7o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Оюунтулга: Бид гайхамшигтай түүхтэй ч дэлхий нийт сайн танихгүй байна

0000-00-00 00:00:00

Сайн байна уу? Эрхэм хүндэт уншигчдаа ажлын долоо хоног дуусаж, баасан гарагийн өглөө айлчлан ирлээ. Энэ долоо хоногт улс орон дэлхий даяар сонин содон үйл явдал дүүрэн байлаа. Өнөөдрийн онцлох ярилцлагын буландаа дэлхий дахины эв нэгдэл, энх тайвны билэгдэл болсон Олимпийн зуны наадамд сайн дурын ажилтнаар ажиллаж, гар бие оролцсон Д.Оюунтулгатай Монголын аялал жуулчлалын салбар, олимпийн наадмын талаар сонирхолтой ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. 
-Энэ өдрийн мэнд хүргэе. Эхлээд уншигчдад өөрийгөө танилцуулаач 
-Намайг Д.Оюунтулга гэдэг, 26 настай. Глобалсмарт Сольюшн ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.
-Таныг анх фэйсбүүк-ийн "Дэлхийгээр аялагчид групп" дэр Рио-2016 Олимпйийн наадамд сайн дурын ажилтанаар ажилласан гэсэн постыг харсан. Чөлөөт цаг, зав гарвал аялахыг эрхэмлэдэг үү?
- Ер нь бол чөлөөт цаг, зав гарвал яг өөрийн юу хийхийг хүсэж байна, түүнийгээ л хийхэд зориулдаг. Тэрнээс биш ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй байна гэсэн үг биш. Миний сэтгэл зүрх юу хийхийг хүсэж байна, түүнийг л хийдэг хүн дээ. Аялахын тухайд хувиараа гэхээс илүү ажлын шугамаар ихэнхдээ явах шаардлагатай болдог. Ихэвчлэн Япон, Солонгос улс руу явдаг. Гадаадад удаан ажиллаж, амьдарсан хүмүүсийн хувьд Монголд ирэхээр энэ, тэр хэцүү байна гээд байдаг. Надад лав тэгэж санагддаггүй. Азийн орнууд бие, биенээсээ ялгараад байх гоц гойд зүйл байхгүй. Мэдээж Монголтой харьцуулахад дэд бүтэц сайн хөгжсөн харагддаг.
-Гадаад орнуудад аялахад төвөгтэй санагддаг зүйл бий юу? 
-Байгаа. Монголтой харьцуулахад гадаад орнуудад хүн амын хөдөлгөөн их, яаарч сандарч алхсан хүмүүс маш их байдаг. Азид аяласан аялагчид мэднэ дээ.Нээх тийм сүртэй “culture shock” буюу соёлын шоконд ороод байдаггүй.Харин сүүлд өмнөд Америк тивийн Бразил улсын хувьд их сонирхолтой санагдсан. 
-Монголчуудын дунд гадаадад очиж, амьдарч, аялах нь бүхэлдээ сайхан мэтээр боддог. Монголоос мянга дахин дээр ч гэх нь бий. Тэгвэл та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер нь хүмүүсийн дунд нэг тогтсон хандлага, төсөөлөл байдаг байх л даа. Тэнд очвол сайхан юм шиг. Гэхдээ яг үнэндээ сүртэй тийм их ялгаа байхгүй. Хүмүүс найдлага болон төсөөлөлөөс шалтгаалан соёлын шоконд ордог байх. Тухайлбал гадаад орнуудад явж байхад замын хөдөлгөөний дүрэм их сайн барьдаг. Явган хүний ногоон гэрэл ассан л бол машин гарцны зураасаас наана зогсож, явган зорчигчидоо гаргадаг. Манайд бол зарим тохиолдолд тулаад зогсдог гэх мэт... 
-Анх яагаад “Рио 2016” зуны олимпийн сайн дурын ажилтанаар ажиллах болов оо. 
-Би 2014 онд Олимпийн албан ёсны пейж хуудсыг дагаж байсан санагдаж байна. Улмаар Олимпийн наадамд ажиллах сонирхолтой сайн дурын ажилтанаа шалгаруулж байна. Бүртгүүлнэ үү гэсэн зүйл нийтэлж байсан. Энэ үед сонирхолтой санагдсан. Шинэ зүйл хүсэж бүртгүүлсэн дээ. Томоохон спортын үйл ажиллагаанууд, оролцох сайн дурын ажилтанаа хэд хэдэн шалгуураар 2 жилийн турш шалгаруулж авч байсан. Эхний шалгалт нь англи хэлний мэдлэг шалгаж, 10-11 хүнтэй багаараа интернетээр ярилцлага өгч, санал бодлоо хуваалцаж бичих даалгавар байсан. Хэрэв сонгогдсон гэж мэдэгдэл ирвэл нэмэлт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулдаг.  
-Сургалтын давуу тал юу байв. Яагаад сайн дурын ажилтанаа сургахад бүх анхаарлаа хандуулдаг юм болоо.
-Энэ ярьж байгаа бүхэн минь миний бодол л доо. Олон улсын том хэмжээний тэмцээнд оролцогчид дунд олон төрлийн янз бүрийн соёл, харилцаатай хүмүүс байдаг. Зөвхөн Монголчууд байна гэсэн үг биш. Сургалтанд сууснаар ядаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцаж, ярилцах талаар заавар зөвөлгөө өгч байсан. Ер нь бол том хэмжээний тэмцээн бүрт “Глобализм”-ийн асуудал яригддаг. Тиймээс зохион байгуулаххорооноос нэг бүрчлэн хүн бүрт зөвөлгөө өгсөн. Сургалтын төлбөр байхгүй.   
-Таны хэлсэнчлэн Бразилд байхад соёлын шоконд орсон гэсэн. Яагаад, юунд ингэж гайхширах болов оо. 
-Монгол болон бусад томоохон орнуудтай харьцуулахад Бразилчууд дэндүү чөлөөтэй, өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс шиг санагдсан. Онгоцны буудлаас буухад бол нээх тийм өөр, онц гойд зүйл ажиглагдаагүй ээ. Анх онгоцноос буухад Олимпийн наадамд ямар ч бэлтгэлгүй юм шиг санагдсан. Уур амьсгал ороогүй, зурагт самбар гэх мэт юу ч харагдаагүй. Зарим газраараа хог, шороотой байх нь харагдсан. Харин Копакабана далайн эргийн орчимд уур амьсгал орчихсон, хаа сайгүй зурагт хуудас, баярын уур амьсгалтай байсан. 
-Бразил хүмүүс хэр элгэмсэг, зочломтгой дотно хүмүүс байсан бэ?
-Бразил хүмүүс мөнгийг амьдралын гол утга учраа болгож, явдаггүй юм шиг санагдсан. Манайхан өртэй хэрнээ бие биенийхээ дээр гарах дуртай хүмүүс. Харин тэд байгаагаараа байж, хүнийг хүнээр хүлээж авдаг нь сайхан санагдсан. Бразилийн гудамжаар явахад ерөөсөө бүгд ижил төрлийн сандал, шорт, цамц өмссөн байх жишээтэй. Би өөрийн ачаандаа ботинк авч явсан гэтэл яг үнэндээ тэнд өмсвөл би тэднээс хэт содон болох гээд байгаа юм шиг санагдсан. Гоё, ганган харагдах нь тэдний зорилго биш амар тайван, эрх чөлөөтэй аж төрөх нь тэдний амьдралын гол утга учир шиг санагдсан. 
-Бразил болон Монгол хүмүүс хоорондоо ижил үү ялгаатай юу?
-Ер нь бол ижил төрлийн хүмүүс шиг санагдсан. Япончууд ямарваа нэгэн ажил хийхдээ алхам бүрийг шинжилж, судалж, нягталж, төлөвлөдөг. Харин Бразил хүмүүс “болно доо” “бүтнэ дээ” гээд аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийдэг юм шиг. Ер нь шалгалт өгөхдөө сүүлийн хоёроос гурван хоногт бэлдээд өгдөг шиг гэсэн үг /инээв/. Гэхдээ үр дүнд нь бүх хүчээ зориулан хийгээд дуусгасанд байдаг. 


-Бразилд очиход өөрийн байрлах газраа хэрхэн сонгосон бэ?
-Тухайн үед сайн дурын ажилтнуудад зориулсан 70.000 орчим хүнтэй фэйсбүүк группд элсүүлсэн юм. Тэнд сайн дурын ажилтан гишүүд өөрсдийн санал бодлоо хуваалцаж, байрлах байраа хайж байсан. Харин би өөрийгөө танилцуулаад, өөрт тулгарч байсан нөхцөл байдлаа хэлэхэд нэгэн Бразил залуу туслаж, Гил гэх эрхэмтэй танилцуулж, тэднийд хэдэн өдөр амьдрахаар болсон. 
-Таны бодлоор Монголд дэлхий хэмжээний тэмцээнийг зохиох боломж, бололцоо хэр байна вэ? 
-Монголд дэлхий хэмжээний тэмцээн болдог. Гэхдээ яг өөрсдийнхөө орны гоё сайхныг харуулж чадахгүй л байна. Ер нь тэмцээний шугамаар ирсэн зочид, тамирчид нэгдсэн байдлаар автобусанд яваад цөөн хэдэн газар яваад дуусчихдаг.

Миний бодлоор оролцож байгаа тамирчид нээх чухал биш харин тэднийг дагаж ирж байгаа жуулчдад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байх. Тэгэж байж бид аялал жуулчлалаас мөнгө босгох боломжтой. Аялал жуулчлалын салбарт менежменттийн асуудал их дутмаг байна.


-“Рио-2016” олимпийн наадамд ямар хэсэгт нь ажиллаж байв.
-Миний хувьд “Мариа Ленк Акуатик Центр (Maria Lenk Aquatic Centre)” стадионд хэвлэл мэдээллийн ажилтанг хариуцсан хэсэгт ажилласан. Энэ стадионд голдуу усан спортын төрлийн тэмцээн болж байсан. Ер нь бол олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажилласан. 
-Бразилд зуны олимпийн наадмын үеэр нийгэм улс төрийн байдал, “Зика” вирусын дэгдэлтийн асуудал байсан. Энэ тамирчдын сэтгэл зүйд нөлөөлсөн болов уу?
-Ер нь бол дэлхий хэмжээний наадмыг зохион байгуулахад хариуцлагатай хандах хэрэгтэй. Намайг очих үед Бразил улсын нийгэм, улс төрийн байдал харьцангуй тайван байсан. Олимпоос өмнө Зика вирус дэлгэрсэн нь асуудал байсан бөгөөд энэ нь улс төрийн асуудлаас өөр. Олон улсын тамирчид зика вирус дээр анхаарлаа хандуулж байсан. Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс Бразилд өвлийн улирал болж байсан тул өвчлөл гарах магадлал харьцангуй буурсан гэж мэдээлж байсан. Тухайлбал Бразилийн өвлийн улиралд өдөртөө нэмэх 20-25, шөнөдөө нэмэх15-18 груадусын дулаантай. Монголын зуны цаг агаартай ижил.Тиймээс ирснийхээ дараа зикад нээх анхаарлаа хандуулахаа больсон юм уу даа...


-Бразилчууд Монголын талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байсан бэ? 
-Бразилчууд Өмнөд Америк тивд оршдог.Ер нь бол манай улсаас маш хол, тив дамнан байрладаг гэсэн үг. Тиймдээ ч мэдлэг, мэдээлэл дутмаг байж, биднийг болон манай орны тухай мэдээлэл муутай. Бидний омогшиж, хайрлаж, хүндэтгэдэг Их эзэн Чингис хааныг маань хүртэл сайн мэддэггүй юм байна лээ. Тэр үед дотроо Бразилд байрладаг манай элчин сайд, консулын газар муу ажиллаж байна гэж дүгнэсэн дээ.
-Тийм гэж үү. Монголчуудын талаар ерөөсөө мэддэггүй гэж үү?
-Тиймээ юу ч мэддэггүй юм байна лээ. Бид өөрсдийгөө босоо заяат Монголчууд хэмээн цоллож, өөрсдийн түүх, соёлоороо бахархаж, дэлхийн талыг эзэлж байсан гэж ярьдаг. Мэдээж энэ үнэн. Гэтэл үнэн хэрэгтээ тэнд байгаа хүмүүс үүний тухай юу ч мэдэхгүй байсан.

Үүнээс харахад бид нэгдэж, нийлж эх орноо хөгжүүлж, чаддаг зүйлээрээ Бразил байтугай дэлхийн бүх оронд өөрсдийнхөө нэрийг гаргаж, дуурсгах хэрэгтэй. 200 сая хүн нэгдээд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан. Тиймээс бидэнд яг өнөөдөр юу байна вэ гэдгээ бодох хэрэгтэй. 


-Танаас гадна өөр Монгол сайн дурын ажилчид байсан уу? 
-Байсан надтай нийлээд дөрвүүлээ байсан. Гэхдээ яг бид дөрөвт уулзах зав байгаагүй. Нөгөө гурав маань Монголын үндэсний багийг тэр чигт нь хариуцаж ажиллаж байсан. Би ч завгүй байгаад таараагүй.
-Бразилийн олимпийн наадмаас танд үлдсэн хамгийн дурсгалтай зүйл юу вэ?
-Мэдээж ажлын дүрэмт хувцас байсан. Бүхэлдээ энэ том үйл явдлын гэрч, гар бие оролцсон гэх сэтгэгдлэл надад хамгийн үнэтэй байсан.  
-Дэлхийн аялал жуулчлалын нөхцөл байдалтай өөрийн орны аялал жуулчлалын байдлыг харьцуулаад дүгнэн хэлвэл. 
-Дэлхийн аялал жуулчлалын нөхцөл байдал сайн гэж бодож байна. Ядаж англи хэл дээр хаана байгаа газрын талаар мэдээлэл агуулсан самбар байдаг. Харин Манайд хотын төвийн гудамжаар жуулчдад зориулсан хаяг, самбар цөөн. Аялал жуулчлалыг дагасан менежментийн систем хангалтгүй байна. Үндэсний гэх тодотголтой хоолны газрууд цөөн, явъя гэхээр жуулчдын татсан онцгой гойд цэнгээний газар, зочид буудал гэх мэт газрууд дутмаг байна. Хөдөө аяласан тохиолдолд хог, ариун цэврийн өрөөний асуудал наад зах нь тулгарч байна.
-Таны цаашдаа хаагуур аялахаар зэхэж байна вэ?
-Одоогийн байдлаар жилдээ нэг удаа шинэ соёл, цоо шинэ орчноор аялахыг эрхэмлэж байна. Миний хувьд Азийн орнуудаас Энэтхэг улсаар аялах төлөвлөгөө байна. Өмнөд Америк тивээс Перу, Аргентин гэх зэрэг явахаар зэхэж байна. Мэдээж ойрын 2 жил дотроо Бразил дахин явах санаатай байгаа. 
-Гадны соёл ийм сайхан байна гээд ярихаар хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
-Сошиал медиа хэрэгсэл бол хүмүүсийн дайралтаар дүүрэн санагддаг. Тэр сайхан, энэ гоё гээд яривал муу хүн болно, гадны соёлыг тахин шүтэгч болчихдог талтай. Манайхан бас энэ байдлаасаа татгалзах хэрэгтэй. Мөн манай улс аялал жуулчлалын томоохон сайт болох lonelyplanet.com-д 2017 онд заавал очиж үзэх ёстой 10 орны тоонд багтсан шүү дээ. Бид магадгүй хандлагаа өөр болговол дагаад бүх зүйлс цэцэглэн хөгжиж, улс эх орны нөхцөл байдал сэргэх юм шиг санагддаг. 

-Ярилцсанд баярлалаа.  

chuhal.mn
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment