллийг найдвартай гарт хадгалуулж, ажлын бүтээмж дээшилж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтой болж байна.

- Чуулганд хичнээн хүн оролцохоор бүртгүүлсэн байгаа вэ?

-Чуулганд 58 байгууллагын 168 гаруй албан хаагчид бүртгүүлсэн байна. Чуулганы хөтөлбөр нь төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдад мэдээллийн технолгийн ирээдүйн чиг хандлага, төрийн үйлчилгээг цахимжуулах нь ажилчдад болон иргэдэд хэрэгтэй юу, мэдээлэл хадгалах, дамжуулах, солилцох талаар хамтдаа хэлэлцэж, санал бодлоо солилцоно. Үзэсгэлэн давхар зохион байгуулагдана.

-Дэлхийн хэмжээнд төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан газрууд бий юу?

-Дэлхийн хэмжээнд Англи, Австрали, Өмнөд Солонгос улс төрийн үйлчилгээг цахимжуулсан байдлаараа тэргүүлдэг. Тус чуулганаар үндэсний мэдээлэл технолгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй компани тэргүүлэх орнуудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, гадаад зах зээлд өөрсдийн бренд бүтээгдэхүүнийг таниулах шаардлагатай байна.

-Програм хангамж, үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганы үеэр ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Мэдээллийн технолгийн салбарынхан өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлж, засгийн газраас бизнесийн таатай орчин бүрдүүлнэ”гэсэн. Тэгвэл энэ байдал хэрхэн үргэлжилсан бэ, таатай орчин бүрдсэн үү?

-Тухайн үед тайзан дэр зээл авч хэрэгжүүлж буй компанийг гаргасан. Гэвч тийм ч удаан үргэлжлээгүй ээ. Бизнесийн таатай орчин гэхээсээ илүү хууль эрх зүйн орчинг сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал зээл хүсэхэд барьцаа болгож бодит хөрөнгө л хүсдэг. Харин гадны оронд оюуны бүтээлийг нь барьцаанд авч байна. Иймэрхүү байдлаар хууль эрх зүйн орчинг өөрчлөх шаардлагатай байна.

-Програм хангамжийн чиглэлээр бэлтгэдэг их дээд сургуулийн чанар хэр байна вэ?

-Олон их дээд сургууль мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэж байна. Гэхдээ хэн олон программчлалын хэл зааж, мэдэж байгаад бус мэргэшүүлэх тал дээр анхаармаар байна. Ажлын байранд хүн бүр чадна гэж ордог. Гэвч бодит байдал дээр өөр болж, мэргэшүүлж авдаг тохиолдолууд их байна.

-Өөрсдийн оюуны бүтээлийг дотоод, гадаад хэрхэн өндрөөр үнэлүүлэх вэ?

-Нэгдүгээрт бүтээгч буюу мэргэжилтэн сайн байх хэрэгтэй. Хоёрдугаарт хэрэглэгч өөрсдөө албан ёсны контентийг ашиглаж, сэтгэл ханамжийг мэдрэх хэрэгтэй. Манай улсад бүтээгч өөрөө бүтээлээ зарах гэж хөөцөлдөөд байхаар буруу ойлголт тарааж, бүтээлийн чанар буураад байна. Тиймээс бүтээлийг зарж, борлуулах өөр нэгэн хэсэг бүлэг ажилламаар байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэр ТҮЦ машин үнэхээр сайхан юм байна лээ,
2016/10/06 202.4.248.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment