Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Ийнхүү хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.
Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Улс эх орны ирээдүйтэй холбоотой онцлох явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Чухал үйл явдал:"Эрдэнэт"-ийн хувьчлал: Ц.Нямдоржийн Ц.Элбэгдоржид барьсан хариу
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийн хувьчлал болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Орон даяар шууд хүрсэн уг уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар хийсэн мэдэгдэлд няцаалт хийсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна. Уг уулзалтын дараахан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мөн Ерөнхийлөгчийн мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг хийжээ. Тэдний бие, биенийхээ эсрэг хийсэн мэдэгдлийг chuhal.mn онцолж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй
- “Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй. Нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий. “Эрдэнэт”-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ард гурван том бий гэсэн мэдээлэл гарсан. Өмнө байсан УИХ, Ерөнхий сайд өөрчлөгдсөн. УИХ-ын дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг дөрвөн томын нэг л дээ. Гурван томын оролцоо байсан гэдэг ч юм уу, янз бүрийн оролцоо байсан гэж би хувьдаа мэдэхгүй. Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй. Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан юм харагдаж байгаа. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр. Ц.Нямдорж намайг тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна. Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа нь буруу байсан. Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төр гэж харж байна. Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд харж байгаа.
Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл.
Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Бүх яамд, салбарын төвшинд хамтарч ажиллах байх, өмнөх уламжлалаа үргэлжлүүлэх байх гэж харж байна. “Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй. . энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Байр суурь: Засгийн газар “Стэнд бай”-г сонгосон нь зөв алхам уу?
Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болсон. Уг хөтөлбөрийн үр дагаврыг эерэг гэхээсээ илүү сөргөөр тайлбарлах нь их. Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрт ч болтугай хамрагдаж байж дефолт болсон эдийн засгаа сэхээнээс гаргах бодлого баримталж байгаа. Харин УИХ-ын гишүүд уг асуудлаар ямар байр, суурьтай байгааг Chuhal.mn сонслоо. Тэд Засгийн газрын уг сонголтод ямар дүн тавив.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого биш
Засгийн газраас “Манайх “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдъя” гээд л уг хөтөлбөрт шууд хамруулчихдаг юм биш. Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрт хамрагдах саналаа илэрхийлсэн гэж би ойлгосон. Валютын сангийн жилийн ээлжит хурал болдог. Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгч нар уг хурал руу явсан байгаа. Хэрвээ Монгол улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байна гэж үзвэл Валютын сангийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах ёстой. Валютын сангийхан Монгол улсын Засгийн газрыг үйл ажиллагаагаа ямар чиглэлд анхаарал хандуулж ажилла гэсэн шаардлага тавих нь вэ? Түүн дээрээ тохиролцоонд хүрч чадах уу гэдэг асуудал хамгийн чухал. Тэгэж чадсан тохиолдолд Валютын сангийн тавьсан шаардлагыг биелүүлж төсвийн зарлагаа танах, эдийн засгийнхаа тэлэлтийг хумиж чадна гэвэл ямар хэмжээний зээл авахаа тохиролцдог дүрэмтэй. Өнөөдөр бидэнд хоёр сонголт байна. Бүх зүйлээ танаад зөвхөн төсөвтөө захирагдаад эдийн засгаа агшааж, хувийн сектороо зогсоож, бүсээ чангалах уу эсвэл өмнөх шигээ хөгжлийн өөр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хайгаад эдийн засгаа идэвхжүүлэх үү гэдэг хоёр сонголт байна. Энэ Засгийн газрын бодлого ямар байхаас бүх зүйл хамаарна. Оруулж ирж буй төсвийн тухай хууль, төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөр арга хэмжээг нь харахад эдийн засгаа идэвхжүүлж, тэлье гэсэн бодлого харагдахгүй байна. Тэгэхээр яах аргагүй “Стэнд бай” хөтөлбөр рүү явъя гэсэн бодлогыг баримталж байгаа юм байна гэсэн зүйл харагдаж байгаа. Ингэснээр эдийн засаг агшина, чангарна. Нөгөөтэйгүүр төсвийн сахилга бат сайжирах сайн тал бий. Би бол сөрөг талыг нь илүү харж байгаа. Өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого мөн үү, үгүй гэдгийг сайн бодох хэрэгтэй.
Миний хувьд өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого биш. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Чухал ярилцлага: Ж.Тамир: Сингапурын хоёр дээд зэрэглэлийн ресторанд өөрсдийн программ хангамжийг борлуулж чадсан
Сhuhal.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулан техник, технолгийн салбарт амжилт, ололтоор дүүрэн хөдөлмөрлөж яваа залуучуудтай уулзуулах гэж байна .Анхны дугаараар “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгч М.Тамиртай программ хангамж, мэдээллийн технолгийн салбарын ололт амжилт, GovTech цахим засгийн чуулганы талаар ярилцлага хийснийг хүргэж байна.-
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө уншигчдад өөрийгөө болон холбооны талаар танилцуулаач?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Жаргалсайханы Тамир гэдэг. Монголын Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний албан тушаалыг хашиж байна. Манай байгууллагын хувьд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагыг дэмжиж ажиллах, салбарт тулгарч буй асуудлыг нэгдсэн байдлаар төрд дамжуулах, гишүүнчлэлтэй байгууллага тул гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн цаашидаа программ хангамжийн чиглэлийг олон нийтэд танилцуулах ажлыг хийх болно.
-Монголд программ, хангамж, контент үйлдвэрлэлийг хэрхэн үнэлэж байна вэ, өндөр хөгжсөн орнуудад үнэлэмжийн асуудал хэр вэ?
-Монголд программ, хангамж, контент үйлдвэрлэлийн үнэлэмжийн асуудал сайн үзүүлттэй биш. Хаа сайгүй контентийн хулгай буюу оюуны өмчийн хулгай ил хэлбэрээр явагдаж байна. Тухайлбал телевиз үзэгчдэд албан ёсны зөвшөөрөлгүй киног үзэгчдэд шууд үзүүлж байна. Хэрэглэгч буюу үзэгчид үүнийг жирийн байдаг л зүйл мэтээр хүлээж авч байгаа нь харамсалтай.
-Оюуны өмчийн хулгайн асуудалтай хэрхэн тэмцэх вэ?
-Мэргэжлийн байгууллага, иргэд, төрийн оролцоо маш чухал. Санхүүгийн асуудалд анхаарлаа хандуулж, тусалж, дэмжихээс илүүтэй хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Эс тэгвээс хулгайн контентийг хэрэглэгчид хэрэглэж, оюуны өмчийн асуудал хүнд байдалд байсаар л байх болно. Тиймээс эрх зүйн орчинг дэмжиж, үйлдвэрлэгчдэд таатай болгох, хэрэглэгчдэд илүү өгөөжтэй, нээлттэй, ил тодоор хүргэх шаардлагатай байна. Энэ ажлыг төр, холбоо, хэн нэгэн байгууллага дангаараа бус нийтээрээ хамтарч ажиллах нь зөв.
-Дотоод, гадаадын зах зээлд хэрэглэгчдэд яаж оюуны бүтээлийг танилцуулж, үнэлүүлэх вэ?
-Дотоодод оюуны үйлдвэрлэлийн үнэлэмж бол харьцангуй доогуур түвшинд байна. Тиймээс оюуны бүтээл, өмч гэдгийг нийтээрээ мэдэж, ЕБС сурагчдад хүртэл энэ талаарх зөв мэдлэг олгох нь чухал байна. Бид дотоодод элэг нэгтнийхээ бүтээлийг үнэлэхгүй бол гадаадад үнэлүүлнэ гэж байхгүй. Гэхдээ дотооддоо тийм өндөр үнээр худалдаж, борлуулна гэсэн үг биш. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.
С.Эрдэнэ вангийн хүү Э.Ганболор нэр дэвшиж байна
Өнгөрсөн 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн гэр бүл, хамаатан садан, жолооч, бие хамгаалагч гээд нийт 14 хүн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн талаар тухайн үедээ хэвлэл мэдээлэлээр шуугиж байсан. Тодруулбал, С.Эрдэнийн хүү Э.Ганболор наймдугаар хороонд, эхнэр Н.Нинжбадгар нь 20-р хороонд, хүргэн Г.Энхболд нь хоёрдугаар хороонд, охин Э.Содгэрэл нь намын жагсаалтаар дэвшиж байсан билээ. Харин энэ удаагийн сонгуулиар С.Эрдэнэ вангийн хүү Э.Ганболор 1-р тойрогт дахин нэр дэвшиж байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа бол УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан мөн л нэр дэвшиж байгаа энэ үед С.Эрдэнэ ван хүүгээ бас сойжээ.
Чухал сэрэмжлүүлэг: Жолооч нарын анхааралд...
Оросоо хэмээх фэйсбүүк хэрэглэгч өөрийн хуудсандаа өөрт тохиолдсон нэгэн зүйлийн талаар бичиж олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Тэрбээр "Приус 20" машин намхан тул өндөр өвстэй газраар хавар, намрын улиралд явахад бензиний банк орчимд хуурай өвс хуримтлагдаж байгаад яндан халж оч үсэрч уугиад ердөө наймхан минутад бүрэн шатдаг юм байна. Иймд та бүхэн хөдөө явж байхдаа галын хортой явахаас гадна байнга зогсож банк орчимдоо хуримтлагдсан өвсийг авч байх хэрэгтэй юм байна шүү!!!" хэмээн сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Ялангуяа приус автомашинтай хүмүүс үүнийг анхаараарай.
Чухал томилгоо:П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ийн захирлаар томиллоо
Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын томилгоог энэ сарын 3-ны өдөр хийсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилж, тэрээр ажлаа хүлээн авсан байна. Ж.Хичээнгүй нь өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаал хашиж байсан юм.
Чухал сэрэмжлүүлэг:“Мустанг-5” мотоциколтой осолдож жалга руу унаж нас баржээ
Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд 100 орчим хүн нас барж, мөн төдий хэмжээний хүн бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдах байдал гарсаар байна. Өчигдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан баг “Чиса” гэх газар тус багийн харьяат Х улсын дугааргүй “Мустанг-5” мотоциколтой осолдож жалга руу унаж нас баржээ. Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
Танин мэдэхүй: Сансар огторгуйг тольдохуй
Өнөөдрийн фото мэдээгээр Трифид, Лагоон, Ангараг гарагийн талаар сонирхолтой зургийг НАСА агентлагийн астрономичын тайлбарын хамт хүргэе. Тус гарагийг анх 18 дугаар зуунд Францийн астрономич Чарлез Мессиер нээсэн бөгөөд зургийн зүүн дээд болон голд Лагоон болон Небула гараг харагдаж байна. Лагоон гарагт хүрэх хугацаа 5000 гэрлийн жилийн зайтай аж.Мөн зургийн доод хэсэгт жижиг шар биет нь Ангараг гараг ажээ хэмээн вебсайтдаа мэдээлжээ.