4o
Улаанбаатар хот
mobile menu

Бүдүүн гэдэсний үрэвслийг хэрхэн эмчлэх вэ

2016-10-23 14:21:35

Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг анагаах ухаанд колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг.

Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь цөөнгүй тохиолдолд нарийн гэдэсний үрэвсэл (энтероколит) ба ходоодны үрэвсэлтэй (гастрит) хамссан байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл дотроо янз бүр байна. Үүнд: шархлаат (гэдэсний ханан дээр шархлаа үүснэ), халдварт (өвчин үүсгэгч бичил биетнээр үүсгэгдэнэ), цус хомсдлын  (гэдэсний цусан хангам муудах), эмийн, туяаны гэх мэт.

Шалтгаан

Бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Гэдэсний халдвар (цусан суулга,салмонеллез ба бусад)

  • Цөсний хүүдий ба нойр булчирхайн халдварын голомт

  • Хэд хэдэн антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх (жишээ нь: линкомицин),

  • Гэдэсний цусан хангамж алдагдах (настай хүмүүст ажиглагддаг),

  • Зөв бус хооллолт (хоолондоо гурилан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, хурц хоол  ба архи хэрэглэх, нэг янзын хоол тогтмол хэрэглэх)

  • Гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдах

  • Хоолны харшил

  • Цагаан хорхой

  • Хар тугалга ба хүнцэл /мыщьяк/ зэргийн хордлого,

  • Удамшил

    Түүнээс гадна бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэхэд сэтгэл санааны дарамт, биеийн хүчний хүнд ажил, өдрийн зохисгүй дэглэм зэрэг нь нөлөөлдөг.

Явц

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвсэл нь гэдэсний салст бүрхүүлийн гэмтлээс үүдэлтэй байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл гэдэсний халдвараар үүсгэгдсэн бол хурц, хүнд хэлбэрээр явагддаг. Бактери ба шимэгч хорхой (жишээ нь: амеб) гэдэсний салст  бүрхүүл дээр бэхлэгдэхдээ  гэмтээдэг. Үр дүнд үрэвсэл бий болно. Гэдэсний хана хавагнан, хэвийн агшилт нь алдагдана. Хүндээр бие засахад өвдөнө. Гэдэс базлан өвдөж, заримдаа цус, салстай өтгөн гарна. Хэвлийгээр өвдөнө. Бактерийн гаргасан хор цусанд орсноор халуурна. Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед гэдэсний хананы цусан хангамж алдагдах,  зохисгүй хооллолт, хоолны харшил зэрэг бусад шалтгааны улмаас салтс бүрхүүл гэмтдэг.

Шинж тэмдэг

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвслийн үед хэвлийгээр өвдөх шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэдэс хуржигнах, дүүрэх шинж илэрч болно. Өтгөн гадагшлуулалт нь гүйлгэх, хатах зэргээр тогтвогүй байна. Өтгөн салслаг, цустай гарах нь ч бий. Бие сулрарч хүнд тохиолдолд халуурна. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоног  хүртэл үргэлжилнэ, харин архаг үрэвсэл нь түүнээс ч урт үргэлжилнэ.

Оношлогоо

Бүдүүн гэдэсний үрэвслийг ходоод гэдэсний эмч, бүдүүн, шулуун гэдэсний эмч оношилно. Мэргэжилтнүүд зовиурыг сонсон, үзлэг хийгээд, дараа нь шинжилгээ хийлгэнэ.

Юуны өмнө өтгөний шинжилгээ өгөх ба түүгээр гэдэс зөв ажиллаж байна уу, эсвэл гэдэсний халдвар байгаа эсэхийг тодорхойлно. Бүдүүн гэдэсний үрэвслийн оношлогоонд дараах шинжилгээг хэрэглэдэг, үүнд:

  • Ирригоскопия. Урьдчилан гэдсийг тодотгогч бодисоо дүүргэн рентгенд харах.

  • Ректоманоскопия. Ректоскоп гэдэг тусгай багажийг хошногоор гэдэс рүү 30 см хүртэл оруул хардаг.

  • Колоноскопия. Ректоманоскопитой адилхан ч  1 метр хүртэл харна.

Дээр дурдсан шинжилгээнүүдийг хийлгэхийн өмнө гэдсээ цэвэрлэх, хоолны дэглэм барих зэргээр эмчийн зөвлөгөөний дагуу биеэ бэлдэх шаардлагатай.

Мөн эмч хэвлийн эрхтний чанд авиан шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бүдүүн гэдэсний бүх төрлийн үрэвслийн эмчилгээ нь хоолны тусгай дэглэм баримтлахаас эхэлдэг. Цаашдын эмчилгээ нь өвчинг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Жишээлэхэд, халдвараар үүсгэгдсэн бол антибиотик хэрэглэнэ, удаан хугацаанд эм хэрэглснээс болсон бол эмийг хасна.

Удаан хугацаагаар үргэлжилсэн бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээнд эмийн, нөхөн сэргээх, сэтгэл засах зэрэг цогц хийнэ. Рашаан сувиллын эмчилгээ сайн нөлөөтэй байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment