8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн медальтнуудыг “Хангарьд” одонгоор шагналаа

2016-10-09 11:00:00

Бразил улсын Рио Де Жанейро хотод болсон зуны олимпын 31-р наадмаас медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр Нийслэлийн хамгийн дээд шагнал болох “Хангарьд” одонгоор шагнав. 

Олимпын наадмаас Гавъяат тамирчин Д.Сумъяа мөнгө, ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн бол  паралимпийн 15 дахь удаагийн наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн. Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулсан тамирчдын хүч, хөдөлмөрийг өндрөөр үнэлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хангарьд” одон гардууллаа. 

НЗД С.Батболд “Хангарьд” одонгоор шагнагдсан тамирчиддаа баяр хүргээд цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй “Хангарьд одонг бид тухайн жилийн хамгийн их амжилт гаргасан, хүндтэй хүмүүст гардуулдаг. Тамирчдаас анх 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдад гардуулж байсан. Мөн 2012 оны Лондонгийн олимпийн медальт тамирчдад олгосон. Цаашдаа спортын салбар, тамирчдыг дэмжихэд анхаарах болно” гэлээ. 

РИО-2016 зуны олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай “Би 2014 оны Инчоны Азийн наадамд түрүүлээд ирэхдээ “Нийслэлийн хүндэт тэмдэг”-ээр шагнуулж байсан. Өнөөдөр энэхүү хүндтэй одонгоор шагнуулж байна. Бидний хүч, хөдөлмөрийн өндрөөр үнэлж байгаа НИТХ болон НЗДТГ-ын хамт олонд баярласнаа илэрхийлье” гэв. 

Мөн Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Э.Содномпилжээ “Нийслэлийн хамгийн дээд шагналаар шагнуулсанлаа баяртай байна. Тамирчин бидэнд их урам зориг өглөө" хэмээв. 

Тамирчдыг амжилт гаргахад төрийн дэмжлэг хамгийн чухал гэдгийг Паралимпийн наадмын хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү онцлоод, "Бидний амжилтын ард маш том баг, хамт олны хүч хөдөлмөр байдаг. Энэхүү шагнал ч тэдний хөдөлмөрийг үнэлж байгаагийн нэг хэлбэр юм" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment