8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин Амараагийн эгч ТНБД болсон талаар хөгжмийн зохиолч Н.Халиун ингэж байр, сууриа илэрхийлжээ

2016-10-22 10:15:00
Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан томилогдсон. Б.Баярсайхан нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд "Ийгл" телевизийн анхны эмэгтэй захирлаар ажиллаж байсан юм. Мөн Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд "Амин медиа" группийн ерөнхий захирлаар ажилладаг. МҮОНТ-ийн “Өглөө”хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежер, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан, туршлагатай аж. 
 
Тэгвэл Б.Баярсайханыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон талаар хөгжмийн зохиолч Н.Халиун өөрийн цахим хуудсаар дамжуулан байр, сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр "Нэг сургууль хамт төгссөн найз маань Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албаны уралдаант шалгалтанд амжилттай оролцон тэнцсэн талаар сонсоод маш их бахархлаа.Бид Багшийн сургуулийн хөгжмийн ангийн төгсөгчид. Хэдийгээр Баяраа маань энэ мэргэжлээрээ удаан ажиллаагүй ч энэ сургуулиас авсан урлагийн боловсрол нь түүний аливаа ажлынх нь амжилтын насан туршийн суурь болж өгдөгт эргэлзэхгүй байна. Манай хөгжмийн ангийн төгсөгчид ч энэ тухай батлан хэлж бахархаж явдаг. Багшийн сургууль бол 1921 онд байгуулагдсан Монголын хамгийн анхны сургууль юм. Багшийн сургуульд хөгжмийн анги гэж байсан бөгөөд дунд сургуулийн хөгжмийн багш нарыг бэлтгэдэг байсан. Төгөлдөр хуураас эхлээд л үндэсний хөгжим бүрээ бөмбөр хүртэл бараг бүх хөгжмийг тоглуулж сургана. За тэгээд сурган хүмүүжүүлэх ухаан,сэтгэл судлал, заах арга зүй, найрал дуу, хөгжмийн онол, хөгжмийн дуурьсахуйн (гармони) ухаан, найрал дуу оркестр удирдаач энэ тэр гээд л олон хичээлүүд ар араасаа ордог байжээ. Бүжиг дэглэлтийн хичээл хүртэл орно(миний дургүй хичээл:-))...Багш хүн бүхнийг мэдэх ёстой гэдэг зарчмаар биднийг бэлтгэж байгаа нь тэр. Сонирхолтой нь багш бэлтгэдэг манай сургуулиас урлагийн төрөл бүрийн жанр, мэргэжлийн алдартнууд мөн төрсөн байдаг юм. Сонгодог бол сонгодог, рок бол рок, найруулагч, дуучид, хөгжимчид, бүр урлаг, театрын менежерүүд хүртэл шүү.Нөгөө л бидний бахархан дурдах дуртай Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билигжаргал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Ц.Сангидорж, Д.Цэцэрлэг, Б.Бямбабаяр, Т.Сэр-Од зэрэг Төрийн Шагналт, Гавьяатуудыг нэрлээд байвал олоон олон. Гэхдээ сургуулийн маань үндсэн мэргэжлийн бүтээгдэхүүн болох олон арван хөгжмийн багш нар мянга мянган хүүхэд багачуудыг хөгжим, дуу, урлагаар дамжуулан хөгжүүлж, хүмүүжүүлж яваад нь би хувьдаа их бахархдаг юм. Харамсалтай нь 90-д оны дунд үеэс энэ урлагийн том уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг тухайн үеийн боловсролын яамнаас гаргасан юм. Одоо цаг үе өөр болж ерөнхий боловсролын сургуулийн хөгжим, урлагийн боловсролд шинэчлэл шаардлагатай болжээ. Шинэ үеийн Л.Галмандах, С.Батболд, Х.Галхүү...нарыг төрүүлэхэд Багшийн сургуулийн хөгжмийн салбарын үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг онцолмоор байгаа юм. Энэ сургуульд тухайн үедээ суралцаж, дуулж хөгжимдөн гүйж явсан найзын минь дотор энэ бодол үе үехэн орж ирдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Хийж бүтээх төрийн их ажил, боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээндээ Багшийн сургуулийн хөгжмийн салбарын үйл ажиллагааг шинэчилсэн зохион байгуулалт, менежмэнттэйгээр эргүүлэн сэргээж нээнэ гэдэгт найдаж байна. Монгол хүүхдийн урлагийн боловсрол Япон, Солонгос, Герман зэрэг бусад өндөр хөгжилтэй орны хүүхдүүдийн хэмжээнд хүрэхэд хөгжмийн багш нарын нөр их хөдөлмөр, оролцоо асар чухал гэдэгтэй Баяраа маань өөрөө багш мэргэжилтэйн хувьд санал нийлэх биз ээ" гэж бичжээ.
 
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ми
Сайхан бичжээ
2016/10/22 103.229.121.52