8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хэрлэн голын гүүр цөмөрч, Сөнөөгч онгоц газардсан өдөр

2016-10-26 18:40:00

“Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй” гэх сайхан үгтэйгээр эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" булангаа хүргэхэд бэлэн боллоо. Намрын адаг сар шувтарч та, бид өвлийн эхэн сартай золгох мөч ойртсоор л. Хүйтэн сэрүүний улиралд ханиад, томуу ихэсдэг учраас та бүхэн эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг энэ далимд зөвлөе. Мөн маргаашнаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч цасан шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур орчны шинжилгээний  хүрээлэнгээс анхааруулж байна. Тиймээс эрхэм уншигч та бүхэн маргааш гадуур гарахдаа дулаан хувцсаа өмсөөрэй. 

Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллаж байна

2016 оны 10 сарын 24-ний оройн 21 цагаас эхлэн Нийслэл хотод хур тунадас орсон бөгөөд авто замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэхээс урьтаж, Хот тохижилтын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 22 цагт тусгай зориулалтын тоноглогдсон хоёр машин, шөнийн 03 цагт нэмэлтээр долоон машин тус тус гаргаж, нийт 56 тн бодис цацаж ажиллалаа. Ингэхдээ хариуцдаг авто зам болон халтиргаа, гулгаа ихтэй гудамж, уруу, өгсүүр замууд, мөн Замын Цагдаагийн Газрын дуудлагаар доорх замуудад бодис цацав. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Яармагийн товчоо, Энхтайваны гүүр, Богд уулын арын зам, Нисэх,  Яармагийн  зам, Их тэнгэрийн ам, Засгийн газрын ордны хоёр тал, Нүхэн гарц, 32-с хойш, Долоон буудал, Дөлгөөн нуур, Төв шуудан, Багшийн дээд, Гадаад хэргийн Яам, Олимпын гудамж, Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчоо, Баян хошууны өгсөж  урууддаг зам, Ард Аюушийн гудамж, Чингүүнжав, Хасбаатарын гудамж, Нарны гүүрний  өгсөж урууддаг зам, Туннель, Цайз, Шар хадны гудамжнуудад цас хайлуулах бодис цацлаа. Тус газрын Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгчид хариуцсан зам талбайнхаа явган хүний замын цасыг шүүрдэж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллаж байна. 

Ц.Мөнх-Оргил: Надад тийм их хэмжээний өр байхгүй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би гурван асуудлаар мэдэгдэл хийнэ. Нэгдүгээрт, АТГ-аас гаргасан миний хөрөнгө орлогын мэдүүлэгт намайг MCS компанид 18 тэрбумын өртэй гэсэн мэдээлэл гарсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд надад тийм их хэмжээний өр байхгүй. УИХ-д нэр дэвшихэд болон сонгогдоход мөн сайд болоход ч байгаагүй. Харин 2013-2016 оны тавдугаар сар хүртэл ийм өртэй байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг МCS холдингоос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд 75 хувийг нь зээлээр авсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил аль нэгэн компаниас бэлнээр эсвэл шилжүүлгээр өөрийнхөө дансаар мөнгө аваагүй гэсэн үг. Манай гэр бүлийн хүн хувьцаа зээлээр худалдаж авсан учраас санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн. Нэгэнт санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн учраас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнана. Бид өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуульд оролцохынхоо өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар хөрөнгө, орлогоо тайлагнасан. Тэгэхээр энэ зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцааж шилжүүлэх гэрээ байгуулаад буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа. Хоёрдугаарт, Намайг орон байргүй гэсэн. Надад 2000 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн нэг байр байгаа. Тэр байраа энэ удаа ч мөн тайлагнасан. АТГ-ынхан миний байрыг хөрөнгө, орлогын мэдүүлэгт маань бичих гэж байгаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн өнөөдөр албан бичиг ирүүлсэн. Удахгүй залруулга хийнэ гэсэн. Гуравдугаарт, Гадаад харилцааны сайд болсноосоо хойш намайг замбараагүй их улс төрийн томилгоог хийлээ гэсэн мэдээлэл их гарч байгаа. Би үүнд тайлбар өгөхөд, манай гадаад харилцааны яам 13 хэлтэс газартай. Үүнээс зургаан газрын дарга нь ажлаа хэвийн хийж байгаа. Долоо нь солигдсон. ГХЯ-ны онцлог нь дипломатууд байнга шинээр ажилд томилогддог. Тэр газраасаа буцаад төвдөө ирж ажилладаг учраас манай газар хэлтсийн дарга нар 3-4 жилийн зайтай солигдож байдаг. Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажлаа хийсээр л байгаа” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

БЗД-т сонгуулийн маргаан дэгдэж, жагсаал болж байна

АН-ын ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт сонгуулийн маргаан үүсчээ. Тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан зургаан хүний жагсаалтыг хасах тогтоолыг гаргасаныг эсэргүүцсэн жагсаал Баянзүрх дүүргийн Тамгын газрын гадаа болж байна. Жагсагчид Тамгын газрын гадаа хэвтэж, цаашид тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдээд байна.  Баянзүрх дүүрэг нийт 41 мандаттай. Үүний 19-ыг нь МАН-ын нэр дэвшигчид авч, 22 суудалд нь АН-ынхан ялалт байгуулсан гэх мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас өгөөд байгаа юм. Гэтэл АН-ын зургаан нэр дэвшигчийг хассаныг тус намын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж ийнхүү жагсаж байгаа аж. 

Онцлох 30 ишлэл: Ч.Сайханбилэг, Ц.Нямдорж нар “Эрдэнэт”-ийн асуудлаар юу гэж хэлэв

Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцлээ. Уг хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьчлалыг шалгасан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэж байсан ч тодорхой хууль зөрчсөн асуудлуудыг бус иргэдийн дунд яригдаж буй зүйлүүдийг л хэлэлцсэн юм. Мөн тус хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхоны хамтаар оролцсон. О.Орхоны хувьд “Эрдэнэт”-ийн Оросын талын 49 хувийг хувьчилж авсан хувийн хэвшлийн захирал юм.Ингээд хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн компанид хувьчилсаныг хүчтэй эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн довтолгоо болоод Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хамгаалалт ямар байсныг тэдний хэлсэн үгээр онцлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ

  1. О.Орхон их том байна аа.  Мундаг байна ш дээ геополитик яриад. Хамгаалалтад мундаг байгаа учир энд аархаад байна эд нар. Их л галзуурч байна даа та нар. Олон хавар нэгэндээ гэдэг үг байдаг юм даа. Ард түмэн та нарыг дийлнэ ““Худалдаа хөгжлийн банк”-ийг ярихаа болъё тэгэх үү ч гэх шиг. Пүрэвтүвшин манай хүн байх аа больсон” гэж хэлж байна.
  2. Эд нар банкны хадгаламжийн мөнгөөр тоглож байна. Нэг гартаа банкны гүйцэтгэх захирал гэх албан тушаалтай. Нөгөө талдаа хулхи компанитай. Хадгаламжин дахь мөнгийг хулхи компани руу гаа шахдаг. Тэгээд луйвараа хийдэг. Улс төрчдийг лоббиддог.
  3. Хятад, Монгол, Орос гурван улсын Ерөнхийлөгчийг зогсоож байгаад наадах дээрээ гарын үсэг зуруул гэсэн даалгаврыг Ч.Сайханбилэг өгсөн байна шүү дээ.
  4. Санхүүгийн болон төрийн захиргааны төв байгууллагын саналыг аваагүй гэдгээ Ч.Сайханбилэг сая хэлчихлээ.
  5. Ажлын хэсэг гарч энэ санхүүгийн луйвар, улс төрчдийн лоббиг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Үүний дараа энэ банкны асуудлыг ярина.
  6. Эрдэнэбилэг гэдэг хүнээ гаргаж ирээд энэ хурал дээр авчрах хэрэгтэй. Яасан их нуугддаг юм. Монгол улс Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ.
  7. Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна. Юунд нь нуугаад байгаа юм та нар.
  8. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг юм болж байна. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал бишээ. Монгол түмний амьдралын хэв маягийн асуудал яригдаж байна.
  9. Энэ мафийн бүлэглэл Монгол төрийн толгойд сууж хүссэн бүхнээ хийх үү гэдэг асуудал яригдаж байна.
  10. АНУ-ын арилжааны банкууд ингэж ард түмэн, газар нутгаа цөлмөж байна уу хардаа та нар.
  11. Сүхбаатарын талбайн урд хэсгийг эдний эзэн нэг компани байгуулж байгаад авчихсан. Тэр компанийн өрөөнд очихоор хүн байдаггүй.
  12. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг бас энэ компанийн эзэн авч байгаа. 3.4 км зам тавьж байгаа. Үүнийгээ жилийн дотор эргүүлээд төрд зарж байгаа. Зарах ч биш шахаж байгаа. 500 сая долларын баталгааг энэ компанид гаргаж өгч байгаа.
  13. Эрдэнэт үйлдвэрийг зарсан тухай жүжгийг О.Орхонд зориулж хийсээр байгаад дууссан.
  14. Ч.Сайханбилэгийн яриаг сонсоод нэг зүйлд их гутарлаа. Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор Засгийн газартай байсан юм байна гэж. Ч.Сайханбилэг “Би чадахгүй байсан чинь эд нар яваад хийчихсэн” гэж ярьж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

319 иргэний хилийн хоригийг цуцалжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд санал дүгнэлтээ танилцууллаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан тус Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулан ажиллав. Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн талаарх судалгааг хийж санал дүгнэлт гаргажээ. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191, нийт 5582 иргэн бүртгэлтэй байсан бол ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын298 иргэн, гадаадын улсын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлажээ.

Сэрэмжлүүлэг: Эрэгтэй хүний шатсан цогцос олдлоо

Баянгол дүүргийн 20-р хорооноос өчигдөр шатсан цогцос олдсон байна.  Уг цогцос хэн болох, хэд орчим насны хүн болох нь одоогоор тогтоодоогүй байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Уг хэрэгтэй холбоотой мэдээллийг  мэдэж байгаа хүн байгаа бол цагдаагийн байгуулагад хандана уу. 

Мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг саатуулжээ

Энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны хорооллын ...р байрны зогсоолд мөнгөн ус зарж байсан этгээдийг цагдаа нар илрүүлсэн байна.  Хэргийг газар 30 настай эрэгтэй Э, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 34 настай эмэгтэй Х, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 33 настай эрэгтэй Н, Баянгол дүүрэгт оршин суух 46 настай эрэгтэй Н нар "Nissan teana" автомашинаар 15кг мөнгөн ус тээвэрлэж явсан  байна. Эд мөрийн баримтаар 100гр-ын хуванцар савтай 13ш буюу 15кг мөнгөн усыг хурааж, авчээ. 

Чингис хаан нисэх онгоцны буудалд зургаан сөнөөгч онгоц газарджээ

Чингис Хаан Олон улсын нисэх буудалд  "Русский Витязи" агаарын аеробатикийн багийн “Миг-29” гэх зургаан сөнөөгч онгоц газарджээ. Мөн “Ил-76” гэх ачаа тээврийн нэг онгоц газардсан байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, эдгээр онгоцууд шатахуунаа цэнэглэхээр Улаанбаатарт газардсан. "Русский  Витязи" буюу ОХУ-ын агаарын шоу үзүүлбэрийн баг арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны өдрүүдэд БНХАУ-ын Зухай хотноо болох Нисэх хүчний шоунд оролцохоор явж байгаа нь энэ юм.

Хэрлэн голын гүүр цөмөрчээ

Дорнод Хэрлэн сумын “зүүн цементэн гүүр” буюу Хэрлэн голын доод төмөр бетон гүүр хоёр хэсэг газарт цөмөрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул гүүрийг энэ сарын 25-31-нийг хүртэл түр хаажээ. Энэ хугацаанд уг гүүрийн засвар арчлалт хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм. Гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусчээ. Орон нутгийн зүгээс гүүрийг шинэчлэн засварлах шаардлагатай талаар Зам тээвэр, хөгжлийн яаманд мэдээлэл, судалгааг явуулж байсан аж. 

"Samsung Electronics"-ийн эсрэг зарга тасрахгүй байна

"Galaxy Note 7" гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан уг гар утсыг зах зээлд борлуулж, худалдаалахыг зогсоосон. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд Samsung Electronics-ийн эсрэг нийтдээ 527 хүн зарга мэдүүлж, нөхөн төлбөр болгон хүн бүрт 500 мянган вон олгохыг шаарджээ. Хэрэглэгчид "Note 7" маркийн гар утсыг солиж, өөр утас өгөх явдлыг эсэргүүцэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн эрх зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлж байна. Албаны эх сурвалжын үзэж буйгаар хэрэглэгчид зарга мэдүүлэх нь цаашид улам өсөх хандлагатай байгааг онцоллоо. Хэрэв Монгол улсын иргэн та "Note 7" гар утсыг худалдан авч, гэмтэл гарсан тохиолдолд тухайн байгууллагийн хэрэглэгчидтэй харилцах газарт санал, гомдолоо хүргүүлэх бүрэн боломжтой аж. 

Ахмад настан, алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлт олгоно

Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй. Ахмадуудад лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх явуулын үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээтэй дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрийн ажлыг хэрэгжүүлэхэд 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөв.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ нийтлэлийг уншаад үзэхэд Нямдорж гишүүний яриа ортой бололтой, Сайханбилэг ерөнхий сайд уг нь УИХ-даа нэг оруулаад олонхи байхдаа хүчээрээ шийдчихсэн бол өнөөдөр ингэж базуулж суухгүй л байсан да
2016/10/26 49.0.191.250