8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Зам, даваа цасанд боогдож, ЦЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан өдөр

2016-10-24 19:00:00

Эрч хүч дүүрэн шинэ долоо хоног эхэлж байна. Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног дуусаж, сайн сайхны эхлэл мэт шинэ долоо хоног эхэлж байна. Та өнөөдөр товлосон ажлаа бүтээж амжуулсан биз дээ. Ирээдүйн сайн, сайхан амьдралын эхлэл өнөөдөр, яг энэ цаг мөчид эхлэх учраас ажил үйлс бүхнээ төлөвлөж ажиллаарай. Гэхдээ таньд зөвлөхөд:

Аз жаргалын харгуй тул
Хайр сэтгэлд цаг гарга
Ариун хишиг нөхөрлөлийнх тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг буянд цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гаргаарай.  Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон мэдээлэлээр дүүрэн ажлын өдрийн
Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Аль нам, хаана ялалт байгуулав

Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болж өнгөрсөн ч ирц хүрээгүйн улмаас нэмэлт санал хураалтыг өчигдөр дахин зохион байгууллаа. Уг асуудлаар Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн нэгтгэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар танилцууллаа. Уг сонгуульд аймгууд 63.2 хувь, нийслэлийн дүүргүүд 56.3 хувийн ирцтэйгээр оролцсон байна. Харин улсын хэмжээнд сонгогчдын ирц 60.3 хувьд хүрчээ. Урьдчилсан дүнгээр нийт 331 сумын 215-д МАН, 87-д АН олонхи болсон байна. Мөн Төв аймгийн 11 суманд АН-МАХН Төв нутаг эвсэл ялалт байгуулсан бол Дундговь аймгийн Өндөршил сумын 15 мандатын 9-д нь бие даагчид олонхийн санал авчээ.

Аль нам хаана ялалт байгуулав 

Архангай аймгийн 19 сумын 12 суманд МАН, 7 суманд АН олонх болжээ 

Баян-Өлгий аймгийн 13 суманд МАН олонх болсон байна

Баянхонгор аймгийн 20 сумын 14 суманд МАН, зургаад нь АН олонх болжээ 

Булган аймаг 16 сумын 11-д нь МАН, гурван суманд АН, хоёр суманд нь дахин санал хураалт явагдана

Говь-Алтай аймаг 18 сумтай. Үүнээс 13-т нь МАН, хоёр суманд АН, гурван суманд нь дахин санал хураалт явагдахаар болжээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Ц.Мөнхцэцэг: СЕХ-ноос сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх, боловсролыг нь дэмжих чиглэлээр юу ч хийсэнгүй

Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйн улмаас өчигдөр нэмэлт санал хураалтыг нийт 135 тойрогт явууллаа. 1996 оны сонгуульд нийт санал өгөгчдын 98 хувь нь сонгуульдаа оролцдог байсан гэдэг. Гэтэл сүүлийн үед иргэдийн санал өгөх идэвх сонгуулиас сонгуулийн хооронд муудаж буй нь олон нийтийн толгойны өвчин болж байна гэж хэлж болно. Тэгвэл иргэдийн санал өгөх идэвх муудаж буй шалтгаан болон сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар улс төр судлаач, МУБИС-ийн багш, Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

 Энэ жил аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулсан нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ач холбогдлыг бүр бууруулчлаа

- Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйн улмаас дахин сонгууль зохион байгууллаа. Сонгууль болох бүрт иргэдийн санал өгөх идэвх толгой өвтгөсөн асуудал болж буй шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ? Ер нь яагаад иргэдийн идэвх ингэж буураад байгаа юм бол?

- Сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурч байгаа нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ардчиллын өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа. Жил ирэх тутам хүмүүс улс төрөөс хүнийсч улс төрийн жагсаал цуглаан, сонгуульд оролцох нь багасч байна. Либераль ардчилсан орнуудын сонгогчдын оролцооны дундаж нь 60 хувьтай байна. Баруун Европын нэлээд оронд сонгуулийн ирц дөнгөж 50 хувь шүргэж байна. Ийнхүү сонгогчдын оролцоо буурч байгаа нь олонхийн санал дээр тулгуурладаг ардчилсан засаглалын мөн чанарыг алдагдуулахад хүргэх аюултай юм. Тийм учраас дэлхий даяар сонгогчдын оролцоог дэмжихэд чиглэсэн кампаничилсан арга хэмжээ, хууль зүйн зохицуулалтууд хийгдэж байна. Монгол улсын хувьд сонгогчдын оролцоо буурах үзэгдэл бүх шатны сонгуульд байнга ажиглагдаж байгаагаас хамгийн бага оролцоотой нь орон нутгийн сонгууль болж байна. Монгол Улсын түүхэнд анх удаа 2008 онд нийслэлийн 3 дүүрэгт, 2012 онд нийслэл болон Дархан-Уул, Орхон аймгийн нэлээд хэсгийн хороодод ирц хүрээгүй учраас нэмэлт сонгууль явуулж байлаа. Орон нутгийн сонгуульд иргэд идэвхгүй оролцож байгаа гол шалтгаан нь иргэдийн дунд орон нутгийн хурлын байгууллагын үйл ажиллагааг дутуу үнэлэх, орон нутгийн сонгуулийг үл тоох явдал юм. Энэ байдал нийслэлийн сонгогчдын дунд илүүтэй байдаг нь судалгаанаас харагддаг. Иргэд орон нутгийн хурал гэхээс илүү Засаг дарга, УИХ-ын гишүүнд асуудлаа хэлж, өргөдөл гомдлоо шийдүүлэх эрмэлзэлтэй байдаг.

- УИХ, НИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулсан нь нь орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг бууруулсан гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

- Тийм. Энэ жил аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулсан нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ач холбогдлыг бүр бууруулчлаа. Манай Улс төрийн коммуникацийн хүрээлэнгээс сонгуулийн өмнөхөн төвийн 4 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэгт хийсэн олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгээс харахад хөдөөгийн сонгогчидтой харьцуулахад нийслэлийн сонгогчид УИХ-ын сонгуулийн үеэрх намуудын ухуулга сурталчилгаанаас залхсан байдалтай, орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдсан. Энэ байдал нь мөн 18-35 насны залуу сонгогчдын бүлэгт харагддаг. Сонгогчдын оролцоонд нөлөөлж буй дараагийн нэг хүчин зүйл бол сонгогчийн бүртгэлийн систем. Зөвхөн тухайн оршин сууж буй газраа байнгын бүртгэлтэй иргэд л орон нутгийн сонгуульд саналаа  өгөх ёстой. Гэтэл хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн газар авч байгаагийн улмаас хотод шинээр суурьшиж буй иргэдийн нэлээд хувь нь дүүрэг, хорооноос зөвшөөрөл өгөөгүй “задгай” хэмээн нэрлэгдэх газарт бууж иргэний үнэмлэхээ албан ёсоор шилжүүлж чадаагүй байдаг нь сонгуульд үл оролцох нэг шалтгаан болдог. Мөн нийслэлд түр хугацаагаар оршин суугч гэж тооцогддог оюутнууд болон улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг хүмүүс сонгуульд оролцохгүй завсарддаг томоохон бүлэг болж байгаа юм. Зарим иргэдийн хувьд байраа түрээсэлсэн, өөр дүүрэгт шилжиж очсон боловч албан ёсоор тухайн хороондоо бүртгүүлээгүй гэх мэт шалтгаанаар сонгуулиа өгөөгүй тохиолдлууд байдаг. 

- Ирц хүрэхгүй байгаа шалтгааныг иргэдийн улс төрд итгэх итгэлтэй холбон ярих хүмүүс байна?. Та үүнтэй санал нийлэх үү?

- Сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнгүүд иргэдийн улс төрийн албан тушаалтнууд болон улс төрийн намд итгэх итгэл буурч, улс төрөөс хүнийсч байгааг харуулдаг. Хэдий тийм боловч сонгуульд нийтээр оролцохгүй байх хүртлээ иргэдийн итгэл унасан гэвэл бодит байдалд нийцэхгүй. Тодорхой цөөн сонгогчдын хувьд улс төрийн намд итгэх итгэл алдарсны улмаас сонгуульд оролцохгүй байх, бойкот хийсэн байх магадлалтай. Гэхдээ энэ нь маш бага хувь эзэлж байгаа. Харин зарим улс төрчид “Төр засгийн бодлогыг эсэргүүцсэндээ олон хүн сонгуульд оролцсонгүй, засгийн газрыг огцруулах хэрэгтэй” гэх мэтээр сүржин мэдэгдэл хийж байгаа нь ташаа зүйл. Хэрэвзээ сонгогчдын 50-иас дээш хувь нь ийм шалтгаанаар сонгуулийг бойкотолсон бол дээрх мэдэгдэл үнэн байх магадлалтай. Гэвч тийм биш юм.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Цагдаагийн бие бүрэлдэхүүн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд өндөржүүлсэн  бэлэн байдалд ажиллаж байна. Учир нь сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр болсон. Харин өнөөдөр техникийн тооллого хийж буй юм. Маргааш буюу аравдугаар сарын 25-наас эхлэн Цагдаа нар хэвийн ажиллаж эхлэх аж.

Б.Мөнгөнтуяагийн гомдлыг пүрэв гаригт хэлэлцэнэ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Засгийн газрыг өөрийнх нь хохирлыг шаардсан юм. Тэгвэл  тус нэхэмжлэлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-ны өдөр буюу ирэх пүрэв гарагийн 11.00 цагт болохоор товлогджээ. Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, хилсээр зургаан сар хоригдсон, хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон  даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм. 

Дэлхий дахинд

АНУ, Мексикийн хооронд хар тамхи зөөвөрлөдөг нууц хонгилыг илрүүлжээ

АНУ болон Мексикийг холбосон хар тамхи зөөдөг хонгил Тихуана хотын мөсний үйлдвэрийн барилга дотроос олджээ. Гадна талдаа жирийн нэг үйлдвэр шиг харагдах энэ барилга Мексикийн Тихуана хотын нисэх онгоцны буудлын замын доохон талд, Мексикийн Холбооны цагдаагийн газраас холгүй оршдог ажээ. Мексикийн албаны хүмүүс энэ хонгилын талаарх мэдээллийг нэрээ нууцалсан нэгнээс хүлээн авчээ. Уг хонгилын нэвтрэх хаалгыг олохын тулд цэргүүд болон цагдаа нар барилгыг бүсэлсэн байна. Бажа Калифорни мужийн Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газрын эх сурвалж San Diego Union-Tribune сонинд ярьснаар бол, дөрвөлжин хуванцар уутнуудад боосон мариухан олдсон байна.

Хил дамнасан хонгил байгааг илрүүлсэн гэж АНУ-ын Цагаачлал, гаалийн алба мэдэгдсэн боловч хонгилын талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц болон түүнд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс илүү нарийн мэдээлэл өгөхгүй боломжгүй гэж тус байгууллага мэдэгджээ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд хил орчмын газруудад хар тамхи зөөвөрлөдөг ийм төрлийн 75 хонгил байсныг илрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Тихуана хотоос Сан-Диего хот хүрэх 730 м урт хонгилыг илрүүлжээ. Энэ хонгилын дотор талд цахилгаан шат болон төмөр зам байжээ.

Хүн төрөлхтөн "Зомби" болж байна

Анх 2015 онд АНУ-ын Флорида мужид шинэ төрлийн хар тамхийг олон нийт хэрэглэж,зохисгүй авир гаргаж, олон нийтийн дунд аюул заналхийлэл учруулаад байсан билээ. Энэхүү шинэ төрлийн хар тамхийг "Флакка" хэмээн нэрлэдэг бөгөөд Флорида, Техас, Охио мужид эрэлттэй байгаа талаар сурвалжлагчид олон нийтэд дэлгэжээ. Тус хар тамхийг хэрэглэсэнээр зохисгүй авир ихээр гаргаж, нийгэмд буруу хандлагыг тогтоож байна. "Флакка" хар тамхинд ордог бодис нь өргөн хэрэглээний хоол хүнс, гоо сайханы бүтээгдэхүүнд агууллагддаг хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа юм. 

"Флакка"-г ямар бүтээгдэхүүнээр хийдэг вэ?

Катион, ампетамине зэрэг химийн нэгдлээс "Флакка" бүтдэг бөгөөд эдгээр бодис нь зарим тохиолдолд баннын давсанд агуулагддаг аж. Гэвч 2011 оноос ДЭМБ-аас тус бодисыг баннын давс болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хийхгүй байхыг сануулж, хориглож байсан ч АНУ-ын бүс, муж нутгууд нь өөрсдийн хуулиар хязгаарлахгүй бол хэрэглээ тасрахгүй гэдгийг "Бизнесс инсайдар" веб сайтад мэдээлсэн байна.

Тэд хүний бие болон амьд организмд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эрдэмтэд "Флакка" хар тамхийг кокейнтэй ижил төрлийн хэмээн үзэж байна. Гэвч харьцангуй шинэ төрлийн донтуулагч бодис тул эрдэмтэд хүний биед хэрхэн, яаж нөлөөлдөг талаар судлаагүй байна. Эдгээр химийн нэгдлүүд нь хүний зүрх,судас, тархины үйл ажиллагааг идэвхтитэй байлгаж, даралтыг өндөр байлгадаг бөгөөд хэрэглэсэн тохиолдолд биеэ удирдах чадваргүй болж, өөрийгөө болон бусдад уурлах, гэмтээх, хүний амийг хүртэл авах тохиолдол гарч байна. Эрдэмтдийн онцолж буйгаар биеийн темпратурыг өндөр хэмд хүргэж, бөөр, булчингийн сулралтай болгож байгаа аж.

"Флакка " хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна

"Форбес" сэтгүүлийн сэтгүүлч Роберт Глаттер-ийн нийтэлсэнээр "АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны судалгаагаар өнгөрсөн жил буюу 2015 онтой харьцуулахад Флакка хар тамхи хэрэглэгчдийн тоо  780 хувиар өссөн үзүүлэлт гарчээ" гэв. 

Нийтийн тээврийн салбарт 300 мянган америк долларын дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын төлөвлөлт, нийтийн тээврийн ухаалаг үйлчилгээ чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн ажиллаж нийтийн тээврийн салбарын ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо. Дэлхийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен “Бид танай хотын тээврийн асуудалтай холбоотой тулгамдаад байгаа хэд хэдэн асуудал дээр хамтран ажиллаж өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцаж дэмжин ажиллах саналтай байна. Манай баг сүүлийн гурван жил Улаанбаатар хоттой хамтран ажиллаж хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа. Дэлхийн банк нь дан ганц санхүүжүүлэхээс гадна тус салбарын ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж өөрсдийн төслийн үр дүнг сайжруулах тал дээр байнга анхааран ажилладаг. Дэлхий ихэнх улсууд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод нээлттэй тавьдаг болсон. Энэ нь нийтийн тээврийн ажилчид болон зорчигч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулж илүү хялбар болгож өгдөг. Бид энэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжид 300 мянган ам долларын хөрөнгө оруулалт шийдээд байна. Энэ танай улсад буцалтгүй тусламж хэлбэрээр үлдэнэ гэлээ.

Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн тээврийн салбарт олон олон төслүүдийг бид судлан үзэж байна. Мөн нийтийн тээврийн асуудал гэдэг нь дан ганц автобусаар зогсохгүй такси үйлчилгээ ч орж байгаа юм. Бид автобус, таксины үйлчилгээг сайжруулах иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж өгөхийн тулд анхааран ажиллах хэрэгтэй байна. Олон улсын байгууллагуудтай бид хамтран ажиллах сонирхолтой байдаг. Учир нь хөндлөнгөөс манай нийтийн тээврийн салбарт шинэ санаа, шийдэл,  шинэчлэл, боломжуудыг харж дүгнэж Монголд суурьшиж болох оновчтой шийдвэр гаргахад илүү хялбар болох байх гэж найдаж байгаа юм. Та бүхний хийж хэрэгжүүлэх төслийн үр дүн, ажлын зорилгоо тодорхой болгож байж ажлаа эхлүүлэх нь зүйтэй. Энэ уулзалтыг санал солилцох төдий бус тодорхой ажил болгон хэрэгжүүлж үр дүнг нь хүртэх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн байна.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл